Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/шш2016/00871

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр

      

  Дугаар 182/ШШ2016/00871

 

       

    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “ТБ” ХХК -д холбогдох

Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов. 

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/580 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар С.Мг аймаг дахь салбарын захирлын албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. С.М нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн   аймаг дахь салбарын захирлын албан тушаалыг хашиж ирсэн ба энэ хугацаанд ТБны үйл ажиллагааг орон нутагт танилцуулж өргөжүүлэх, банкны дүрэм журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд өөрийн мэдлэг ур чадвараа дайчилж банкны хамт олны хамтаар хичээж зүтгэсээр ирсэн. С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаар цуцлахдаа  Хөдөлмөрийн тухай хууль, ТБны дүрэм, ТБны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Энэ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн. “ТБ” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/580 тоот  тушаалаар С.Мг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан С.М нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах, ноцтой зөрчил гаргасан үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй. Хариуцагч нь С.М сахилгын зөрчил гаргасан нь тус банкны хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч, зөрчил гаргасан гэдгийг тогтоосон талаар баримт байхгүй. ТБны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2-т “Банкны  дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтооно” гэж заасан байгаа. Иймд тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэв.  

           Хариуцагч “ТБ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.Мтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1551 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон “ТБ” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримтлан, ТБны Дархан-Уул аймаг дахь салбарын захирал гэсэн албан тушаалд түүнд өндөр итгэл найдвар үзүүлэн төрийн өмчийн хөрөнгийг бүрэн бүтэн байдал, хууль болон тогтоосон журамд нийцүүлэн үр ашигтай байршуулах, арвижуулах, тогтвортой үйл ажиллагаа явуулж ард иргэд, харилцагч нарт түргэн шуурхай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, мөн боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байдлаар удирдан зохион байгуулах эрх, үүргийг олгосон билээ.

Гэтэл нэхэмжлэгч С.М нь итгэмжлэн хариуцуулсан төрийн өмчийн хөрөнгийг дур мэдэн, өөрийн хувийн хөрөнгө мэтээр дур зоргоор аашилж, хууль тогтоомж болон журам зааврыг баримтлалгүй захиран зарцуулж, мөн “ТБ” ХХК-ийн Дархан-Уул салбарын үйл ажиллагааг доголдуулж, өөрийн хууль зөрчиж хийсэн үйлдлүүдээ хамгаалахын тулд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, “Банкны тухай хууль” болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг ноцтой зөрчиж төрийн өмчийн хөрөнгийн талаарх тайлан мэдээг үнэн зөвөөр гаргаагүй гэх мэт түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу цуцлаж, ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдсэн болно. Мөн С.М нь ТБны Дархан-Уул салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргасан.

Үүнд: Банкны төвийн “Хүний нөөцийн хороо”-ны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 60 тоот хурлын шийдвэрээр Дархан-Уул салбарын харьяа Гааль тооцооны төвийн харилцааны менежер Ж.Б-н албан тушаал бууруулсан тушаалыг үндэслэлгүй гаргасан бөгөөд тул салбарын захирлын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот тушаалыг хүчингүй болгож Ж.Быг тооцооны төвийн захирлын албан тушаалд буцаан томилох шийдвэр хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй, Дархан-Уул салбарын харьяа Шарын-Гол тооцооны төвийн байрны 2014 оны 131,5 мянган төгрөг, 2015 оны 65,6 мянган төгрөг, нийт 197,1 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татварын зардлыг НББ-ийн аккурэл зарчимаар бүртгэж, тухайн тайлант хугацаанд тусгаж өгөөгүйгээс ашигт ажиллагаанд нөлөөлсөн ба 2016 оны 04 дүгээр сард тус зардлыг зөвшөөрөлгүй бүртгэлд тусгасан зэрэг зөрчлийг гаргасан.

 Мөн тус салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан В.Бг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээгүй, шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй, ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №42 тоот салбарын захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Мөн ТБны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.3-д “Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр Орон нутгийн /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг хуулийн газраар хянуулсан байна.” гэж заасан байхад хуулийн газраар В.Баярмагнайг ажлаас халсан тушаалын төслийн хууль эрх зүйн үндэслэлийг хянуулаагүй гаргасан. Дээрх зөрчлүүд нь ТБны дараах журам болон салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.Мгийн буюу салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан “Салбарынхаа хүний нөөцийн бодлогыг Төв банкны хүний нөөцийн бодлоготой уялдуулах, салбарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх” гэсэн чиг үүргээ зөрчсөн, хэтрүүлэн хэрэгжүүлсэн. ТБны Хүний нөөцийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №60/04 тоот шийдвэрээр, С.Мд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот тушаалыг хүчингүй болгож Ж.Баярт-Одыг тооцооны төвийн захирлын албан тушаалд буцаан томилох үүрэг даалгаврыг өгсөн боловч биелүүлж ажиллаагүй.

салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан В.Б нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажилдаа ирсэн бөгөөд өөрийн ажил үүргээ биелүүлэн гадуур ТБны бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, борлуулах, харилцагч татах явж байсан энэ нь ТБны хүний нөөцийн програмд хурууны хээгээр бүртгүүлсэн ирцийн бүртгэлээр нотлогдож байхад ТБны журам, зааврыг зөрчин үндэслэлгүйгээр В.Баярмагнайг халсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №42 тоот Салбарын захирлын тушаалыг гаргасан. Мөн ТБны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.3-д “Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр Орон нутгийн /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг Салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба Салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой тушаалын төслийн эрх зүйн үндэслэлийг Хуулийн газраар хянуулсан байна.” гэж заасан байхад

Хуулийн газраар тушаалын төслийнхөө эрх зүйн үндэслэлийг хянуулаагүй гаргасан. Шүүх нь төрийн өмчийн ийнхүү дур зоргоор үрэн таран хийсэн этгээдийг үйлдэл нь тус банкны Дотоод хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон байхад цаашид ажилуулах ёстой байсан гэж үзэхгүй байх гэж гүнээ найдаж байна.

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Мтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1551 тоот гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцалсаны буруутгах үндэслэлгүй билээ. Энэхүү хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн талаар тодорхой заасан юм. Иргэн С.М нь “ТБ” ХХК-тай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн дараах зүйл заалтыг нотцой зөрчсөн бөгөөд тайлбар болон цаашид “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан эрхээ хэрэгжүүлэх байдлаар гаргаж өгөх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоно.Үүнд:

           Мөн зүйлийн 7.4.12-т "... Орлого, зарлагын гүйлгээг нуун дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, мөн зоршгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан өөрийн эрх хэмжээ болон “ТБ “ХХК-иас тогтоосон зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, зээл олгох үйл ажиллагаа явуулсаны сацуу, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх арга хэмжээ авах бус харин өөрт ашиг олох зорилгоор өөрийн хувийн мөнгийг банкны харилцагч зээлдэгчид зээлүүлэн, өндөр хүүний орлогыг олж байсн байдаг. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж гарган өгөх нотлох баримтаар бүрэн тогтооно. Гэрээний 7.4.14-т "... Харилцагчийг хохироосон, хулгайлах, завших. залшан мэхлэх, зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон...” гэсэн зөрчлийг гаргасан тайлбарын 2.3-т заасан зөрчилтэй шууд холбоотой гэдгийг шүүх анхааран үзнэ үү. Мөн зүйлийн 7.4.15-т "...Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, банкны тэмдэг, үнэт цаас зэргийг аишгласан...” гэсэн зөрчлийн хувьд өөрийн хувийн орон сууцыг өөрийн төрөл саданд нэрийг шилжүүлэх арга заль зохиож эргүүлэн Дархан уул аймаг дахь ТБ ХХК-ийн салбарт албан тушаалаа эрх мэдлээ ашиглах түрээслүүлэн мөн хувьдаа маш их хэмжээний орлого олж байсан нотлогдох болно.

          Гэрээний 7.4.16-т “... Энэхүү хууль тогтоомжийт зөрчиж шууд болон шууд бус харъяалах ажилтанд хууль бус үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн...” гэсэн зөрчлийн хувьд 2.3, 2.4 мөн 2.5-т заасан ноцтой зөрчлүүдийг гаргахдаа зарим нэгэн албан хаагчдийг эрх мэдэл албан тушаалаар далайлган сүрдүүлэх байдлаар оролцуулсан болохыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн шаардлагыг хангуулсан байдлаар гэрчийн мэдүүлэг болон бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдох болно.

          Мөн зүйлийн 7.4.18-т “...Ажльн байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй...” 2015 оны 10-р сарын 14-ны өдрийн 60 тоот хуралдааны шийдвэрийг Б/580 дугаар тушаал гаргах өдрийн байдлаар хангаагүйгээс гадна депозитын төлөвлөгөөт зорилтыг 4 улирал дараалан тасалдуулсан нь хяналт шалгалтаар бүрэн тогтоогдсон болно. Иймд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу С.М нь “ТБ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тогтоогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТБ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Төрбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ТБны аймгийн ТБны салбарын захирал С.М нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан   үндэслэлээр “ТБ” ХХК нь С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан. Тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/580 тоот тушаалаар С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, үүрэг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. “ТБ” ХХК нь С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.9, 7.4.12, 7.4.14, 7.4.15, 7.4.16, 7.4.17, 7.4.18-т заасан үндэслэлээр ажлаас нь  чөлөөлсөн. Хариу тайлбар, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Иймд С.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Зохигчид нэхэмжлэгч С.Мг ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

            ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 дугаар тушаалаар С.Мн Дархан-Уул салбарын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, ТБны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20, ТБны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.2 дах заалтыг тус тус үндэслэжээ. /х.х-ийн 4, 33-53 тал/

Дээрх тушаалд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлээ... ажлын байрны тодорхойлолтод заагдсан салбар нэгжийн түвшинд зардлын удирдлагыг хэрэгжүүлэх, зарцуулалтад болон тайлан мэдээний үнэн зөв байдалд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн татварын  тухай хуулийн 8.2 дэх хэсгийг зөрчиж холбогдох зардлын тайланг хугацаанд нь шилжүүлээгүй,өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн зөвшөөрөгдөөгүй зардлыг гаргасан,  Хүний нөөцийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 60 тоот хуралдааны шийдвэрийг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тус банкны хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон, мөн ТБны ажилтныг сонгон шалгаруулах теллер харилцааны менежер бэлтгэх журмын 4.7.1 дэх хэсгийг зөрчиж, өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн холбогдох зөвшөөрөлгүйгээр ажилтныг томилсон, депозитын төлөвлөгөөт зорилтыг 4 улирал дараалан тасалдуулсан зэргээр үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэн С.Мг  салбарын захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1551 дугаар хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг, мөн 7 дугаар зүйлийн 7.4.1-7.4.28-т  нэрлэн заасан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцох, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүдийг тус тус тохиролцжээ. /х.х-ийн 24-28 тал/

            Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 Түүнчлэн ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн  алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой. /х.х-ийн 5-7, 24-16 тал/

 Хариуцагч “ТБ “ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 дугаар тушаалдаа С.Мг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтласнаар “... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлд хамааруулсан гэж тайлбарлаж байгаа.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-7.4.28-т ноцтой зөрчлийн талаар нэрлэн заасан боловч, эдгээр зөрчлүүдийг гаргасан гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 24-26 тал/

            Хариуцагч “ТБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...  салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчсөн, /салбарынхаа хүний нөөцийн бодлогыг төв банкны хүний нөөцийн бодлоготой уялдуулах, салбарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгжүүлэх чиг үүргээ зөрчсөн, “Төрийн” банкны журам зааврыг зөрчиж, өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн, ТБнаас тогтоосон зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, ... өөрт ашиг олох зорилгоор өөрийн хувийн мөнгийг банкны харилцагч зээлдэгчид зээлүүлэн, өндөр хүүгийн орлогыг олж байсан зэрэг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ... дотоодын аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон ...” гэж, нэхэмжлэгч С.Мг буруутгаж байгаа боловч, ажилтан зөрчил гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүй, зөрчлийг гаргасан талаар хэлэлцсэн тухай баримт хэрэгт баримтаар авагдаагүй байна. /х.х-ийн 20-28 тал/

Нэхэмжлэгч С.М нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын тайлбар, гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулах нь хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.2, 9.1, “ТБ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28, 5.28.2, 13 дугаар зүйлийн13.11, 13.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тус тус заасан заалтуудтай нийцсэн байх ёстой.

Хариуцагч ... өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа ажилтныг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  зааснаар баримтаар нотлож чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Мгийн хэдийд гаргасан ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь баримтаар хангалттай нотлогдоогүй, тодорхой бус байгаа нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч С.Мг үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаад эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 С.М нь 2016 оны 01 дүгээр сард 2 817 000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сард 1 894 000 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сард 2 981 000 төгрөгийн  цалин, хөлс авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 11 тал/

            С.Мгийн  ажилгүй байсан хугацааны /2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан 124 хоног/ олговорт 14 451 636 төгрөг байна.

            Нэхэмжлэгч С.Мгийн урьд авч байсан сарын дундаж цалин хөлсийг           2 564 000 төгрөгөөр тооцсон болно. /х.х-ийн 11 тал/

Хариуцагч нь  дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон, дэвтэрт бичилт хийхийг “ТБ” ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/580 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч С.Мг  “ТБ” ХХК-ийн Дархан-Уул салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас 14 101 945 /арван дөрвөн сая нэг зуун нэг мянга есөн зуун дөчин таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “ТБ” ХХК-иас 230 208 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                     

               

                    ДАРГАЛАГЧ                                  Ж.ЦЭНГЭЛ