Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2016/08288/И |
Дугаар | 6480 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 6480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны Л. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5271894 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 32/1 Эй Би Цэнтр 504 тоотод оршин байх Легал Полиси ХХН-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЗЮ75062664 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байрны 1 тоотод оршин суух Боржигин овогт Цэндсүрэнгийн Энхтуяад ,
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 6.250.000 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг нийт 6.256.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Энхтуяа нь манай өмгөөллийн Легал Полиси ХХН гүйцэтгэх захирал өмгөөлөгч Б.Даваажанцантай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авсан. Тус гэрээний дагуу түүний нэхэмжлэлтэй Я.Эрдэнэбатад холбогдох хариуцагчаас 126.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Даваажанцан, өмгөөлөгчийн туслах Ч.Нямцоож нар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр талууд Эвлэрлийн гэрээ байгуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5433 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа гэрээ-ний хавсралтаар эрх зүйн туслалцааны төлбөрийг 6.250.000 төгрөгөөр тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 4.250.000 төгрөгийг шүүхийн маргаан шийдвэрлэгдсэний дараа тус тус Өмгөөллийн Легал Полиси ХХН-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453151605 тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэхүү эрх зүйн туслалцааны төлбөрийг өдрийг хүртэл хариуцагч төлж барагдуулаагүй байгаа ба өнгөрсөн хугацаанд түүнд удаа дараа төлбөрөө төлөхийг сануулж шаардаж байсан боловч сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтаар тохиролцсон төлбөр 6.250.000 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг нийт 6.256.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Капитрон банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээлийг тус тус авч, авсан бүх мөнгөө зээл авсан өдөр нь тухайн бүр нь өөртөө ямар ч мөнгө авалгүйгээр найз Я.Эрдэнэбатад зээлийн гэрээ байгуулан өгсөн билээ. Я.Эрдэнэбат нь сар бүр банкинд төлөх төлбөрийг өгч байснаа 2014 оноос эхлэн сарын төлбөрийг 2-3 сараар хоцроож эдийн засгийн хямралаас болж хөрөнгө оруулалтын асуудал нь бүтэмж муутай байна гэсээр улмаар 2014 оны 11 дүгээр сараас хойш мөнгө өгч чадахаа больсон. Энэ хугацаанаас хойш банкинд гарсан бүх хүү, алданги, үндсэн зээл зэргийг би өөрийн ах, эгч танил нөхдөөс хүүтэй болон хүүгүйгээр зээлж, Я.Эрдэнэбатын өмнөөс төлсөөр сүүлдээ Капитрон банкинд мөнгө нэмж төлөх аргагүй болсон. Ингээд өөрийн нөхрийн эгчээр дамжуулан 2015 оны 5 дугаар сарын 17-нд анх нөхрийн хамт өмгөөлөгч Б.Даваажанцантай уулзаж учир байдлаа ярьж, өөрт байсан баримтууд болон зээлийг гэрээг үзүүлсэн. Б.Даваажанцан таны гэрээ, бичиг баримтууд бүгд хуулийн дагуу хийгдсэн юм байна иймд шүүхэд яаралтай өгөх хэрэгтэй хугацаа алдаж болохгүй манайхаар өмгөөлөгч хийлгэвэл та заргаа 100 хувь авах боломжтой бид таны өмнөөс шүүхийн бүх шатнад болон шийдвэр гүйцэтгэлээр төлбөр төлүүлэх бүхий л ажиллагааг бүрэн найдвартай гүйцэтгэж чадна гэж хэлсэн. Б.Даваажанцангийн ярианд итгэл үнэмшил төрж улмаар 5 дугаар сарын 18-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед төлбөр чинь их өндөр юм байна хэрвээ эвлэрвэл яах вэ гэж асуухад Б.Даваажанцан юу ч гэсэн гэрээндээ ингээд тусгачихья хэрэв эвлэрвэл бүр л сайн тэр үед нь төлбөрөө багасгаад тохиролцож болно шүү дээ гэж хэлсэн. Гэрээ байгуулж байх үед би одоогоор ажилгүй, нөхөр маань групптэй болохоор бидэнд ямар ч төлбөрийн чадвар байхгүй урьдчилгаа төлбөр төлөх ямар ч боломж алга, Эрдэнбатаас мөнгөө авахаараа л мөнгө төлөх боломжтой болно гэж хэлэхэд Б.Даваажанцан бид ойлголоо нэгэнт туслалцаа үзүүлж байгаа болохоор төлбөрийн тал дээр уян хатан байж болно гэж хэлсэн. Маргааш нь шүүхэд нэхэмжлэл бичиж өгөхөөр тохиролцсон байсан боловч гэрээ байгуулснаас хойш Б.Даваажанцан анх уулзснаас өөр зан гаргаж утсаа ч авахаа больсон тул ажил дээр нь очиж хүлээж байгаад уулзахад би шүүх хуралд л очиж оролцдог бусад ажлыг туслах Нямцоож хийнээ гээд харьцахаа ч больсон. Би өөрөө Я.Эрдэнэбатыг шахсаар байж эвлэрлийн гэрээ байгуулахаар дагуулж ирсэн. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 30-нд эвлэрлийн гэрээг Нямцоожид хэлж бичүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 15-нд Нямцоож над руу утасдан нөгөө эвлэрлийн гэрээнд тусгасан барьцаа хөрөнгөөр үүргийн хангуулах хэсгийг чинь шүүх батлахгүй байна хасууллаа шүү гэж ярьсан. Энэ өдрөөс хойш миний асуудлыг огт тоохоо больсон боловч төлбөрийг байнга нэхдэг. Эрдэнэбат нь эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул би өөрөө шүүхэд хандаж, албадан гүйцэтгүүлэх захирамж, шийдвэр гүйцэтгэлийн хуудас гаргуулах хүсэлт гаргаж албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаас гаргуулж, Шийдвэр гүйцэтгэх байгууллагад би өөрөө хүргэж өгч, гэрээ байгуулан хөөцөлдөж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь Эрдэнэбатараа одоог хүртэл төлбөрийг төлүүлж чадаагүй байна. Барьцаанд байгаа байраар хангуулья гэхээр шүүхээс тийм шийдвэр гараагүй учраас боломжгүй гэж хэлдэг. Тэгэхээр нь барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж өгсөн боловч боломжгүй гэсэн хариу өгдөг. Яагаад болохгүй юм бэ гэхэд барьцаа хөрөнгө эхнэрийнх нь нэр дээр байдаг, та нар эхнэрийг нь эвлэрлийн гэрээ байгуулахдаа хамт байлцуулж, гарын үсгийг нь зуруулахгүй яасан юм бэ гэсэн хариу хэлдэг. Би анх зээлийн гэрээ байгуулахад байрны барьцаа дээр Эрдэнэбатын эхнэр Баяртуул нь нөхөртөө хүчин төгөлдөр итгэмжлэл өгсөн, улмаар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газараар баталгаажуулсан гэрээтэй. Гэтэл Б.Даваажанцан нь анх ярилцаж тохиролцсон шигээ тууштай байж миний эрх ашгийг бүрэн хамгаалж туслалцаа үзүүлж чадаагүйн улмаас би одоог хүртэл Эрдэнэбатаас төлбөрөө авч чадаагүй, өөрийн амьдарч буй байраа Капитрон банкинд зээлийн барьцаанд алдахад тулаад байна. Легал Полиси-ийн өмгөөлөгч Даваажанцан нь тууштай байж эрх зүйн туслалцаагаа бүрэн гүйцэд үзүүлж чадаагүй гэж би үзэж байна. Мөн миний төлбөрийн чадваргүй байгаа байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Легал Полиси ХХНөхөрлөл нь хариуцагч Ц.Энхтуяагаас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 6.250.000 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг нийт 6.256.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нь миний хууль ёсны эрх ашгийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамгаална гэсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Я.Эрдэнэбатад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр оролцох, уг асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/
Монгол улсын Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд энэ төрлийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн зохицуулалтаас илүүтэйгээр даалгаврын гэрээний эрх зүй илүү тохиромжтой нарийвчлан зохицуулсан тул шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч Легал Полиси ХХН нь Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Я.Эрдэнэбатад холбогдох иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож, уг хэргийн зохигч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5433 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна./хх-ийн 8-12 дугаар тал/
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний Хавсралтад эрх зүйн туслалцааны төлбөрийг 6.250.000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор, гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.250.000 төгрөгийг шүүхийн маргаан шийдвэрлэгдсэний дараа тус тус төлөх, гэрээний урьдчилгаа төлбөр болох 2.000.000 төгрөгийг өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардалд тооцохоор харилцан тохиролцжээ.
Хариуцагч Ц.Энхтуяа нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний Хавсралтын 1.1-д заасны дагуу урьдчилгаанд төлөх өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардлыг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ц.Энхтуяа нь гэрээгээр тохиролцсон өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал 2.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Эрдэнэбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.250.000 төгрөгийг шүүхийн маргаан шийдвэрлэгдсэний дараа төлөхөөр талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-д ...маргаан шийдвэрлэгдсэний дараа гэснийг шүүхээс Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүх хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцэслэн шийдвэрлэсэн харин маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 4.250.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар харицагч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 6.500 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ц.Энхтуяа нь Легал Полиси ХХНөхөрлөл нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагад миний хууль ёсны эрх ашгийг бүрэн төлөөлнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч Ц.Энхтуяагаас 2.006.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Легал Полиси ХХН-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.250.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Энхтуяагаас 2.006.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Легал Полиси ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.250.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхтуяагаас 47.054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Легал Полиси ХХН-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ