Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
Хэргийн индекс | 101/2016/06628/и |
Дугаар | 05507 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 05507
2016 оны 08 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2016/05507 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хос Өргөө шилтгээний 69, 70 дугаар байрны өргөтөгөл байрлах Хос Ирээдүй СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хос Өргөө шилтгээний 70 дугаар байрны 87 тоотод оршин суух, С.Дашдорж /РД:ВЮ73092033/ -д холбогдох,
СӨХ-ийн төлбөр 396.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хос Ирээдүй СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хос Ирээдүй сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хос Өргөө шилтгээний 69,70 дугаар байрны нийт 180 айл өрхийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан.
Тус СӨХ-ийн сууц өмчлөгчдөөс 50 гаруй сууц өмчлөгч нь 2 жил хүртэлх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйн улмаас, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн, аюулгүй байдлыг хангах, ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлж чадахгүй байдалд хүрээд байна.
Хос Өргөө шилтгээний 69, 70 дугаар байр нь 2007 онд ашиглалтанд орсон, харьцангуй шинэ байр гэхэд маш хуучирсан байдалтай, нийтийн зориулалттай дундын өмчлөлийн хэсэгт тухай бүрт нь урсгал засвар үйлчилгээ хйигдэж байгаагүй зэргээс шалтгаалаад орцны хана, тааз, дээвэр, цонх зэрэгт эвдрэл гэмтэл гарч, гаражийн шугам хоолой, лифт, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны шугамд доголдол үүсч, СӨХ-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдалтай байгаа юм.
Хос Ирээдүй сууц өмчлөгчдийн холбоо нь, СӨХ-ийн төлбөрт сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 м.кв-г нь 100 төгрөгөөр /засвар үйлчилгээ/, харуул 3500 төгрөг, лифт 6000 төгрөг, гэрэлтүүлгийн цахилгааны төлбөр 1800 төгрөг, ариутгал, цэвэрлэгээ 4000 төгрөг гэх мэтчилэн тооцож, сар бүр нэг айлаас 16700-22700 хүртэл төгрөгийн төлбөр авдаг.
СӨХ-ийн төлбөрөө цаг тухай бүрт нь өгдөг айл өрхөөс авсан төлбөр нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн, аюулгүй байдлыг хангах, ашиглалт болон холбогдох бусад зайлшгүй зардлыг гаргах, засвар үйлчилгээг хийхэд хаанаа ч хүрдэггүй тул цаашид СӨХ-ийн төлбөрийг сууц өмчлөгчдөөс цаг тухай бүрт нв авч хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх зайлшгүй шаардлагатай болж байгаатай холбогдуулан хариуцагч С.Дашдоржоос 396.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Дашдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хос Өргөө шилтгээний 70 дугаар байрны 87 тоотын оршин суугч С.Дашдорж миний бие дараах тайлбарыг өгч байна.
Манайх тус байрны 9 дүгээр давхарт байдаг бөгөөд лифт эвдрэл гарсан шалтгаанаар 1 жилийн турш буюу 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд бүтэн ажиллаагүй. Тухайн үед гэр бүлийн хүн төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй байсан тул гарч ороход маш ин хүндрэлтэй байсан. Энэ тухайгаа СӨХ-ийн даргад удаа дараа хэлж, засвар үйлчилгээг хурдан хийж өгөхийг шаардаж байсан.
СӨХ-ийн зүгээс лифтний засварыг хийхэд мөнгө эхрэгтэй байна, айл болгоноос 60.000 /жаран мянган/ төгрөг хураана, сэлбэг Хятад улсаас захиалж авчирна гэсэн тайлбарыг тавихад бид татгалзалгүй төлсөн.
Лифт ажиллаагүй саруудад би СӨХ-ийн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж байсан. Сарын СӨХ-ийн төлбөрт лифтний хураамж болох 6.000 /зургаан мянган/ төгрөг багтаж байсан бөгөөд 1. Лифт огт ажиллаагүй, 2. Лифтний засварын төлбөрийг урьдчилаад төлчихсөн тул СӨХ-ийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлт тавьсан.
СӨХ-ийн даргад удаа дараа 1 жилийн хугацааны СӨХ-ийн төлбөрт багтаж байгаа лифтний мөнгө, урьдчилан авсан засварын мөнгө гээд нийт 132.000 төгрөгийг төлбөрт суутган тооцож хасвал СӨХ-ийн үлдэгдэл төлбөрийг барагдуулан төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд СӨХ-ийн хуулийн зөвлөх гэж хэлсэн эмэгтэй ирж уулзах үед ч энэхүү тайлбараа хэлж, дэвтэр дээр нь тэмэдшглүүлэн гэр бүлийн хүн гарын үсгээ зурсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хос ирээдүй СӨХ нь хариуцагч С.Дашдоржид холбогдуулан, 396.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээнд: Нэхэмжлэгч Хос Ирээдүй СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хонгорзул би С.Дашдоржоос 396.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх хуралдаанаар С.Дашдоржтой эвлэрч нэхэмжилсэн 396.000 төгрөгнөөс 126.000 төгрөгийг татгалзаж үлдэгдэл 270.000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “ Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” , мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ. 74 дүгээр зүйлийн 74.4-т “ Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хос Ирээдүй СӨХ, хариуцагч С.Дашдоржоос нэхэмжилсэн СӨХ-ийн төлбөр 396.000 төгрөгнөөс нэхэмжлэгч 126.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 270.000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хос Ирээдүй СӨХ-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.530 төгрөгийн тал хувь буюу 6.265 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь буюу 6.265 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч С.Дашдоржоос 6.265 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Хос Ирээдүй СӨХ-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН