Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 332

 

Нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сарантуяад холбогдох зээлийн гэрээний үүрэг 4.069.466 төгрөг, алданги 1.790.565 төгрөг бүгд 5.860.031 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ”Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн Б.Сарантуяагийн оёдолын цехээ өргөтгөх чиглэлээр төслийг 3acar даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Б.Сарантуяагийн “ Оёдлын цехээ өргөтгөх ” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/29 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 8,000,000 төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Б.Сарантуяатай “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 49 тоот” гэрээг байгуулж, 8 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Б.Сарантуяа нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Б.Сарантуяагийн нийт зээлийн үлдэгдэл 4.069.466 төгрөг, зээлийн торгууль 1.790.565 буюу нийт 5.860.031 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Уг хэрэгт хариуцагч Б.Сарантуяагаас гаргасан төлбөр төлөх тухай тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, 1-р баг, 114-р байрны 00  тоотод оршин суух, хувиараа оёдлын цехийн үйл ажиллагаа эрхэлдэг,  Барнууд овогт Базаррагчаагийн Сарантуяа /РД: ЧЖ72102809/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сарын 06-нд сум хөгжүүлэх сангаас оёдлын цех өргөжүүлэхээр 8 сая төгрөгийн зээл авсан. Тус мөнгөөр тоног төхөөрөмжөө сайжруулж бөс бараа, туслах материал авч оёдлын үйл ажиллагааг тогтвортой явуулж ирсэн. Манай оёдлын цех нь өргөжин хажуудаа бөс бараа, туслах материалын дэлгүүртэй болсон. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа боловч ар гэрийн тодорхой шалтгаанаас мөн ард иргэдийн чадамж буурсаар орлого багассан. Зээлийн үлдэгдэл 5.860.031 төгрөгийг сар болгон 800.000-1.000.000 төгрөгөөр төлж 6-7 сарын дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч Б.Сарантуяагаас зээлийн гэрээний үүрэг 4.069.466 төгрөг, алданги 1.790.565 төгрөг бүгд 5.860.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Сарантуяа нь нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 49 дугаар зээлийн гэрээг байгуулж, Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээлийг, 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, оёдлын цех өргөтгөх зориулалтаар зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, Замын-Үүд сумын Засаг даргын захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлага 5.860.031 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх тайлбарыг ирүүлсэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сарантуяад холбогдох зээлийн гэрээний үүрэг 4.069.466 төгрөг, алданги 1.790.565 төгрөг бүгд 5.860.031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Сарантуяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 108.710 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамж 108.710 төгрөгийн 50 хувь буюу 54.355 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА