Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1993

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00693 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХинд холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х нь Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ХХны Ерөнхийлөгчийн Б431 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус тушаал гарах хүртэл би ямарваа нэг сахилгын шийтгэлгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 заалт, дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн улсын байцаагчийн 2016/060/001 дүгээр актыг үндэслэл болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь 2016 оны 05 дугаар сарын 13-20-ны өдрийн хооронд Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газар /цаашид ДХҮАЭГ гэх/-аас иж бүрэн шалгалт хийгдэхэд тус хэлтэс нь онц үнэлгээ авсан байхад мэдээллийн дагүу гэсэн удирдамжаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэсэгчлэн шалгалт хийж дээрх ХХны Улсын байцаагчийн актыг тавьсан. Шалгалтын ажлын хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тухайн асуудлаар хариу тайлбар гаргасан Улсын байцаагчийн зөрчил илэрсэн тухай акт тогтоосон шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй талаар журмаар зохицуулсан байдаг. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №2016/060/001 дэх Улсын байцаагчийн мэдэгдэлд зөрчил тогтоосон актаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн дагуу ажлын тайлангаа 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор ДХҮАЭГ-т хүргүүлэх талаар дурьдсан гэтэл ийнхүү акттай холбоотой гомдол гаргах хугацаа, зөрчил тогтоосон актын дагуу ажлын тайланг хүргүүлэх хугацаа буюу 2016 оны 08 дугаар сарын 30 гэх хугацаа өнгөрөөгүй байхад тус зөрчлийг үндэслэн Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дээрх тайлбарт тус хэсэгчилсэн шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр илрүүлэн холбогдох арга, хэмжээг авч ажилласан тухай 2015.17.01-2015.12.31-ний агуулахын үлдэгдлийн мэдээ тайлангийн хамт архивын нэгж болгон хадгалсан тухай дурьдсан. Хэсэгчилсэн шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлөөр ХХ болон харилцагч, бусад этгээдэд хохирол учраагүй.

Тушаалын үндэслэл болох ХХны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.2-т зааснаар бол ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол энэ тухай өөрт нь мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл урьдчилан шийдвэрлэх хуулийн хугацаанд тус актыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй нь ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхолыг үл хүндэтгэсэн хууль бус тушаал юм. Хэрэв дээрх хэсэгчилсэн шалгалтаар зөрчил гаргасан гэж үзвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байсан байна. Иймд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ХХны Ерөнхийлөгчийн Б431 тоот тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм. Тиймээс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Төв банк /ХХ/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ХХны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээллийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Уг шалгалтын зорилго, хамрах хүрээ 1.Төрийн банкны салбарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн 581900560084 журналын дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн 582000550087 журналын дугаартай тус бүр 120 000 төгрөгийн гүйлгээ нь холбогдох хууль, журам, заавартай нийцэж байгаа эсэх, дээрх гүйлгээтэй холбоотой ХХны хэлтсээс зузаатгал олгосон гүйлгээ нь холбогдох хууль, журам, заавартай нийцэж буй эсэх, дээрх гүйлгээтэй холбоотой баримтыг Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтэст ДХҮАЭГ-аас хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын ажлын хэсгээс нуун дарагдуулсан эсэх, Төрийн банкны Өвөрхангай аймгийн салбар нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХХны хэлтсээс 123 500 000 төгрөгийн зузаатгал авсан бөгөөд зузаатгалаар хүлээн авсан мөнгөн тэмдэгтийг тоолж шалгахад 20.000-тын дэвсгэртээс 6 ширхэг буюу 120 000 төгрөг дутагдсан байдаг. Төрийн банк нь уг дутагдлын талаар ХХны хэлтэст утсаар мэдэгдэн дутагдлын дансанд бүртгэсэн Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсээс 12 дугаар сарын 08-ны өдөр утсаар ярьж "дутагдлын учир олдсон тул мөнгөө ирж ав" гэсэн хариу өгч дутагдсан 120 000 төгрөгийг ямар ч гүйлгээ, баримтгүйгээр зүгээр бэлнээр гараас гарт шууд өгсөн нь ХХны Ерөнхийлөгчийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан "Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам"-ын 2.20 дахь заалт, ХХны Ерөнхийлөгчийн 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 629 дүгээр тушаалаар батлагдсан "ХХны кассын ажиллагааны журам"-ын 2.6, 2.7, 2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. ХХны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас тус хэлтэст газар дээрх иж бүрэн шалгалтыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийсэн. Шалгалтын эхний өдөр тус хэлтэст шалгалт хийх талаар ХХны Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийг танилцуулж, түүнд хэлтсийн ажилтнууд нь шалгалт хийхэд шаардлагатай бүх мэдээлэл, зохих тайлбарыг шалгалтын ажлын хэсэгт мэдээлэх үүргийг хүлээж байгааг ХХны хэлтсийн бүх ажилтнуудад танилцуулсан. Шалгалтыг нийт 8 өдөр хийх хугацаанд ХХнаас олгосон мөнгөнөөс дутсан зөрчлийн талаар мэдэж байсан хэлтсийн бүх ажилтнууд шалгалтын ажлын хэсэгт огт мэдээлээгүй.

Хэлтсийн нягтлан бодогч болон захирал нар гарсан зөрчилд холбогдох журмын дагуу гүйлгээг тухай бүр хийгээгүй, 2015 оны 12 дугаар сарын 07-08 өдрийн касс, мемориалын баримт, агуулахын үлдэгдлийн мэдээ, тайланд зөрчилтэй холбогдох ямар нэгэн баримт байхгүй, Төрийн банкинд зузаатгалаар олгосон мөнгөн дэвсгэртээс дутагдсантай холбогдуулан касс, бэлтгэл санг тоолох болсон шалтгааныг удирдамж болон ажлын тайланд тусгаагүй, Төрийн банкны Өвөрхангай салбарт олгосон зузаатгалаас дутагдал илэрсэн талаар мэдэгдсэн байхад 2015 оны 12 дугаар 07-08-ны өдрийн касс, бэлтгэл сангийн үлдэгдлийг тоолж шалгасан акт, ажлын тайланг "зөрүүгүй", "зөрчилгүй" гэж 2 удаа үйлдсэн байна. Иймд ХХны хэлтэст гарсан зөрчлийг 2016 оны 5 дугаар сард газар дээрх иж бүрэн шалгалт хийсэн ажлын хэсгээс нуун дарагдуулсан гэж дүгнэсэн. Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас тус хэлтэс дээр хийсэн хэсэгчилсэн шалгалтын дүнг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ХХны захирлуудын зөвлөлийн хурал дээр танилцуулж тус хурлаас шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын дагуу авах арга хэмжээний талаарх саналаа хууль зүйн талаас нь судлан шинэчлэн боловсруулах үүргийг протоколоор өгсөн. Үүний дагуу судлан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 131.1.3 дахь заалт, "ХХны хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.1, 10.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Улсын байцаагчийн №2016/060/001 дүгээр акт, ХХны захирлуудын зөвлөлийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан тул ХХны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б-431 дүгээр тушаалаар Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн захирал Хд сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон болно. Иймд ХХны зүгээс нэхэмжлэгч Хг ажлаас халахдаа хууль, журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Хг Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 187 068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Хд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Хгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ХХинд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХнаас улсын тэмдэгтийн хураамжид 81 943 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХны давж заалдах гомдолд: ИХШХШТХ-ийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч нь хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг өөрөө бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба мөн хуулийн 25.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байдаг. Үүний дагуу ХХны зүгээс дээрх эрх, үүргийн хүрээнд Хтэй холбоотой нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн дахин гаргаж өгөх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хангалгүйгээр шууд шийдвэр гаргасан.

ИХШХШТХ-ийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримт дээр тулгуурлан шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар явагдах, ИХШХШТХ-ийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг шүүгч тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргах учиртай байтал энэхүү зарчмыг алдагдуулж нотлох баримт гарган өгөх боломжоор хангалгүйгээр дутуу баримт, материалыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

ИХШХШТХ-ийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хурлыг нэг удаа хойшлуулах тухай захирамж гаргах эрх нь шүүгчид байхад хариуцагч талын хүсэлтийг хангалгүй шийдвэр гаргасан.

ХХнаас гаргаж өгөх байсан нотлох баримт нь нэхэмжлэгч Хгийн гаргасан зөрчлийг хууль, журмын дагуу илрүүлж, тогтоосон ХХны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын шалгалтын акт, материал болон бусад шаардлагатай баримтууд байсан. Дээрх нотлох баримтууд нь шүүх ажиллагааны явцад хэргийг олон талаас нь зөв зүйтэй хянан хэлэлцэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүх Хд сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хэсгийг үндэслэсэн нь буруу гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Х нь Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн захирлаар ажиллаж байх хугацаандаа гаргасан /Төрийн банкны салбарт олгосон зузаатгалаас нийт 120 000 төгрөг дутагдаж, уг дутагдлыг ямар ч кассын баримтгүйгээр нөхөж өгсөн ба энэхүү үйлдлээ шалгалтын комиссоос санаатайгаар нуун дарагдуулсан/ зөрчил нь мөнгө санхүү хариуцдаг хариуцлага өндөртэй албан тушаал хашдаг ажилтны хувьд ажилдаа хариуцлагагүй хандаж, гаргасан зөрчлөө шалгалтын комиссоос санаатайгаар нуун дарагдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн итгэлийг алдсан шууд үйлдэл юм.

Хгийн гаргасан зөрчлийг ХХны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хэсэгчилсэн шалгалтыг хийж шалгалтын акт, материалаар тогтоосон.

Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15.5-д зааснаар "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино" гэж заасан тул ХХ нэхэмжлэгч Хд сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халахдаа ХХны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын шалгалтын акт, дүгнэлтийг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгтэй бүрэн нийцэж байгаа юм.

 

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХинд холбогдуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Х нь нярав, нягтлан нартаа хяналт тавиагүй, зузаатгалын мөнгөнөөс 120 000 төгрөг дутаасан зөрчил гаргасан гэж маргасан байна.

 

            Хариуцагч ХХ нь нэхэмжлэгч Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, Өвөрхангай аймаг дахь ХХны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

            Тэрээр нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХХны хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Улсын байцаагчийн 2016/060/001 дүгээр акт, ХХны захирлуудын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн касс, бэлтгэл сангийн ажиллагаанд журмын дагуу дараалсан хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, итгэл алдсан зөрчил гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн, “нэхэмжлэгч Хг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХХны хэлтсээс авсан зузаатгалын 123 500 000 төгрөгөөс 20 000-ын дэвсгэрт 6 ширхэг буюу 120 000 төгрөг дутаасан, 120 000 төгрөгийг ямар ч гүйлгээ, баримтгүйгээр, бэлнээр гараас гарт шууд өгч ХХны Ерөнхийлөгчийн 2005 оны "Мөнгөн тэмдэгт хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журам", 2002 оны ХХны кассын ажиллагааны журмыг зөрчсөн" гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох ёстой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй болохыг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчид тайлбарлан өгсөн байх боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч талаас шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 187 068 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА  

           

                                                    ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ     

                                                                                                         

                                                                                                          А.МӨНХЗУЛ