Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 102/2016/05335/И |
Дугаар | 931 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, *******, 11 дүгээр байр, ******* тоотод оршин суух ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, *******, , тоотод оршин суух /РД:/холбогдох
Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-0303/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож тэрээр энэ хэргийн хохирогч надад учруулсан хохирлыг бүрэн төлнө гэдгээ илэрхийлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Эрүүгийн хэрэгт хохирогч би мэс засалд орохдоо зарцуулж байсан ба уг хэрэгт нотлох баримтаар өгсөн 2 000 000 төгрөгний баримтыг гэмт хэрэг болсноос хойш нилээн хугацаа өнгөрч шүүх хурал болсон учир яг юунд зарцуулсаныг мартаж, шүүхэд буруу зөрүү тайлбарлаж байсны улмаас уг хохирол Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохиролд тооцогдож оос олгогдохоор шийдвэрлэгдээгүй, харин намайг медпор гэсэн 2 000 000 төгрөгний баримтыг шаардлага хангасан хэлбэрээр цуглуулж Иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ нээлттэй үлдээсэн юм. Иймд нэхэмжлэлд хавсаргасан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 000 000 төгрөгийг хариуцагч оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож тэрээр энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлнө гэдгээ илэрхийлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Эрүүгийн хэрэгт хохирогч мэс засалд орохдоо зарцуулсан 2 000 000 төгрөгийг гаргуулаагүй, иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй орхисон болно. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэмтэл учирсан гэдэгт маргахгүй байгаа. Энэ гэмтлийг мэс заслын аргаар эмчлүүлж, медбор гэдэг зүйлийг мэс заслын аргаар суулгасан гэдэг нь өвчний түүхээр нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнөх шүүх хуралдаанд эмчлэгч эмчийн тодорхойлолтыг зөвшөөрөхгүй, энэ эмч эмчилж байсан эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч “” эмнэлгээс ирсэн баримтад эмчийн гарын үсэг байна. Энэ хүн хэрвээ медпор суулгуулаагүй бол болохгүй гэсэн эмчийн дүгнэлтийг үндэслэж, энэ мэс заслын ажиллагаа хийгдсэн. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 000 000 төгрөгийг хариуцагч оос гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 000 000 төгрөгний баримтыг гэмт хэрэг болсноос хойш нилээн хугацаа өнгөрч шүүх хурал болсон учир яг юунд зарцуулсаныг мартаж, шүүхэд буруу зөрүү тайлбарласны улмаас хохирол шийдвэрлэгдээгүй гэжээ. Нотлох баримтууд шаардлага хангахгүй, нөхөж бүрдүүлсэн байна гэж хариуцагч үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний журмаар шийдвэрлэхэд нотлох баримт байхгүй байгаа бөгөөд бид үйлдэл дээрээ маргаагүй байгаа. Хэргийн 6 дугаар хуудсанд байгаа. Наранцэцэг эмчийн тодорхойлолтон дээр тамга дараад гарын үсэг зурсан байгаа нь захирал мөн эсэх нь тодорхой биш байдаг. Үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үздэг. Мөн хэргийн 7 дугаар хуудсанд байгаа. Үүнийг нөхөж мэс засал хийлгэсэн гэх боловч баримтыг бол интернетээс татсан байна. Мөн хэргийн 7 дугаар хуудсан байгаа баримтан дээр бол өөр байгууллагын баримтан дээр бол өөр байгууллагын тамга тэмдэг дарагдсан байгаа. Мэс засал хийлгэхийн тулд зайлшгүй рентген зураг хийлгэсэн байх ёстой боловч зураг байхгүй байгаа. Мөн энэ хэрэг бол 2012 онд болсон байгаа. Тэгэхээр энэ бүх үндэслэлээр, нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч од зодуулсны улмаас ухархайн доод ханыг нөхөх мэс заслын эмчилгээ хийлгэсэн тул эмчилгээний зардал 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч ыг мэс засал хийлгэж, медпор суулгуулсан эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтыг нөхөн бүрдүүлсэн, хувийн эмнэлгийн баримт байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны 5 дугаар камерт эрүүлжүүлэгдэж байхдаа “эхнэр болон найз зул нарыг зодсон” гэх шалтгаанаар той маргалдаж улмаар түүний нүүр рүү цохиж, өшиглөн ын биед нь зүүн хоншоор ясны өмнөд хана, арын ханын зулгарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, гайморын хөндий дэх шингэн, хамрын ясны хугарал, дээд эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний 3 шүдний эмтрэл, уруулын арьсны зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1083 дугаар шийтгэх тогтоол, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 2-5-р хуудас/
Зохигч талууд 2012 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө зодоон болсон үйл баримтын талаар маргаагүй болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1083 дугаар шийтгэх тогтоолоор ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна. /хэргийн 2-5-р хуудас/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас мэс ажилбар хийлгэж, хамрын цөмрөлт, ухархайн доод ханыг медпор суулгац тавьж нөхсөн эмчилгээний зардалд 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг суулгац болох медпорыг 2 000 000 төгрөгөөр авсан гэж “” ХХК-ийн зарлагын падаан, “” эмнэлгийн нүдний эмчийн эрүүл мэндийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэс засал хийгдэж уг суулгац болох медпорыг нөхсөн эсэх нь эргэлзээтэй, толгойн рентген зургийг шүүхэд ирүүлээгүй, “” ХХК-ийн зарлагын падааныг нөхөн бүрдүүлсэн, мөн “” эмнэлгийн тодорхойлолтод “ элит” ХХК-ийн тамга дарагдсан, хувийн эмнэлгийн баримт тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Хариуцагч ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ын биед зүүн хоншоор ясны өмнөд хана, арын ханын зулгарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, гайморын хөндий дэх шингэн, хамрын ясны хугарал, дээд эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний 3 шүдний эмтрэл, уруулын арьсны зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлсэн, мэс засал, мэс ажилбар хийлгэсэн болох нь ын өвчний түүх, мэс, засал мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 46-57-р хуудас/
Хэрэгт авагдсан “” эмнэлгийн өвчний түүхийн эмчлүүлэгчийн анамнезид “...2012 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед эрүүлжүүлэх дотор унтаж байхад нь дээрээс хөлөөрөө дэвсэлсэн гэнэ. Тухайн үед ухаан балартаж, хамраас их цус гарсан, нүүр ам битүү хавдсан”, эмчилгээний төлөвлөгөөнд “...ерөнхий унтуулгын дор мэс заслаар ухархайн цөмрөлтийг нөхөж, гайморын хөндийд баллон тавих”, мөн мэс заслын тэмдэглэлд бичигдснээр “...мэс засал эхэлсэн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 4 минут, үргэлжилсэн 2 цаг 30 минут, мэс заслын бичлэг: ...ухархайн доод ханын дотор цөмрөлттэй медпор инпалантаар нөхөлт хийв”, “” ХХК-ийн зарлагын падаанд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр медпор 2 000 000 төгрөг” гэсэн байх тул нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас мэс ажилбар хийлгэсэн, уг мэс ажилбараар ухархайн доод ханын цөмрөлтийг медпор имплантаар нөхсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэс засал хийлгэсэн эсэх, медпор суулгасан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарласан нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “” эмнэлгийн нүдний эмчийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан өвчний түүхээр “” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн болох нь нотлогдож байх бөгөөд хувийн эмнэлгийн баримт нь эргэлзээтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч оос нэхэмжлэгч ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан мэс засал хийлгэж, ухархайн доод ханын цөмрөлтийг медпор имплантаар нөхөн суулгасан зайлшгүй зардал болох 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2012 онд болсон үйл баримтыг одоо нэхэмжилж байна гэсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааснаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан шаардах эрхийг нэхэмжлэгч нь гэм хор учирснаас хойш 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч оос 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ц.САНСАРМАА
Да.ЭНХЦЭЦЭГ