Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05474

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05474

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хандгайтын 42 дугаар гудамжны 517 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Будгэрэл /РД-УШ89031359/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ-3-2 дугаар байрны 10 тоотод оршин суух, Жонон овогт Баянжаргалын Батзаяа /РД-ИД78120719/-д холбогдуулан гаргасан,

Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,850,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Будгэрэл, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-0505/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Будгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Батзаяатай 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан, Хэнтий аймгийн Чингис хотод 928 хүүхдийн дунд сургуулийн А блокийн гадна болон дотор шаврын ажлыг хийх, 1 м.кв талбайг 4000 төгрөгөөр, нийт 2200 м.кв талбайг шавардахаар, ажлын хөлсөнд 8,800,000 төгрөг авахаар тохиролцсон. Ингээд бид урьдчилгаа авалгүйгээр ажлаа хийж эхлээд 20 хонож байтал компанийнх нь захирал н.Аюуш ирж танай ажил удаашралтай байна, бид өөр хүмүүс ажиллуулах боллоо, та нар хийсэн ажлын хөлсөө манай инженерээр бодуулж аваарай гэж хэлсэн. Бид шаардлагыг хүлээн авч мөнгөө авах гэсэн боловч одоогоор бэлэн мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш 7 дугаар сарын 09-ний үед үлдэгдэл мөнгөнөөс 1 сая төгрөг, түүнээс хойш 1,500,000 төгрөг тус тус өгсөн. Энэ мэтээр цувуулж авсаар байгаад одоо 3,850,000 төгрөг үлдсэн байгаа. Б.Батзаяатай уулзаад бид харилцан тохиролцон 3,850,000 төгрөгөөс 50 хувийг өгөхөөр болсон боловч үүнийгээ өгөхгүй байна.

Иймд Б.Батзаяагаас ажлын хөлс болох 3,850,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Батзаяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ч.Будгэрэлтэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж, Хэнтийн аймгийн Чингис хотын 1 дүгээр сургуулийн 928 хүүхдийн сургуулийн барилгын А блокын гадна болон дотор шаврын ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Уг гэрээнд чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн бол хариуцсан инженерийн нэр заасан ажлыг үнэ хөлсгүйгээр гүйцэтгэнэ гэсэн заалттай.

Ч.Будгэрэлийн хийсэн 2,200 м.кв талбайн шаврын ажлыг хүлээж авсан нь үнэн. Гэхдээ захирал шаврын ажлыг нааж хийхгүй, ... өөр хүмүүсээр хийлгэнэ гэж хэлээд явуулсан юм байна лээ. Мөн захирал инженертээ шаврын ажлаас ямар нэгэн асуудал гарвал хариуцахыг даалгасан учир Ч.Будгэрэлийн чанаргүй хийсэн шаврын ажлыг өөр хүмүүсээр дахин хийлгэж, тэдгээр хүмүүст ажлын хөлсийг нь өгсөн. Өөрөөр хэлбэл Ч.Будгэрэлд өгөх байсан ажлын хөлсийг өөр хүмүүст өгсөн ба энэ тухай баримтыг шүүхэд өгсөн.

Ингээд Ч.Будгэрэлд 2,200 м.кв шаврын ажлын хөлс болох 8,800,000 төгрөгөөс дэлгүүрийн зээлийн бараанд 1,030,050 төгрөг, ажлын багаж 211,600 төгрөг, ажлын хөлсөнд 1,660,000 төгрөг өгч, үлдэгдэл тооцоог хотод өгнө гээд явуулсан.

Үлдэгдэл тооцоо болох 5,898,350 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг өгч, үлдэх 3,398,350 төгрөгийг шаврын ажлыг дахин хийсэн хүмүүст өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Будгэрэл нь Б.Батзаяагаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,850,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хариуцагч тал уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... чанаргүй хийсэн шаврыг ажлыг өөр хүмүүсээр дахин хийлгэж, ... Ч.Будгэрэлд өгөх байсан ажлыг хөлсийг тэр хүмүүст өгсөн ... гэж тайлбарладаг.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Ч.Будгэрэл, хариуцагч Б.Батзаяа нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Ч.Будгэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр АБТ буюу Алтанбулаг трейд ХХК-тай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд захиалагч талыг төлөөлж ерөнхий инженер Б.Батзаяа гарын үсгээ зуржээ. /хх-5-7 дугаар тал/

Иймээс Ч.Будгэрэл нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Батзаяагаас шаардах эрх үүсээгүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

115 115.2.3. 116. 118 нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Будгэрэлийн, Б.Батзаяагаас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,850,000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болго.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД