Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 330

 

охигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Люкс төв 46 байр, 301 тоотод оршин байрлах “Экобиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр  хороо, Нүхтийн зам гудамж, 34/7-1 тоотод оршин суух Батхаан овогт Зоригтын Ганбаярт /РД:НХ82123010/ холбогдох,

Цэцэрлэгийн төлбөрт 5 808 000  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөчг С.Мөрөн, Д.Оргил нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Экобиз” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2-6 хүртлэх насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг явуулдаг.

Иргэн Зоригт овогтой Ганбаяр /РД:НХ82123010/ нь 2015 оны 8 сарын 24-ны өдөр Ө-01, Н-2 тоот “Эцэг Эх Асран хамгаалагч, Цэцэрлэгийн захиргаа, багш нарын хооронд байгуулах гурвалсан гэрээ”- г цэцэрлэгтэй байгуулж энэхүү гэрээний дагуу түүний хүүхдүүд болох Г.Гуасэцэн /РД: УЖ12301941 / болон Г.Ханжигүүр /РД:УЗ 11301910/ нар 2015 оны 8 сарын 24-ны өдрөөс 2016 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл нийт календарын 11 сар 9 өдрийн хугацаанд манай цэцэрлэгт хамрагдсан.

Манай цэцэрлэгийн 2-3,5 насны хүүхдийн бага бүлэгт хамрагдагч хүүхдийн сарын төлбөр 880 000 (найман зуун наян мянга) төгрөг, 3,5-6 насны хүүхдийн ахлах бүлэгт хамрагдагч хүүхдийн сарын төлбөр 950 000 (есөн зуун тавин мянга) төгрөг байдаг.

Гэвч иргэн Ганбаярт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж хүүхэд тус бүрийн төлбөрийг сарын 792 000 /долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөг болгон бууруулсан. Цэцэрлэгийн зүгээс гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ бүрэн биелүүлж Г.Гуасэцэн, Г.Ханжигүүр нарын эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэн ажилласан юм.

З.Ганбаяр нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж, төлбөр төлөх чадваргүй байгааг цэцэрлэгт мэдэгдсэн тул бид нөхцөл байдлыг харгалзан үзэж төлбөрийг тавин хувиар хөнгөлж 2016 оны 1 сараас эхлэн хоёр хүүхэд тус бүрийн цэцэрлэгт хамрагдсаны төлбөрийг сар тутамд 440 000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг болгон бууруулсан юм.

Гэрээ байгуулснаас хойш З.Ганбаяр нь тохиролцсон төлбөрийг төлөхгүй байсаар 2016 оны 4 сарын 18-нд бэлнээр 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс хойш дахин төлбөрөө төлөхгүй хугацаа алдах болсон тул З.Ганбаатарыг төлбөрөө төлөх баталгаа бичиг үйлдэхийг хүсэхэд 2016 оны 5 сарын 4-ны өдөр төлбөрийн үлдэгдэл болох 7 168 000 /долоон сая нэг зуун жаран найман мянган/ төгрөгийг “Эко гэр цэцэрлэг” БСБ-д 2016 оны 5 сарын 30-ны өдрийн дотор төлнө хэмээн баталгааны бичиг үйлдэн гарын үсэг зурсан байдаг. Үүнээс хойш 2016 оны 5 сарын 12-нд 1 360 000 /нэг сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг.

З.Ганбаяр нь үлдэгдэл төлбөр болох 5 808 000 /таван сая найман зуун найман мянган/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Г.Гуасэцэн, Г.Ханжигүүр нар нь 2016 оны 6 сарын 3-ны өдрөөс хойш цэцэрлэгт хамрагдахаа больсон бөгөөд түүнээс хойш З.Ганбаяр нь утсаа салгаж цэцэрлэгт ямар нэгэн тайлбар өгөөгүй, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс илт зайлсхийх болсон юм гэжээ.

 

Хариуцагч З.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

            Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Экобиз” ХХК нь хариуцагч З.Ганбаярт холбогдуулан хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 5 808 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.1. нэхэмжлэгч нь 2016 оны 6 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 5 808 000 (таван сая найман зуун найман мянган) төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

1.2.Хариуцагч нь “Эко гэр цэцэрлэг” БСБ-тай 2015 оны 8 сарын 24-ний өдөр Ө-01, Н-2 тоот “Эцэг эх асран хамгаалагч, цэцэрлэгийн захиргаа, багш нарын хооронд байгуулах гурвалсан гэрээ”-г байгуулж өөрийн хүүхдүүд болох Ганбаяр овогтой Ханжигүүр, Ганбаяр овогтой Гуасэцэн нарыг “Эко гэр” цэцэрлэгт 2015 оны 6 сарын 22-ны өдрөөс, 2016 оны 6 сарын 3-ны өдрийг хүртлэх хугацаанд хамруулсан болно.

1.3.Цэцэрлэгийн зүгээс харицагч хоёр хүүхэд хамруулж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оныг дуустал хүүхэд тус бүрийн сарын 880 000 (найман зуун наян мянган) төгрөгөөс тус тус 10 хувийг хөнгөлж хүүхэд тус бүрт сарын 792 000 (долоон зуун ерөн хоёр мянган) төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хоёр хүүхэд нийлээд 1 сарын төлбөр буюу 880 000 (найман зуун наян мянган) төгрөг хөнгөлөлтийг хариуцагчид үзүүлж байсан болно.

1.4.Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн нийт шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийн заалтыг үндэслэн гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно.

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015 оны 8 сарын 24-ний өдөр Ө-01, Н-2 тоот “Эцэг эх асран хамгаалагч, цэцэрлэгийн захиргаа, багш нарын хооронд байгуулах гурвалсан гэрээ”-г байгуулсан болохоо бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний үнийн дүнгээс 5 808 000 (таван сая найман зуун найман мянган) төгрөгийг төлбөрийг нэхэмжлэгчид төлж барагдуулах шаардлагыг дараах нөхцөлүүдээр харилцан тохиролцсоны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:

2.1.1.Хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах бөгөөд ийнхүү төлөхдөө дараах хуваарийн дагуу хэсэгчлэн нэхэмжлэгчид төлнө.

 

Хугацаа

Төлөх төлбөрийн хэмжээ

1

2016 оны 8 сарын 15

1 936 000 (нэг сая есөн зуун гучин зургаан мянган)төгрөг

2

2016 оны 9 сарын 15

1 936 000 (нэг сая есөн зуун гучин зургаан мянган)төгрөг

3

2016 оны 10 сарын 15

1 936 000 (нэг сая есөн зуун гучин зургаан мянган)төгрөг

 

Нийт:

5 808 000 (таван сая найман зуун найман мянган)төгрөг

 

2.1.2.Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэхгүй болно.

2.1.3.Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулагдсан цагаас эхлэн энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгүүдэд зааснаас бусад тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах, эрх бүхий байгууллагад хандахгүй болно.

2.1.4. Хариуцагч нь энэхүү гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх хуваарь хугацааг эхний удаад хоцорсон тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахгүй болно” гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5 808 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 5 808 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 936 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-нд 1 936 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 1 936 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 109 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэсэн тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.  

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                         

                                                                                          

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Экобиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Ганбаярт холбогдох хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 5 808 000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5 808 000 төгрөгийн хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 5 808 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 936 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 936 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 936 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 53 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

      

 

 

 

 

ШҮҮГЧ                          Д.ХУЛАН