Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0316/И |
Дугаар | 333 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 333
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Анарын 1-9 тоотод оршин суух, Тайж нар овогт Батзанын Батмөнх /РД: ШЖ78041415, утас: 96364757 /-д холбогдох,
“Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 11,549,687 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн Батзанагийн Батмөнх ноос ноосон эдлэл үйлдвэрлэх чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Батзанагийн Батмөнх “ноос ноосон эдлэл үйлдвэрлэх” төсөлд Сумын засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/232 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 14,000,000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Б.Батмөнхтэй “Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2012 оны 10 дугар сарын 23-ны өдрийн 43 тоот” гэрээг байгуулж 14,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Б.Батмөнх нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Б.Батмөнхөөс нийт зээлийн үлдэгдэл 8,309,127 төгрөг, зээлийн торгууль 3,240,560 буюу нийт 11,549,687 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Батмөнхийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 11,549,687 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар шүүхэд гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Батмөнх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Батмөнх миний бие нь Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага болох 11,549,687 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 11,549,687 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 11,549,687 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 99,872.5 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль 11,549,687 төгрөгийг хариуцагч Б.Батмөнх нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 199,745 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 99,872.5 төгрөгийг хариуцагч Б.Батмөнхөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ