Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2016/01298

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 07-р хороо 15-р хороолол 37а байр 77 тоотод оршин суух, эмэгтэй, ЕТ93012008 регистрийн дугаартай, Онход овогт Нарантуяагийн Билгүүнтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 38-р байр 01 тоотод оршин суух, эрэгтэй, ПВ85032131 регистрийн дугаартай, Боржигин овогт Баттөмөрийн Сүх-Эрдэнэд холбогдох

үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа, хариуцагч Б.Сүх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Билгүүнтуяа би Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Намъянжугийн гудамж 37-р барилгын байр 3089 тоот хаягт байрлалтай 4.08 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Онход овгийн Нарантуяагийн Билгүүнтуяагийн нэг иргэний өмч болох Ү-2204039908 дугаарын бүртгэлтэй, 000453546 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө буюу Сандей худалдааны төв дэх лангуугаа барьцаалан Баттөмөрийн Сүх-Эрдэнээс 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй 25 000 000 төгрөг зээлээр авсан. Б.Сүх-Эрдэнэд зээлавах шаардлагаа хэлж ойлгуулсан бөгөөд түүний шаардлагын дагуу өөрийн нэр дээрх уг үл хөдлөх хөрөнгийг Б.Сүх-Эрдэнийн нэр дээр зээл төлтөл 5 000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр халхавчилсан гэрээ хийж, түүний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Б.Сүх-Эрдэнээс зээлж авсан 25 000 000 төгрөгийг шаардлагатай байсан хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд зээл авснаас хойш 1 сарын дараа үндсэн мөнгө буюу 25 000 000 төгрөгийг 1 сарын хүүтэй нь төлөх талаар хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй, хугацаагаа болохоор өг гээд байсан. Гэвч одоо 50 000 000 төгрөг төл гэсэн шарадлага тавиад байгаа юм.

Би Б.Сүх-Эрдэнээс 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй 25 000 000 төгрөг зээлж, зээлийн гэрээгээ нотариатаар батлуулан зохих журмын дагуу авсан бөгөөд уг зээлийн гэрээг хийсэн өдрөө түүний шаардсанаар зээлийн барьцаа болгож 5 000 000 төгрөгийн үнэтэй биш, энэ нь Б.Сүх-Эрдэнэ бидний хооронд хийгдсэн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг батлагдана. Б.Сүх-Эрдэнэ нь одоо зээлийг төлөх боломж муу байгааг далимдуулан уг обьектыг би худалдаж авсан тул одоо чөлөөлж, өг би цааш нь худалдана гэх мэтийн шаардлага тавьж, хугацаа хожих эцэст нь 25 000 000 төгрөгийг 50 000 000 төгрөг болгож төл гэсэн хууль бус шаардлага тавьж байна.

Иймд иргэн Б.Сүх-Эрдэнэ бидний хооронд хийгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 163 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Сүх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч Б.Сүх-Эрдэнэ би нэхэмжлэгч Н.Билгүүнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Билгүүнтуяа Ш.Дамдинсүрэн Үнэнцэцэг нар нь хуйвалдан бусдыг залилан онц их хэмжээний хохирол учруулсан асуудлаар Баянзүрх дүүргийн 2-р хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.

Энэ эрүүгийн 201625012028 тоот хэрэгт нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа нь Ш.Дамдинсүрэн, Үнэнцэцэг нарын хамт шалгагдаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Н.Билгүүнтуяа нь нэхэмжлэл гаргасан энэ үйлдэл нь намайг залилан мэхэлсэн гэж үзэж болохоор байна. Дээрхи хөрөнгийг бусдыг залилан мэхлэж олж авсан байх болзошгүй тул би Н.Билгүүнтуяаг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болно.

Иймд иргэний хэрэгт гаргасан Н.Билгүүнтуяагийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа учир иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Хариуцагч Б.Сүх-Эрдэнээс зээлж авсан 25 000 000 төгрөг, үүний хүү алданги нийт 45 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 100 хувь бүрэн төлж барагдуулна. Харин төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа хариуцагч Б.Сүх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 37-р барилгын 3089 тоот хаягт байрлалтай 4,08 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна гэв.

 

Хариуцагч Б.Сүх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа нь надаас зээлж авсан үндсэн төлбөр 25 000 000 төгрөгийг хүү алдангийн хамт нийт 45 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 37-р барилгын 3089 тоот хаягт байрлалтай 4,08 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Билгүүнтуяа нь хариуцагч Б.Сүх-Эрдэнэд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Б.Сүх-Эрдэнэ нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.Билгүүнтуяагаас Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, /13336/ Намъянжугийн гудамж 37 байр 3089 тоот хаягт байрлах, 4,08 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай хөрөнгийг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь 25 000 000 төгрөгийн зээлийн төлбөр болон түүний хүү алданги 45 000 000 төгрөгийг хариуцагч Б.Сүх-Эрдэнэд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж, нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, /13336/ Намъянжугийн гудамж 37 байр 3089 тоот хаягт байрлах, 4,08 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай хөрөнгийг төлбөрөө шилжүүлсний дараа нэхэмжлэгч Н.Билгүүнтуяад шилжүүлэхээр эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Н.Билгүүнтуяагийн нэхэмжлэлтэй Б.Сүх-Эрдэнэд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийн нэхэмжлэгч нь 45 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, /13336/ Намъянжугийн гудамж 37 байр 3089 тоот хаягт байрлах, 4,08 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгийг шилжүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Сүх-Эрдэнээс 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ