Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5349

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр

    Дугаар 102/ШШ2016/05349

   Улаанбаатар хот

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 25 тоотод оршин суух, Гомбодорж овогт Нацагдоржийн Шархүү /РД: ШЗ43121370/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 45 дугаар байр, 18 тоотод оршин суух, Даш бэйс овогт Мөнхбатын Нямсүрэн /РД: УУ90093050/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Шархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Шархүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Нямсүрэн нь надаас 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хоёр өрөө байрны барьцаатайгаар 30 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээ ёсоор 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлөх 39 000 000 төгрөгийг байнга шаардаж байсан боловч мөнгө одоохон өгчихнө, түр хүлээсэн боловч төлөөгүй тул бид 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлцэл хийж баталгаажуулсан. Уг хэлцэл ёсоор зээлийн төлбрийг алдагдал, хүүгийн хамт 55 000 000 төгрөгөөр тооцоод сарын 5 хувийн хүүтэйгээр аль болох богино хугацаанд төлөхөөр болсон боловч төлөөгүй. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 54 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Шархүү нь хариуцагч М.Нямсүрэн холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 54 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байна. /хх-8 дугаар тал/ Нөгөөтэйгүүр, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсаныг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримтаас үзвэл мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусахад хариуцагч нь үндсэн зээл 30 000 000 төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл 30 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-д талууд зээлийн хүүг сарын 2.5 хувь байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасантай харшлаагүй байна. Хариуцагч зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байх тул түүнийг зээлийн хүү төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөгийн 1 жилийн хүү 9 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд гэрээний 4-т талууд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд гэрээний 4 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй.  

 

Гэрээний хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссах байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх алдангийн хэмжээ  үндсэн үүрэг 30 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байхаас гадна Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги буюу гэрээний хариуцлагыг 7 000 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 000 000 төгрөг, алдангинд 7 000 000 төгрөг, нийт 46 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт барьцааны болон 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч, Ж.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан хэлцэл гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгоогүй тул шүүх хэрэгт хамааралтай баримт гэж үнэлээгүй болно.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.Нямсүрэнгээс 46 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Шархүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 427 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөдшүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН