Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05881

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05881

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 8 дугаар байр, 2 дугаар орц, 0 тоотод оршин байгаа Тэмүүлэл Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 8 дугаар байр, 140 тоотод оршин оршин суух, Боржигон овогт Төмөрбаатарын Сэргэлэн /РД-ЧЛ75083076/-д холбогдуулан гаргасан,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа атлаа хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй бусад оршин суугчдын хуримтлалын мөнгөөр ахуйн болон үүсмэл хогоо цэвэрлүүлж, орцны гэрэлтүүлэг, подваль, орцны угаалга цэвэрлэгээ, сантехникийн бохир, цэвэр усны шугамын засвар хаалт солих, дундын өмчлөлийн бүх засвар үйлчилгээ, лифт, цахилгааны төлбөр, дээврийн хэсэгчилсэн засвар, жижүүр үйлчлэгчийн болон лифтчиний цалин хөлс зэрэг төлбөрүүдийг төлүүлж байгаа иргэн Т.Сэргэлэнгээс 2015 оны 7-12 дугаар сарын төлбөр 139,800 төгрөг, 2016 оны 01-09 сарын төлбөр 198,450 төгрөг, нийт 338,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Сэргэлэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 6, 8, 17 дугаар байрнуудын дундын өмчлөлийн Тэмүүлэл СӨХ-ны дарга гэх Ж.Чойндон нь 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс уг ажлыг гүйцэтгэж эхлэхдээ тухайг байрны оршин суугчдын санал асуулгыг аваагүй болно.

Мөн энэ ажлыг гүйцэтгэж эхэлснээс одоог хүртэл байрны эргэн тойрны тохижилт, хүүхдийн тоглох орчин, оршин суугчдын аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж чадахгүй байгаа.

Жишээ нь: Манай гэр бүлийн хүн болох иргэн А нь 2015 оны 12 дугаар сард үл таних залууд цүнх болон эд зүйлээ дээрэмдүүлсэн. Миний бие машиныхаа цонхыг хагалуулж, хулгайн халдлагад өртсөн бөгөөд тухай бүр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан.

Байр болон орцонд камер байхгүй, жижүүрийн ажилд хяналт, шалгалт хийдэггүй, тэдний ажлыг хийлгүүлж чаддаггүй, байр болон орцонд гэрэлтүүлэг байхгүй байгаа нь СӨХ-ны холбооны даргын ажлын үзүүлэлтийг харуулж байна.

Эдгээр наад захын шалтгаануудаас болж оршин суугчид амар тайван амьдарч чадахгүй байна.

Гэхдээ миний бие иргэнийхээ үүргийг биелүүлж Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжилсэн 338,250 төгрөгийг 1 жил 3 сар буюу 15 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Оршин суугч Т.Сэргэлэн, Тэмүүлэл СӨХ-ны захирал Ж.Чойндон нар харилцан тохиролцож 2015, 2016 оны эхний 10 сарын төлбөр 349,050 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон. Дээрх 349,050 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж багтсан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авахгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь хариуцагч Т.Сэргэлэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338,250 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 338,250 /гурван зуун гучин найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 10,800 /арван мянга найман зуун/ төгрөгийн хамт нийт 349,050 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Тэмүүлэл СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь бүрэн хариуцахаар тохиролцсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Сэргэлэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 338,250 /гурван зуун гучин найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 10,800 /арван мянга найман зуун/ төгрөгийн хамт нийт 349,050 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Тэмүүлэл СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

    

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД