Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 212

 

Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгч Б.Доржхорлоогийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 484 дүгээр магадлалтай, 201525013047 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Даваадоржийн Ганзориг нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 онд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сартуул овогт Батхоролын Доржхорлоо нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт тус тус хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарыг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийг 3 жил 1 сар хорих, шүүгдэгч Б.Доржхорлоог 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Доржхорлоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би анхан шатны шүүх хурал дээр урьд өгсөн мэдүүлгүүдээ хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Харин шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчийн тавьсан асуултыг ташаа ойлгож өөрийнхөө гэм бурууг ойлгоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь бол би хохирогчийг яг цохиж хөнгөн гэмтэл учруулаагүй. Гэхдээ шүүх хуралдаанд эцсийн үг хэлэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн. Миний бие хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Урьд нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, харин одоо маргаан үүсгэх хүсэлтэй байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Доржхорлоогийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Доржхорлоо нь гэрчээр, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ болсон асуудлын талаар тогтвортой мэдүүлсэн. Б.Доржхорлоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсондоо их гэмшдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Мөрдөн байцаагч нь хэт нэг талыг барьж хэргийг шалгасан гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Доржхорлоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Доржхорлоо нь Д.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Тэмүүлэнгийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг,

-шүүгдэгч Д.Ганзориг нь Б.Доржхорлоотой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Тэмүүлэн /хх-20/, гэрч Г.Баасанжав /хх-34/, Б.Даваасүрэн /хх-9/, Д.Баасандулам /хх-89/ нарын мэдүүлгүүд, хохирогч Г.Тэмүүлэнгийн биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17234 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-51/, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул ялтан Б.Доржхорлоогийн “би хохирогчийг цохиж хөнгөн гэмтэл учруулаагүй, ... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх, өмгөөлөгч Т.Баярцэнгэлийн “...хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй... Мөрдөн байцаагч нь хэт нэг талыг барьж хэргийг шалгасан... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж” танхайрсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах талаар шүүгдэгч Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Доржхорлоог догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Д.Ганзоригийг танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Доржхорлоог Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан хяналтын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН