Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2016/07055/И |
Дугаар | 102/ШШ2016/05472 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2016/05472
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2016/05472 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, шүүгч З.Доржнамжин, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 13-143 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Болдбаатарын Жавхлантөгс /РД-ФА85112229/-ийн,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 39-12 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн зүүн талд Сайханбулганы 54 дүгээр байрны өргөтгөлд үйл ажиллагаа явуулж буй Өү Жи Юу ХХК-д холбогдох
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,901,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн түүний өмгөөлөгч Ш.Оюумаа /шүүхэд төлөөлөх эрх-0596/, хариуцагч Өү Жи Юу ХХК-ийн захирал Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жавхлантөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сард Өү Жи Юу ХХК-ийн Үжиндент эмнэлэгт шүдээ үзүүлж байхдаа Көүч брендийн 2,900,000 төгрөгөөр авсан өвлийн куртикээ алдсан. Тухайн үед тус компани нь угтаж авдаг сувилагчтай байсан. Үжиндент эмнэлгийн эмч Б.Ганцэцэгт куртикны үнийг төлж барагдуулахыг олон удаа шаардсан боловч сүүлдээ хэл амаар доромжилсон.
Тэр үед би анхны хүүхдээ дутуу гаргаж алдаад удаагүй, сэтгэл санааны хүнд байдалтай байсан учир дээд боловсролтой эмч Б.Ганцэцэгт маш их гомдож байсан.
Баянгол дүүргийн цагдаагийн газарт энэ талаар гомдол гаргасан боловч хуулийн хугацаа дууссан иргэний журмаар нэхэмжил гэсний дагуу иргэний журмаар нэхэмжилсэн боловч, Э.Ганцэцэг нь ямар нэгэн өө хайж, эрүүгийн шугамаар шалгагдаж дуусаагүй байгаа гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ингээд хэргийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн газарт очиж шалгуулахад 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгох прокурорын 552 дугаар тогтоол гарсан байсан.
Иймд дахин харьяаллын дагуу шүүхэд хандаж байна. Энэ эмнэлэг нь өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг, намайг ингэж хохироох байгууллага биш гэж үзэж байна.
Би куртик алдсаны дараа өвлийн куртик шаардлагатай учир Бээжин явж 10,476 юань буюу 3,247,560 төгрөгөөр куртик худалдан авсан.
Иймд олон удаа куртик олж өгөх, авч өгөхийг шаардаж өгөхгүй болохоор өөрөө мөнгө төгрөг гаргаж байж Хятад Улс руу явж куртиктэй болсон юм. Куртикний үнэ 3,247,560 төгрөг, замын зардал 654,240 төгрөг, нийт 3,901,800 төгрөгийг Өү Жи Юу ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Жавхлантөгс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: В.Жавхлантөгс миний бие Өү Жи Юу ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзах болсныг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өү Жи Юу ХХК-ийн өмгөөлөгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Өү Жи Юу ХХК-ийн захирал, ерөнхий эмч. 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Жавхлантөгсийн шүдийг эмчилж дуусаад гарч ирэхэд куртик алга болсон байна гэж Б.Жавхлантөгс хэлсэн.
Тухайн үед Хонгконгоос 1 сарын өмнө авсан, энэ оны шинэ загварын 2,000,000 төгрөгөөр авсан куртик гэсэн. Энэ дагуу Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад 1 сарын өмнө аваагүй, түрүү жил нь өмсөөд явж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож, Көүч брэндийн жинхэнэ куртик гэдэг нь нотлогдоогүй.
Улмаар миний бие Көүч брендийн албан ёсны веб сайт руу орж үзэхэд тэр куртикний оригинал нь 418 ам.доллар буюу 800,000 төгрөгийн үнэтэй байсан. Ингэж байнга худлаа хэлж байсан нь оригинал куртик байсан тал дээр эргэлзээ төрүүлсэн.
Энэ хугацаанд манай эмнэлэг дээр удаа дараа ирж бусдын өмнө миний нэр төрд ноцтой халдаж ахилыг авсан хүүхэн, луйварчин, хулгайч, хатаж үх гэх зэргээр харааж, манай хоёр ах цагдаа, аав цагдаа, ээж өмгөөлөгч гэх зэргээр дарамталж, намайг болон манай ажлын хамт олныг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсанд маш их гомдолтой байгаа бөгөөд нэр төрөө сэргээлгэх болно. Эдгээр үйлдлүүд нь бүгд бичлэг болон хадгалагдсан байгаа.
Мөн түүний ээж болох өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Жавхлантөгс нар 2016 оны 2 дугаар сард эмнэлэг дээр ирж 3,000,000 төгрөг өгөхгүй бол шүүхэд өгч, шүүхийн шийдвэрээр хүчээр данснаас чинь 4,000,000 төгрөг гаргуулах болно, бид өөр шинэ куртик авсан гээд алга болсноос огт өөр куртик өмсөж ирж, хуулийн мэдлэггүй, энгийн хүнийг далимдуулан сүрдүүлсэнд нь гомдолтой байгаа бөгөөд өмгөөлөгч Ш.Оюумааг өмгөөлөгчийн ёс зүйн хороонд өгөхөө мэдэгдэж байна.
Энэ хооронд гүтгүүлж, хэл амаар доромжлуулж, сэтгэл санааны үлэмж их хохирол амссан минь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болно гэж найдаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жавхлантөгс нь Өү Жи Юу ХХК-иас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,901,800 төгрөг шаардан нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч Б.Жавхлантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б.Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй, Өү Жи Юу ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Н.ХАНГАЛ
|