| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01334/и |
| Дугаар | 1457 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01334/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ****** дугаар баг,*** тоотод оршин суух Л*** Э*** /РД: *** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, үйлдвэрийн раойн, *** ХК-д холбогдох
"2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2011 оны 09 дүгээр сараас өдийг хүртэл Төмөрлөгийн үйлдвэрийн авто зам төслийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ажлаас халсан тушаалыг ямар ч баримт нотолгоогүйгээр цуцалсан байсан тул 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус компанийн Авто замын төслийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ч.Э*** нь ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь төслийн менежерын тодорхойлолт, өөрийнх нь бичиж өгсөн тайлбар, цуг архи уусан ажилтан, ээлжийн сувилагчийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4-т зааснаар цуцалсан болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Э*** нь “*** “ ХК-ийн захиралын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ч.Э*** нь“*** “ ХК-ийн Авто зам төслийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд 2011 оны 09 дүгээр сарын 27-ноос эхлэн ажиллаж байгаа буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч ажил олгогч “*** “ ХК–ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4 дэхь заалтыг үндэслэн ... 2016 оны 07 дугаарс арын 24-ний өдөр ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Дээрхи *** тоот тушаалд ажилтан Ч. Э*** ыг ажлаас чөлөөлж буй үндэслэлийг Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.4 дэхь ажилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын болон ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн бол, ажил ологогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4 дэхь заалт ... ажилд согтуу ирсэн, ажлын болон ахуйн байранд согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн бол гэснийг баримтласан бөгөөд ажил олгогчийн төлөөлөгч ажилтан Ч.Э*** тухайн өдөр өөрөө төслийн менежер Э.А***т ... 2016.07.24-нд монгол архи уусан нь үнэн болно /01.30-д/ гэж бичиж өгсөн, мөн тухайн өдөр ээлжинд гарч байсан ажилтан Б.Ж*** , Э.А***, бага эмч С.Б*** нарын тодорхойлолтоор батлагдсан гэж тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч Ч.Э*** тухайн өдөр замын мастер Б.У*** ажилдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд энэ тухай удирдлагад мэдэгдэхгүй, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн цаашид ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд бүгд ажлаас чөлөөлөгдөхөд гомдолгүй гэж бичиг өгөн уурхайн хэсэг дээр ярилцсанаас би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж маргаж байгаа болно.
*** тоот тушаалын үндэслэл болж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гаргасан гэх ноцтой зөрчилийг ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заахыг хууль шаардах бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний /6 дугаар заалт/ хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл тохиолдолыг дурдахдаа ажилдаа согтуу ирсэн, ажлын болон ахуйн байранд согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн зэргийг ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон бөгөөд ажилтан Ч.Э*** ын хувьд дээрхи ноцтой зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
2016 оны 07 дугаар сарын 24 -ний өдөр “*** ” ХК-ийн ******* ******* ил уурхай дээр ээлжийн ажил гүйцэтгэж байсан Ч.Э*** нь ажил дээрээ согтуу байсан талаар шууд нотолсон баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл ажилтан Ч.Э*** нь уурхай буюу хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т зааснаар ажлын байранд ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн талаар төслийн менежер Э.А***т ... 2016.07.24-нд монгол архи уусан нь үнэн болно /01.30-д/ гэсэн бичиж өгсөн байна.
Харин түүнийг ажлын байранд архи хэрэглэсэн эсэх талаар зохигчдын хүсэлтээр хууль сануулан мэдүүлэг авсан гэрч С.Б*** ... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .... өглөө болгон ажилчиддаа эмчийн үзлэг хийж ажилд нь гаргадаг. 07 дугаар сарын 24-ний өглөөний үзлэгээр Ч.Э*** ын биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн байвал удирдлагад мэдэгдэж ажилд нь гаргадаггүй ... гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан асуусан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөрийн мэдүүлэгт ... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний үзлэгээр эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, Б.У*** согтуу байсныг нь цайны цагийн дараа Ч.Э*** өрөөнд нь оруулж өгөхөд Ч.Э*** оос бага зэрэг архи үнэртэж байсан ч тэр өдөр нь ажил алдагдуулаагүй, ажлаа хийгээд явж байсан гэж мэдүүлжээ.
Түүний гэрчийн мэдүүлэгт хавсарган өгсөн Авто зам төсөл ажилчдын үзлэгийн бүртгэл /кемп 2/ 2016.07.23 гэсэн бүртгэлийн бичвэр нь нэхэмжлэгч А.Э*** ын нэхэмжлэлд нотлох баримтаар хавсарган өгсөн гэрч С.Б*** ийн мэдүүлгээр өглөөний үзлэгээр Ч.Э*** ыг эрүүл байсан гэдгийг батлах гэж Ч.Э*** од өгсөн гэх Авто зам төсөл, ажилчдын үзлэгийн бүртгэл /кемп -2/ 2016.07.23 гэсэн нотлох баримттай бичвэрийн хувьд зөрүүтэй, заалт гэсэн хэсэг нь засвартай байна.
Харин түүний гэрчийн мэдүүлэгт хавсарган өгсөн Авто зам төсөл ажилчдын үзлэгийн бүртгэл /кемп 2/ 2016.07.24 .Ч.Э*** ХАБ/инженер *** гэсэн бүртгэл буюу хөдөлмөрийн дотоод журмын 11.2.11-т зааснаар уурхайн ажилтануудад үзлэг хйисэн эмчийн үзлэгт тодорхойлсон *** гэсэн үзүүлэлт нь Ч.Э*** /артерийн даралт/ -ыг тухайн өдөр ажлаа хэвийн үргэлжүүлэх боломжтой байсан эсэх, энэ үзүүлэлт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шууд нотлохгүй байна.
Мөн Авто зам төслийн менежер Э.А***т 2016.08.25 гэж огноолон ... замын инженер Б.Ж*** би ХАБЭА инженер Э*** , замын мастер У*** нартай 2016.07.24-д 01.30-д монгол архи ундааны савтай 1.5 литр уусан нь үнэн болно, мөн өдрөө монгол архи 1 аяга уусан нь үнэн болно гэж бичиж өгсөн Б.Ж*** 2016 оны оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... энэ өдөр Ч.Энхболодыг архи уусан эсэхийг нь мэдэхгүй, бид нар нэг өрөөнд байдаг, байнга ойроос харьцдаг, хэрвээ архи уусан байвал өглөө эмчийн үзлэгээр эмч үзээд ажилд нь гаргахгүй байсан гэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авахад ... өмнө нь шүүхэд ямар нэгэн асуудлаар ирж байгаагүй болохоор балмагдаад сандраад тулгамдсан байсан учир тухайн өдрийн үйл явдлын талаар архи уугаагүй гэж хэлсэн, Ч.Э*** жаахан үнэртүүлсэн байсан гэж мэдүүлсэн, мөн гэрч О.Доржрагчаа 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... 07 дугаар сарын 24-ний өдөр архи уусан байсныг мэдээгүй, хэрвээ уусан байсан бол ажилд нь гаргахгүй байх байсан, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авахад ... тус тусынхаа ажлыг хийгээд явж байсан болохоор архи уусан байсныг сайн мэдэхгүй гэж , гэрч А.Ганзориг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авахад ... 2016 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн үед архи уусан байсан эсэхийг мэдэхгүй, ажлаас 21:00 цагт буухад архи уусан шинжгүй байсан гэж, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулан мэдүүлэг авахад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ... Ч.Э*** инженер бид 2 унтахдаа толгойгоо нийлүүлэн унтдаг бөгөөд тэр шөнө архи уусан бол би мэдэх байсан учраас 2016 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Ц.Э*** инженер архи уугаагүй гэж, гэрч Э.А*** ... ажлын байранд архи уусан Ч.Э*** , Б.Ж*** нарт ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн үйлдэл байхгүй, Ч.Э*** , Б.Ж*** , Б.У*** нар хэлэхдээ бид нар архи уусан нь үнэн, бид нарыг халахгүйгээр арга хэмжээ авч өгөөч гэж хэлэхэд нь тус тусдаа болсон явдалын талаар бичиж өг, яаж шийдэхийг хуулийн хэлтэс шийдэх болохоор мэдэхгүй гэж хэлсэн. Архи уусан тухайгаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичиж өгсөн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нар ажилтан Ч.Э*** ыг ажлын байранд архи хэрэглэсэн талаар цагийн хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн, болсон гэх үйл явдлаас 1 сарын дараа тодорхойлолт бичиж өгсөн байна.
Иймд Ч.Э*** ыг ажлын байранд архи хэрэглэсэн, ажлын байрын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд тооцогдох зөрчил гаргасан гэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд “*** “ ХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто зам төслийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан *** тоот тушаал үндэслэлгүй тул түүнийг Авто зам төслийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг “*** ” ХК-иас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Э*** ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн тул ажил олгогч ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг мэдэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нь “*** “ ХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто зам төслийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан *** тоот тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ч.Э*** ыг Авто зам төслийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр 14-ний өдрийг хүртэлхи хугацааны цалинг “*** “ ХК-иас гаргуулж ажилтан нэхэмжлэгч Ч.Э*** од олгосугай.
3.Ч.Э*** оос ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4.Нэхэмжлэгч Ч.Э*** нь Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “*** “ ХК-иас тэмдэгийн хураамж 70 200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ