Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 101/2016/03418/и |
Дугаар | 182/ШШ2016/00467 |
Огноо | 2016-08-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2016/00467
2016 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2016/00467 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ байрлах М ХК-д холбогдох,
М ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган, 438,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М ХК нь Олон улсын бизнесийн газрын харъяа Дата сүлжээний хэлтсийн систем хангамж хариуцсан ажилтай намайг бүтэц орон тоо, үйл ажиллагааны чиг үүрэг шинэчлэгдэн батлагдсан гэх үндэслэлээр М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дүгээр тушаараар үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Иймд ажилдаа эргэж орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлөөлж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь М ХК-ийн Олон улсын бизнесийн газрын харьяа дата сүлжээний хэлтсийн систем хангамж хариуцсан ажилтнаар ажиллаж байсан.
Түүнийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 тоот гүйцэтгэх захирал Маргад-Эрдэнийн ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаар ажлаас чөлөөлсөн. Өмнө нь ажлаас үндэслэлгүйгээр халсан тул шүүхэд хандаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж ажилдаа эгүүлэн томилогдсон боловч хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй.
Үүнээс шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж гарсан 438,943 төгрөгийг зардал гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, бусад зардал 438,943 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ ажлаас халагдсан тушаалаа Б/456 гэж буруу бичсэн байдаг.
Б.Б нь нэхэмжлэлдээ 00000 дугаартай тушаалыг хавсаргаж өгсөн бөгөөд үндэслэлээ ч гэсэн дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн болно” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК нь бүтэц орон тоогоо шинэчлэн баталсантай холбоотойгоор Б.Быг ажлаас чөлөөлсөн. Энэ нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажлаас халсан тушаалыг унших хэрэгтэй. Ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлсөн учраас 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалтын дагуу ажилчдад мэдэгдсэн.
Гэвч мэдэгдсэнтэй холбоотой баримтыг манай байгууллагын хариуцсан ажилтан алга болгосон байсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөө ажлаас чөлөөлөх тушаал гаргаад тухай өдрөө халж байгаа хэрэг биш юм.
Б.Быг ажлаас чөлөөлсөн 00000 тоот тушаалыг нэхэмжлэлийн шаардлага дээр Б/456 гэж шаардсан байдаг. Гэтэл энэ нь санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаал байдаг” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь М ХК-д холбогдуулж М ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган, 438,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Б.Бын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Б.Б нь М ХК-д Олон улсын бизнесийн газрын харъяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан албан тушаал хашиж байсан байна.
М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дүгээр тушаалаар “Бүтэц орон тоо, үйл ажиллагааны чиг үүрэг шинэчлэн батлагдсантай холбогдуулан орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.5, хамтын гэрээний 2.32, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54/01 тогтоол, гүйцэтгэх захирлын 2015 оын 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Б.Б нь М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10/2016/0182 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дугаартай “Бүтэц орон тоо үйл ажилагааны чиг үүрэг батлах тухай” тушаалаар Б.Бын албан тушаал байхгүй болсон учраас хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...” гэж заасан.
Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “энэхүү гэрээг цуцлах, эсвэл гэрээний хугацааг цаашид сунгахгүй тохиолдолд нөгөө талдаа 1 сараас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон орон тоо хасагдсан тул гэж тайлбарласан боловч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул Б.Бын ажиллаж байсан Олон улсын бизнесийн газрын бүтэц орон тоо нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 тоот тушаалаар 23 ажилтантайгаар ажиллахаар өөрчлөгдсөн нь зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан тушаал зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Быг М ХК-ийн Олон улсын бизнесийн газрын харъяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардалагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Хэрвээ дээрх албан тушаал байхгүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг М ХК-д даалгах нь зүйтэй байна.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл эмндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Ийм учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Б.Бын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 51,763 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 173 хоногт үржүүлэн тооцоход 8,954,999 төгрөг болж байх тул хариуцагч М ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Гурав:Бусад зардал 438,934 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Б нь Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10/ШШ2016/00256 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 5,745,693 төгрөгийг хариуцагч М ХК нь биелүүлээгүй учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 16/4340 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу төлбөрийн үнийн дүнгээс 7.5 хувийн урамшуулалыг авах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ”, “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.
Хариуцагч М ХК нь Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10/ШШ2016/00256 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах 16 дугаартай гэрээ”, “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 16/4340 дугаартай гэрээ”, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 16/4340 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу төлбөрийн үнийн дүнгээс 7.5 хувийн урамшуулал болох 438,943 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-нд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилуулах”-аар иргэний эрх зүйн хамгаалалтыг зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй юм.
Иймд Б.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8,954,999 төгрөг, бусад зардал 438,934 төгрөг, нийт 9,393,933 төгрөгийг хариуцагч М ХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан ажил буюу М ХК-ийн Олон улсын бизнесийн газрын харъяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Б.Бын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол Олон улсын бизнесийн газрын харъяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг М ХК-д даалгасугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 8,954,999 төгрөгийг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 438,943 төгрөг нийт 9,393,933 төгрөгийг хариуцагч М ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Бад олгосугай.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ХК-д даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М ХК-иас 165,252 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА