Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
Хэргийн индекс | 139/2016/00007/И |
Дугаар | 07 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 07
“*******” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2016/00161 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-нд холбогдох,
17737902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга ******* оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ‘’Цахиурт ойл’’ ХХК-тай байгуулсан 83/14 тоот Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу Гэрээт ШТС /Шатахуун түгээх станц/ нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авсан шатахууны төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 10 дугаар зүйлийн 10.3.1-т зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөг, нийт 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөгийг ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Манайхыг шатахуунаа соруулж ав гэж байгаа. Үүнийг нь манайх соруулж авах боломжгүй. Соруулж авах юм бол тодорхой хэмжээний зардал гарах тул хариуцагч талаас гарах зардал нэмэгдэнэ. Ийм байдлаар хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК-ийг алдангиас чөлөөлөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 2014 оны 7 сарын 4-нд *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Дундговь аймгийн Дэлгэрцогт сум дахь хуучин *******-ийн ШТС-ыг худалдан авсан. Гэтэл ‘’’’ компаний захирал нь 2012 оны 11 сарын 26-ны 55-р захирамж // буюу төв замын зүүн хойд талд байрладаг уулын энгэрийн урд байдаг газартаа буугаагүй манай газар буюу орох гарах гарцыг санаатайгаар хааж буусанд Газрын
хууль, Замын хууль, Шудрага өрсөлдөөний хууль зэрэг хуулиудыг зөрчсөнөөр өдий хүртэл эцсийн шийдвэр гаргаагүйн улмаас цаг хугацаа алдан гэрээт борлуулагчийн хувьд 16052400 төгрөгийн борлуулалтыг хийж чадсангүй. Одоо савандаа ДТ түлш 4тонн*1800=7200000 төгрөг, А80 2тонн*1600=3200000 төгрөг борлуулж өгнө. Дутагдал 5352400 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30 гэхэд төлж барагдуулна. Мөн алданги 1685502 төгрөгийг чөлөөлж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дэх захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулсан боловч энэ нь хууль бус захирамж гаргасны улмаас /нэг талын эрх ашигийг давуу баримталсан/ манай ШТС-ын хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Үүний уршигаар өдийг хүртэл 2 жил ямар ч борлуулалт, орлогогүй зогсонги байдалд орсон бөгөөд 1686500 төгрөгийн алданги тооцсон байна. Энэхүү алданги болох 1686500 төгрөг нь манай байгууллагаас шалтгаалаагүй тул төлөх боломжгүй. Харин үндсэн төлбөр 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороонд байрлах ‘’МТ ’’ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.639.51 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас 246.639.51 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ‘’МТ ’’ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* ХХК-ний захирал ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Уг шийдвэрээр иргэний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж 1685502 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтэрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчээс биш бусад хүчин зүйлээс шалтгаалсан бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 2. Уг үүргийг гүйцэтгэхэд “ЗЭТ-БИ-ЭС-ДИ” компанийн захирал нь Газрын тухай хууль, Замын тухай хууль, Монгол Улсын барилгын норм бо дүрэм БНБД32-01-07, Шударга өрсөлдөөний хууль, Эрүүл мэндийн стратегийн хууль дүрмийг зөрчин санаатайгаар манай орц, гарцыг хааж, төв замаас авто машин орж гарах ямар ч боломжгүй болсноос гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. Дээрх нөхцөл байдал нь гэрээний үүргийг биелүүлэхэд саад учруулсан, үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул намайг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж болохгүй. Иймээс алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн явдлыг буруугүй гэж үзнэ. 3. Мөн Дэлгэрцогт суманд байрлах “*******” ХХК-ний мэдлийн саванд ДТ түлш 4тн, 7200000 төгрөг, А80 2 тн 3200000 төгрөг, нийт 10400000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хадгалагдаж байгаа болно. Харин 5652400 төгрөгийг төлнө. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2016/00161 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн
байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байх, энэ шаардлага хангагдаагүй нэхэмжлэлийг уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт нь хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдсон тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцэх юм. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага болох 17734902 төгрөгний бензин, шатахууны мөнгө, гэрээний хугацаа хэтэрсэнээс үүсэх алдангийг хэрхэн, ямар хугацаанаас тооцож буй нь тодорхойгүй, хэдий хэмжээний бензин, түлшийг хэзээнээс эхлэн олгосон буюу үлдэгдэл барааны тооцоо зэргийг тооцсон орлого, зарлагын тооцоо, нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл гэх мэт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй байна.
Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ / хэргийн 12 дугаар хуудас/-ний 5.2.1-д “... Гэрээт ШТС-ын хэрэгцээ, санхүүгийн боломжийг харгалзан үнийг тухай бүр тохиролцож нийлүүлнэ.” гэснээс үзэхэд хэдий хэмжээний дизель түлш, бензинийг хэдэн төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “ эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тухай заалт зөрчигджээ.
Мөн гэрээний 5.2.3-т “Гэрээт ШТС-нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг МТ-д төлнө” гэж тохиролцжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт / хэргийн 85 дугаар хуудас шүүх хуралдааны тэмдэглэлээс/ “...2014 оны 12 сараас 2015 оны 8 сар хүртэл ажиллах хугацаандаа гэрээнийхээ дагуу зохих журмаар мөнгийг нь байнга тушааж байсан. ...” гэсэн тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох тооцооны үлдэгдлийн баталгаа / хэргийн 15 дугаар хуудас/-нд бичигдсэнээс үзвэл 2015.01.01-нээс 2015.09.30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн үзэхэд 16.052.400.00 төгрөгийн өртэй гарсан...”гэснээс үзэхэд талуудын тайлбар болон нотлох баримтанд бичсэн тооцоо хийсэн хугацаа эргэлзээтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтэрсэнээс үүсэх үр дагаварыг Иргэний хуульд зааснаар зөв тодорхойлоогүй, шүүх зайлшгүй тодруулж шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө МТ ХХК-д мөнгө төлж байсан баримтуудыг шүүхэд өгөх талаар гаргасан хүсэлтийг шүүгч ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэж хүлээн авахаас татгалзаж / шүүх хуралдааны тэмдэглэл- хэргийн 83 дугаар тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах замаар мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг шүүхийн шийдвэр гарахаас өмнө ач холбогдолгүй нотлох баримт гэж дүгнэж, нотлох баримтыг авахаас татгалзсан нь уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, мөн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “ Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэснийг тус тус ноцтой зөрчжээ.
Нэхэмжлэгч МТ ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Энхжавхлан, ******* / хэргийн 4 дүгээр хуудас / нарыг, 2016 оны 04 сарын 26-ны өдөр С.Долзоднямыг /хэргийн 22 дугаар тал/ тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байхад Г.Энхжавхланд эрх , үүрэг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах, шүүх
хуралдааны тов мэдэгдэх зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй, нэхэмжлэгчээс дээрх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд төлөөлөх эрх, үүргийг хуваарилаагүй, төлөөлүүлэгч төлөөлж буй этгээдээс татгалзаж буй мэдэгдлээ шүүхэд бичгээр мэдэгдээгүй байхад шүүх зарим итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэж уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй буюу анхан шатны шүүхийн дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлөөс хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2016/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД П.ДОЛГОРМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ