Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 102/2016/01801/И |
Дугаар | 107 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412-12 тоотод оршин суух, Хөгнө овогт Цэгмидийн Мартгэрэлийн /РД:ЖЮ78030807/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байр, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд холбогдох
Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 733 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням, гэрч Ц.Өнөрмаа , нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Ц.Мартгэрэл миний бие “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тушаалаар тус компанийн Удирдлага, санхүүгийн албаны даргаар томилогдсон.
Томилогдсон цагаасаа эхлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, амжилттай ажиллаж ирсэн.
Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 08 дугаар тушаалаараа намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн, “удирдах ажилтны ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, Захирлын зөвлөлийн хурлаар сануулах арга хэмжээ авч байсан ба энэ зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас минь халсан.
Энэхүү шийдвэр нь ямар ч бодит байдалтай нийцэхгүй бөгөөд миний эрх ашгийг зөрчсөн, хууль бус шийдвэр тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Тушаал гардаг өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө өөрийн ажил
үүргээ гүйцэтгэх хүрээнд гүйцэтгэх захирал Х.Цогтбаатарын албан өрөөнд орж, “...ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэлийн ажлын байрны тодорхойлолтыг албан бичгийн хамт Авилгатай тэмцэх газар руу хүргүүлмээр байна. Би таны өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулмаар байна, үүрэг чиглэл өгнө үү” гэтэл тэрийг боловсруулах шаардл
агагүй, би Баярцэнгэл та 2-ыг ажлаас хална гэж бодож байгаа. Та хоёр Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлыг турхирч хийлгэсэн биздээ” гэхэд нь би “Ямар үндэслэлээр халах юм бэ” гэж асуутал “Чи энэ байшинд удаа дараа зодолдоо биздээ” гэж хэлсэн.
Намайг ороход ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэл байсан ба дээрхи яриаг бүгдийг сонссон.
Би үүнийг сонсоод ямар нэг зүйл хэлэлгүй гарч өрөөндөө орсон ба тэр өдөртөө үдийн хойно хуулийн зөвлөх Амармөнх энэхүү тушаалыг надад авчирч өгсөн. Захирлын хэлээд буй Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тухайд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо хуралдсан бөгөөд уг хурлаар цалин хөлсний асуудал, хамтын гэрээг шинэчлэн байгуулах зэрэг санал шүүмжлэл гарч байсан. Миний бие Удирдлага, санхүүгийн албаны даргын хувьд захиргаагаа төлөөлөн хамтын гэрээ хийгдэхгүй хойшлоод байгаа шалтгаан нөхцлийн талаар тайлбар тавьж оролцсон.
Мөн ёс зүйн зөрчил гаргаагүй, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан зүйлгүй. Учир нь миний бие Удирдлага, санхүүгийн албаны даргын хувьд захирлын бүх тушаал надаар дамжин гардаг бөгөөд энэ хугацаанд надтай холбоотой ямар нэг арга хэмжээ авагдсан тушаал, шийдвэр гарч байгаагүй.
Харин ч энэ байгууллагад ажиллахдаа ажил хэргийн шаардлага тавьсныхаа төлөө бусдын хууль бус үйлдлийн улмаас удаа дараа хохирч биедээ хүртэл гэмтэл авч, хууль хяналтын байгууллагад хандсан боловч, байгууллагын нэр хүндэд харшлах тул өргөдлөө буцаан ав гэж удирдлагын зүгээс миний эрхэнд халдаж байсан.
Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байтал үндэслэлгүйгээр халж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Ц.Мартгэрэл намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Ц.Мартгэрэл миний бие тус шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан. Миний бие дээрхи шаардлагатайгаа холбогдуулан, “Ц.Мартгэрэл миний ажилгүй байсан нийт хугацааны цалин, хөлсийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас гаргуулах” шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.
Ц.Мартгэрэл намайг үүрэгт ажпаас үндэслэлгүй халсан “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилтийг хийлгэн,ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс болох 6.463.000 төгрөгийг: Үүнд: 1-р сарын үр дүнгийн шагнал 400.000 төгрөг, 1-р сарын цалингийн зөрүү 183.000 төгрөг, 2015 оны жилийн үр дүнгийн шагналт цалин 2.200.000 төгрөг, 2 сар болон 3 сарын цалин, үр дүнгийн шагнал нийлээд 3.520.000 төгрөг, 4 сарын 5 хүртэлх цалин 160.000 төгрөгийг тус тус “Диспетчерийн үндэсний төв” ХХК-аас гаргуулж өгнө үү.
Ц.Мартгэрэл миний бие тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс болох 7.903.000 төгрөгийг: Үүнд: 1-р сарын үр дүнгийн шагнал 400.000 төгрөг, 1-р сарын цалингийн зөрүү 183.000 төгрөг, 2015 оны жилийн үр дүнгийн шагналт цалин 2.200.000 төгрөг, 1 сар болон 3 сарын цалин, үр дүнгийн шагнал нийлээд 3.520.000 төгрөг, 4 сарын 29 хүртэлх цалин 1.600.000 төгрөгийг тус тус “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Ц.Мартгэрэл миний бие тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс болох 9.733.000 төгрөгийг: Үүнд: 1-р сарын үр дүнгийн шагнал 400.000 төгрөг, 1-р сарын цалингийн зөрүү 183.000 төгрөг, 2015 оны жилийн үр дүнгийн шагналт цалин 2.200.000 төгрөг, 1 сар болон 3 сарын цалин, үр дүнгийн шагнал нийлээд 3.520.000 төгрөг, 6 сарын 09 хүртэлх цалин, үр дүнгийн шагнал 550.000 төгрөгийг тус тус “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Мартгэрэлийг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан “Диспичерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Диспичерийн Үндэсний төв ХХК-ийн удирдлага санхүүгийн албаны даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Уг тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 11.3-в, хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн удирдах ажлтын ёс зүйн зөрчлийн удаа дараа гаргасан, захирлын зөвлөлийн хурлаар сануулах арга хэмжээ авсан ч давтан зөрчил гаргасан гэж уг тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах тухай заасан байдаг. Хариуцагч тал Мартгэрэлийг сахилгын зөрчил удаа дараа гаргасан тул ажлаас халсан гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байдаг. Мартгэрэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ажлаас халах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг хамтад нь баримталсан атлаа хуулийн яг аль зүйл заалтыг баримтлан ажлаас халах тушаал гаргасан нь ойлгомжгүй байдаг. Сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн байдаг ч тушаал гаргах үед ямар сахилгын зөрчлийг үндэслэн ажлаас халсан нь тодорхойгүй байна. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын №07 дугаар тэмдэглэлд Мартгэрэл, Өнөрмаа нарыг хоорондоо асуудлыг ярилцах ёстойг сануулсан байдаг ба Мартгэрэлд энэ хурлаар сахилгын шийтгэл ноогдуулаагүй юм. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн №07 дугаартай хурлын тэмдэглэл баримтаар авагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг шийдвэр гаргаж ноогдуулна гэж заасан байдаг. Энэ талаар ямар нэг эрх зүйн акт гараагүй байдаг. Мөн сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №08 тушаалыг хүчингүй болгож, Диспичерийн үндсэний төв ХХК-ийн удирдлага санхүүгийн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 9 733 000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Мөн өнөөдрийн шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч ирээгүй байна. Нэхэмжлэгч нь ажилгүй, асуудлаа ч шийдвэрлүүлж чадахгүй, цалин хөлсгүй хохирч байгааг шүүх анхаараарай гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Мартгэрэл нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн удирдлага,санхүүгийн албаны даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК нь нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот тушаалаар батлагдсан ажиллагсдын ёс зүйн дүрэм болох ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан журмыг удаа дараа зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар сануулах шийтгэл ногдуулсан бөгөөд тухайн сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч Ц.Мартгэрэл хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй. Энэ үед ажиллагсдын ёс зүйн дүрэм батлагдаагүй байсан ба ажиллагсдын ажлын цаг ашиглалт муу, ажлын бүтээмж тааруухан, хариуцлагатай байх, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх компанийн нэр хүндийг өндөрт өргөж явах зарчим алдагдсан байсан. Иймд удирдлага зохион байгуулалтын хүрээнд ажиллагсдын ёс зүйн дүрмийг баталж хэрэгжүүлсэн.
Мөн нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаатай ажлын байранд хэрэлдэн маргалдаж, бусдын ажил үүргээ биелүүлэх, хэвийн ажлаа хийхэд саад учруулсан үйлдэлд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар 30-ны өдрийн 78 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсдын ёс зүйн дүрмийн 2.2.5-д “ ажилтнууд нь хамт ажиллаж байгаа болон бусад ажилтнуудын эрх, эрх чөлөөг, хүндэтгэн харьцах”, 3.1.9-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны байгууллага, иргэд хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах”, мөн дүрмийн 3.1.20-т “ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олон, олон нийт иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэхгүй байх” заалтыг тус тус зөрчсөн. Дээрх сахилгын зөрчил гаргасан үйлдлийг нь 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Удирдлага, санхүүгийн албаны дарга Ц.Мартгэрэл, Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нарт хоорондоо асуудлыг ярилцаж, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, ажил үүргээ хэрэгжүүлэхээр сануулах арга хэмжээ авсан.
Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн ажилтнуудын ёс зүйн зөрчил гэдэг нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журам... энэ дүрмээр тогтоосон ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон.
Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргасан.
Мөн Ц.Мартгэрэл нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлуулах ёстой байсан Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлуулалгүй, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5,4 дүгээр зүйлийн 4.15 дахь заалтыг зөрчсөн тул Ц.Мартгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэсэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын агуулгатай нийцсэн байх ба хариуцагч хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт тайлбар, нотлох баримтыг гаргаж өгнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 733 000 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гаргасан, удирдах ажилтны ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан гэж үндэслэлгүйгээр цуцласан гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргаж, байгууллага дээр маргалдаж, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.
“Диспетчерийн Үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас халах тухай” №08 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3-ын “в” заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн “...тус компанийн Удирдлага, санхүүгийн албаны дарга Цэгмидийн Мартгэрэл нь удирдах ажилтны ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, Захирлын зөвлөлийн хурлаар сануулах арга хэмжээ авч байсан ба энэ зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс цуцлаж, үүрэг ажлаас нь халсугай” гэж Ц.Мартгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 8-р хуудас/
Нэхэмжлэгч ажлаас халсан тухай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №08 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь Диспетчерийн Үндэсний төв ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн 1.01 тоот гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-7, 10-р хуудас/
Зохигч 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1.01 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргаагүй, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаагүй, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байхад ямар үүрэг даалгавар биелүүлээгүй нь тодорхойгүйгээр үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан гэжээ.
Хариуцагч нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар сануулах шийтгэл ногдуулсан байхад дахин 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байран дээрээ Ц.Өнөрмаатай хэрэлдэн маргалдаж, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргасан, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж оногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах” гэсэн байна.
“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3-т “хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, ЗГ-ын 1994 оны 75 тогтоолоор баталсан “Түлш эрчим хүчний салбарт ажиллагсдын сахилгын дүрэм” 4 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн дор дурдсан сахилгын шийтгэл Гүйцэтгэл захирлын тушаалаар ногдуулна. в/ заалтад “хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халах” гэж заасан байна. /хэргийн 107-р хуудас/
Хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, өөрөөр хэлбэл 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлээр сануулах арга хэмжээ авагдсан байж дахин ажлын байран дээрээ Ц.Өнөрмаатай хэрэлдэн маргалдаж, удирдах ажилтны ёс зүйг зөрчиж зөрчил гаргасан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №07 тоот Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэсэн.
“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлд “Шийдвэрлэсэн нь: ...2.Ц.Мартгэрэл, П.Дариймаа, Ч.Энхжаргал, Ц.Өнөрмаа нарт хурлын тэмдэглэлээр сануулах шийтгэл ногдуулах” гэж зааснаар Ц.Мартгэрэлд гаргасан зөрчилд нь сануулах шийтгэл ногдуулсан болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй болно. /хэргийн 21, 81-р хуудас/
Мөн 2015 оны 4 сарын 09-ний өдрийн №07 тоот Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Шийдвэрлэсэн нь: 1.Удирдлага санхүүгийн албаны дарга Ц.Мартгэрэл, Горим төлөвлөлтийн тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нарыг хоорондоо асуудлыг ярилцах, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, албан тушаал ажил үүргээ үргэлжлүүлэх, 2.Хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлсний дараа ямар хариуцлага тооцохыг шийдэх”-ээр тэмдэглэсэн байна. /хэргийн 11-19, 82-90-р хуудас/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг удирдах ажилтны ёс зүйг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан, уг зөрчилд заавал сахилгын арга хэмжээ ногдуулсан байхыг шаардахгүй гэж, нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргаагүй, уг хурлаар ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаагүй, ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ажиллагсдын ёс зүйн дүрмийн 2.2.5-д “ажилтнууд нь хамт ажиллаж байгаа болон бусад ажилтнуудын эрх, эрх чөлөөг хүндэтгэн харьцах”, 3.1.9-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны байгууллага, иргэд, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцах”, 3.1.20-д “ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олон, олон нийт иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж хариуцагч тайлбарласан боловч нэхэмжлэгчид дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 4 дүгээр сарын 09-ний хурлаар ямар нэгэн арга хэмжээ авагдсан болох нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэлд Ц.Мартгэрэл, Ц.Өнөрмаа нарт арга хэмжээ авахаа буцааж, түр харья, хоорондоо асуудлыг ярилцах, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, албан тушаал ажил үүргээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Өнөрмаагийн “хурлаар ямар нэгэн арга хэмжээ ногдуулаагүй, би хэвийн ажлаа хийж байгаа” гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж үзэв.
Хариуцагч нь зөрчилд заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэж маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, мөн Компанийн дотоод журамд “сахилгын шийтгэл Гүйцэтгэл захирлын тушаалаар ногдуулна” гэж заасан байх бөгөөд хэрвээ сахилгын арга хэмжээ авагдсан бол энэ тухайгаа ажилтанд мэдэгдэж, ямар нэгэн эрхийн акт гаргах нь ажилтан оногдуулсан шийтгэлийг хууль бус хэмээн эрхээ хамгаалахаар гомдол гаргах эрхээ эдлэх нөхцөл бүрдэх юм.
Иймд хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн 2015 оны 4 сарын 08-ны өдрийн ажлын байран дээрээ Ц.Өнөрмаатай маргалдсан зөрчилд нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг гаргаж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлаар батлуулах ёстой байсан Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлуулаагүй, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй тул хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж ирсэн гэсэн.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй, удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөнийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Мартгэрэлийг “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-ийн удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 9 733 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, түүний ажилгүй байсан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын №000182291 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 467 912 төгрөг /1 523 1612+1 470 530+1 410 045=4 403 736:3=1 467 912 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 4 сар 24 хоногийн цалин нийт 7 473 000 төгрөгийг /1 467 912 х 4 сар=5 871 648 төгрөг, 1 467 912:22 хоног=66 723 төгрөг, 24 хоног х 66 723 төгрөг=1 601 352 төгрөг, 5 871 648 + 1 601 325=7 473 000 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-нд Ц.Мартгэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №08 дугаар “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн боловч уг тушаалыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.
Тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарын хүсэлтээр зохигч талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцуулахаар хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 40 минутад товлон зарласан. Уг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь оролцож, хурлын товыг мэдэж, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурсан, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааньд түүний 88083594 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хөгнө овогт Цэгмидийн Мартгэрэлийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-иас Ц.Мартгэрэлийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 473 000 /долоон сая дөрвөн зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 260 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-нд даалгасугай.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134 518 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН