Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 184/2016/00915/И |
Дугаар | 184/ШШ2016/00773 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2016/00773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 8-274 тоотод оршин суух, эмэгтэй, ЙМ86010206 регистрийн дугаартай, Боржигон овогт Охиноогийн Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан овоо 8 гудамж 3 тоотод оршин суух, эрэгтэй, ДИ82123011 регистрийн дугаартай, Урианхай овогт Монголын Баянжаргалд холбогдох
гэрлэлт цуцаж, хүүхдийн асрамж тогтолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Оюунсүрэн, хариуцагч М.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2006 онд М.Баянжаргалтай танилцаж улмаар 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Нандинцэцэг төрсөн. Хамтдаа амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал үүсч 2008 оны 6 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш охин Нандинцэцэг миний асрамжид байгаа тул цаашдаа өөрийн асрамжид авч охин Нандинцэцэгийн эцэг М.Баянжаргалаас тэтгэлэг болон төлбөрийг сар бүр 20 000 төгрөгөөр тооцон гаргуулах хүсэлтэй байна. Бид хэн аль нь өөр хүнтэй тусдаа амьдралтай болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. Бид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэв.
Хариуцагч М.Баянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.Оюунсүрэнтэй дотно танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Нандинцэцэг төрсөн ба үүнээс хойш зан харилцааны таарамжгүй байдал үүсч 2008 оны 6 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш охин Б.Нандинцэцэг эх О.Оюунсүрэнгийн асрамжид байгаа тул эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Охин Нандинцэцэгт сар бүр 20 000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч О.Оюунсүрэнтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Бт охиноо сургуульд орох болон бусад үед тодорхой хэмжээгээр чадлаараа туслана гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
М.Баянжаргал, О.Оюунсүрэн нар нь 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Нандинцэцэгийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2969 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-240 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
М.Баянжаргал, О.Оюунсүрэн нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2008 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
М.Баянжаргал, О.Оюунсүрэн нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон баримт байгаа болно.
Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2007 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн охин Б.Нандинцэцэгийг эх Т.Сүнжидмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн ба тэд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг 18 хүртэл нь сар бүр 20 000 төгрөг байхаар тохиролцсон тул тэдний тохиролцсны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Урианхай овогт Монголын Баянжаргал, Боржигон овогт Охиноогийн Оюунсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн охин Б.Нандинцэцэгийг эх О.Оюунсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлий 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн охин Б.Нандинцэцэгийг 18 нас хүртэл сар бүр 20 000 төгрөг гаргуулан эцэг М.Баянжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ