Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2016/07401/И |
Дугаар | 5719 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 5719
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Замчид гудамж, 48 байр, 31 тоотод оршин суух, Арыккул овогт Конференция Баатар /РД:ТИ84090273/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 307 тоот, одоогоор Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны урд, JS tower, 702 тоотод байрлах, “Монгол дайвин” ХХК /РД:2791617/
Цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.Баатар, хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Баатар миний бие “Монгол дайвин” ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Менежмент хариуцсан албаны даргын албан тушаалд сарын хөдөлмөрийн хөлс 5.000.000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төсөл хөтөлбөрийн албаны даргын албан тушаалд томилогдож сарын үндсэн цалин 5.000.000 төгрөг байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн үед цалингаа өгч байсан боловч 2015 оноос эхлэн цалин дутуу өгч эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг Монгол дайван ХХК-иас цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие "Монгол Дайвин" ХХК-ийн Төв санхүү болон Шинэ сум төслөөс цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгөний авлагатай болно. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол Дайвин ХХК-ийн Төв санхүүтэй тооцоо нийлж 3.987.067 төгрөгийн авлагатай, Шинэ сум төслийн санхүүтэй 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлж 3.274.741 төгрөгийн тус тус авлагатай үлдсэн. Мөн 2016 оны 4 сараас 7 сарыг хүртэл ажилласан цалин болох 7.052.570 төгрөгийн цалинг олгоогүй болно. Ажлаас чөлөөлөгдөхдөө цалингийн тооцоог дуусгая гэсэн боловч удахгүй өгнө түр хүлээж бай гээд одоог хүртэл өгөхгүй байгаа болно. Иймд ‘Монгол Дайвин” ХХК-иас цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө болох 14.314.378 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч К.Баатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч К.Баатар миний бие хариуцагч “Монгол дайвин” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Уг эвлэрлийн гэрээгээр К.Баатар би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Монгол дайвин” ХХК нь К.Баатар миний Голомт банк дахь кредит карт дахь бүхий л төлбөрийг миний нэрийн өмнөөс Голомт банкинд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Монгол дайвин” ХХК шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэгч К.Баатартай харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч К.Баатар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэгч К.Баатарын Голомт банк дахь кредит картын төлбөрийг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Голомт банкинд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч К.Баатар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэгч К.Баатарын Голомт банк дахь кредит картын төлбөр, түүнийг барагдуулахтай холбогдон гарах бүхий л зардлыг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Голомт банкинд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Баатар нь хариуцагч “Монгол дайвин” ХХК-д холбогдуулан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч К.Баатар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэгч К.Баатарын Голомт банк дахь кредит картын төлбөр, түүнийг барагдуулахтай холбогдон гарах бүхий л зардлыг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Голомт банкинд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч К.Баатар, хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.522 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 229.522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К.Баатар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цалингийн үлдэгдэл болон амралтын мөнгө нийт 14.314.378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэгч К.Баатарын Голомт банк дахь кредит картын төлбөр, түүнийг барагдуулахтай холбогдон гарах бүхий л зардлыг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Голомт банкинд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.522 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 229.522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Баатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА