Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 111

 

Б.Энхбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00374 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт оршин суух Алаг адуу овогт Бярзаны Энхбатын нэхэмжлэлтэй, “Цаст алтайн жинчид” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Тээвэрлэлтийн гэрээний хөлс 11256000 төгрөг, алданги 5625000 төгрөг, нийт 16881000 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Б.Энхбат миний бие “Цаст алтайн Жинчид” ХХК-тай тээврийн гэрээ хийж, “Алтайн хүдэр” компанид төмрийн хүдэр 2014 оноос хойш тээвэрлэсэн. Бидний хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тээвэрлэлтийн гэрээний хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болж дууссан. Энэ хугацаанд багтаан хариуцагч "Цаст алтайн жинчид" ХХК нь тээвэрлэлтийн хөлс 11.256.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхбат надад төлөх үүргээ биелүүлээгүй. Тээврийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алданги байхаар заасантай нийцэх юм. Үүрэг гүйцэтгэх ёстой байсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл алданги тооцоход 5.625.000 төгрөг болж байгаа бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тээвэрлэлтийн гэрээний 11256000 төгрөг, алданги 5.625.000 төгрөг, нийт 16.881.000 төгрөгийг “Цаст алтайн жинчид” ХХК-иас гаргуулж өгнө үү.”  гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манай компанитай холбоотой нэхэмжлэл гаргагч Б.Энхбат нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны  өдрийн “Алтай ложистик” ХХК-тай хийсэн 25/14 тоот “Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өөрийн эзэмшлийн 88-85 ХОА улсын дугаартай NORTH BENZ маркийн авто машинаар 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх хугацаандаа 11 рейс хийж нийт 1299.40 тн баяжмал тээвэрлэж 24.636.624 төгрөгийн борлуулалтын ажил гүйцэтгэж 10.220.148 төгрөгийн шатахуун болон бусад суутгалд суутгуулж, гарт олгох 14.416.476 төгрөгийн ажил хийснээс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөгийг олгосон. Манай компани нь “Алтайн хүдэр” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний гүйцэтгэлд 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 15.311.25 тн баяжмал тээвэрлэж 308.674.800 төгрөгийн ажил хийснээс 105.697.869 төгрөгийг шатахуунд суутгуулж, 202.976.931 төгрөгийн ажил хийснээс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Алтай ложистик” ХХК-иас 45.000.000 төгрөг орж ирсэн ба үлдэгдэл 157.976.931 төгрөг орж ирээгүй байна. Бид удаа дараа нэхэмжлэх явуулж, утсаар холбогдож байгаа боловч өнөөдрийн байдлаар мөнгө орж ирээгүй байна. Үүнээс үзэхэд тээвэрлэлтийн хөлс орж ирээгүй үед ямар нэгэн нэхэмжлэл барагдуулах боломжгүй юм. Цаашид “Алтай ложистик” ХХК нь төлбөрийн тооцоогоо нэгэнт бөөнөөр нь төлөх боломжгүй гэдэг нь харагдаж байгаа тул орж ирсэн мөнгийг тээвэр гүйцэтгэсэн 12 жолоочид хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр хувилж олгох болно.” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00374  шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар Цаст Алтайн Жинчид ХХКомпаниас 5 443 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алаг Адуу овогт Бярзаны Энхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаст-Алтайн жинчид ХХКомпаниас 102 038 төгрөгийг гаргуулж Б.Энхбатад олгосугай.

3.2015 оны 10 сарын 30-ны өдрийн 1371 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан бөгөөд хэт нэг талыг барьсан, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Цаст Алтай Жинчид ХХК-ны захирал М.Одсүрэн, Б.Энхбат нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэгч Б.Энхбат ачааг тогтоосон газарт хүргэсэн байх тул тээвэрлүүлэгч Цаст Алтай Жинчид ХХК нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нэг үндэслэл болж байна. Анхан шатны шүүх шийдвэрээ нотлох баримтанд тулгуурлан гаргасангүй. Зохигчид анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нэгэн адил нэхэмжлэгч Алтайн хүдэр ХХК-ны ачааг тээвэрлэсэн, хариуцагч нэхэмжлэгчээр өөрийн ачааг бус Алтайн хүдэр ХХК-ны ачааг тээвэрлүүлсэн гэж тайлбарласан боловч шүүх зохигчдын хэн хэнийнх тайлбараас өөрөөр дүгнэлт хийж Цаст Алтайн Жинчид ХХК-ны ачааг Б.Энхтбат тээвэрлэсэн байна гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэж гараагүй гэж үзэх бас нэгэн үндэслэл болж байна. Мөн Цаст Алтай Жинчид ХХК нь Алтайн Ложистик ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 25/14 тоот гэрээ байгуулсан бөгөөд Алтайн хүдэр компаний төмөрийн баяж тээвэрлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Цаст Алтай Жинчид ХХК-ны захирал М.Одсүрэн, Б.Энхбат нарын хооронд байгуулагдсан гэрээ нь тээвэр зуучлалын гэрээ болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсоор байхад анхан шатны шүүх шийдвэрээ нотлох баримтын хүрээнд гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгжо өгнө үү “ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн  тул шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Энхбат нь хариуцагч “Цаст алтайн жинчид” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний хөлс 11256000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний алдангид 5625000 төгрөг, нийт 16881000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ./1 дүгээр хх-ийн 185 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч нь “2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн Ачаа тээвэрлэх гэрээнд зааснаар тээврийн хөлсөө хугацаандаа өгөөгүй, гэрээний хугацаа нь  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, хариуцагч тээврийн хөлсөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т зааснаар үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор  заасны дагуу ажлын хөлс болон алданги 5625000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.Энхбат “Алтай ложистик” ХХК-иас орж ирсэн тээврийн хөлснөөс зохих журмын дагуу бодолт хийж   өмнө олгосон 2500000 төгрөгөөс гадна 2016 оны 7 дугаар сарын 28-нд 5.812.951 төгрөгийг Б.Энхбатад олгосон, “Алтай ложистик” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс орж ирээгүй болохоор түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулах ямар ч боломж байхгүй. Гэрээний 4.6-д тээврийн хөлсийг “Алтай Хүдэр” ХХК-иас хуваарийн дагуу орж ирсэн мөнгийг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгож, ажлын гүйцэтгэлийг бодож олгоно” гэж  тохиролцсон байгаа гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч “Цаст алтайн жинчид” ХХК-нь нэхэмжлэгчийн 16881000 төгрөгийн  шаардлагаас  түүнд   5.812.951 төгрөгийг өгч гэрээний үүргийнхээ зарим хэсгийг биелүүлжээ.

Шүүх хариуцагч “Цаст алтайн жинчид” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг үндэслэх хэсэгтээ дурдсан боловч тогтоох хэсэгтээ шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасан агуулгад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж  дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн.42.4, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Зохигчийн тайлбар, жолооч Б.Энхбатын “Цаст алтайн жинчид” ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ачаа тээвэрлэх гэрээнээс /1 дүгээр хх-ийн 59-62 дугаар тал/ дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, тээвэрлэгч талын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл, тээвэрлэлтийн хөлсний хэмжээний талаар талууд маргаагүй гэсэн үндэслэлээр  шүүх  зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж  дүгнэсэн нь буруу байна.

Гэрээний талууд хэдийгээр гэрээ байгуулагдсан талаар маргаагүй ч тэдгээрийн  хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг шүүх тодорхойлоогүй,   хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг шаардлагын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэх боловч энэ талаар талуудаас тодруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхбат болон  Цаст алтайн жинчид ХХК нь “Алтайн Хүдэр” ХХК-ийн  ачааг тээвэрлэсэн эсэх, эсхүл хариуцагчийн ачааг нэхэмжлэгч тээвэрлэсэн эсэхийг  тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн агуулгад  дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах зүйтэй гэж  үзэв.

   

            Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102038 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн захирал М.Одсүрэнд буцаан олгож шийдвэрлэв.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102038 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн захирал М.Одсүрэнд буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Д. ЖАМБАЛСҮРЭН

                                                                         Н.ТУЯА