Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00641

 

 

 

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00641

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: 

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*****, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.***** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн дунд сургуульд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 30 хүртэл дотуур байрны багш, түүнээс хойш 1991 оны 8 дугаар сарын 20 хүртэл ажилчнаар (тогооч) нийт 10 жил ажилласан. Уг сургууль 1990 онд гал түймрийн аюулд өртсөний улмаас миний хөдөлмөрийн дэвтэр хамт шатаж дэвтэр нөхөн олгоход 1981-1985 оны хоорондын бичилт байхгүй болсон. Эдгээр жилүүдэд ажиллаж байсныг батлахаар холбогдох баримтуудыг хавсаргав. Иймд миний 1981-1985 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн сургуульд байрны багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.*****ын Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн сургуульд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл дотуур байрны багшаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

 

            Нэхэмжлэгч Баяннуур овгийн Цэдээгийн ***** /ВЕ/ нь  Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн сургуульд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл дотуур байрны багшаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 4 сарын 29-ний өдрийн **** тоот лавлагаанд: 1. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1982.08.30-ны өдрийн Тасгуудыг багш нарт хариуцуулах тухай ** тоот тушаалд 15-р тасаг багш Ц.***** гэсэн, ... 3. Захирлын 1984.07.09-ний өдрийн ** тоот тушаалд ардын хувьсгалын 63 жилийн ойн баяраар ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарьт 10-16 цагт ***** гэсэн,  мөн сургуулийн захирлын 1990 оны 7 сарын 20-ны өдрийн 16 дугаар тоотод: ...Цэдээ овогтой *****т нь 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс байрны багшаар ажилдаа орсон гэсэн баримтууд болон тухайн үед түүнтэй ажиллаж байсан Д.***, Г./*****н нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Түүнчлэн Цэдээгийн *****т 1991 оны 6 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Баянцагаан 10 жилийн захирлын 1985 оны 7 дугаар тушаалаар 1985 оны 01 сарын 30-ны өдрөөс байрны хүмүүжүүлэгчээс чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж, тухайн байгууллагын тамга тэмдэгээр баталгаажсан байна. /хх-ийн 21/

Гэрч нар нь тухайн үед Ц.*****той нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэр нь албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан байх тул тэдгээрийг үнэн зөвд тооцож үнэлэв.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн албан бичиг тушаалууд нь тухайн үеийн албан тушаалтны тамга, гарын үсгээр баталгаажсан тушаал байх тул шүүх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Баяннуур овогт  *****ыг  Баянхонгор аймгийн Баянцагаан сумын арван жилийн сургуульд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл дотуур байрны багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.*****ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ