Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 102/2016/03727/И |
Дугаар | 47 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 6А байр, 47 тоотод оршин суух Хонгорхүүхэн овогт Ганбаатарын Чойжамцын нэхэмжлэлтэй,
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чойжамц, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Чойжамц шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүү Тамир 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэндэлсэн. 2009-2010 онд Тамир нь судасны ханын үрэвсэлт өвчнөөр өвдөж, удаа дараа эх нялхасын эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд гүйцэт сайн эдгэхгүй байсан. Гадаад руу явж эмчлүүлэх шаардлагатай байсан бөгөөд бидний хувьд өөрсдөө хамт явж хүүгээ эмчлүүлэх боломжгүй байсан. Тиймээс өөрийн эхнэрийн төрсөн ахтай ярилцаад 2010 онд хүүгээ ахдаа үрчлүүлэн Америкийн Нэгдсэн Улс руу явуулж эмчлүүлэхээр болсон. Жилийн дараа хүү минь эрүүл болж эргэн ирээд 5 жил өөрийн төрсөн гэрт эцэг, эх, дүү нарын хамт амьдарч байгаа болно. Миний эхнэрийн ах, тэдний гэр бүлийн хүн болон манай гэрийнхэн хамтран шийдээд хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүү Тамир маань Америк явж эмчилгээ хийлгэж ирснээс хойш өөрийнхөө гэртээ бидэндтэй хамт байгаа, тиймээс үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүг маань эцэг, эхийн асрамжид үлдээж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Жавхланбаяр, Г.Энхжаргал нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Дондогдорж овогтой Жавхланбаяр болон Галсандорж овогтой Энхжаргал манай гэр бүлийн зүгээс Тамирын үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Чойжамц нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Үрчлэгдэгч Ч.Тамир нь 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг 2010 оны 7 дугаар сарын 30-ний өдөр түүнийг эцэг Г.Чойжамц, эх Д.Жаргалан нар нь Ж.Жавхланбаяр, Г.Энхжаргал нарт үрчлүүлсэн, Ч.Тамир нь үрчилж авсан эцэг Боржигон овогт Дондогдоржийн Жавхланбаяраар овоглосон болох нь хэрэгт авагдсан Төрсний бүртгэлийн лавлагаа, Е-0832731 тоот гадаад паспортын хуулбар, №73 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, мөн үрчлэн авагч Д.Жавхланбаяр, Г.Энхжаргал нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 4-8, 20-р хуудас/
Нэхэмжлэгч нь үрчлүүлэгч Ж.Тамирт эмчилгээ хийлгэхийн тулд үрчлүүлсэн, одоо эдгэрч цаашид өөрийн төрсөн эцэг Г.Чойжамц, эх Д.Жаргалан нартай хамт амьдрах болсон, хүүгээ асрамжидаа авах хүсэлтэй байх тул үрчилснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гуравдагч этгээд Д.Жавхланбаяр, Г.Энхжаргал нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хүү Ж.Тамирын эрх ашиг, ашиг сонирхлыг харгалзан, түүнийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, Ж.Тамирыг төрсөн эцэг Г.Чойжамц, эх Д.Жаргалан нарын асрамжид үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Боржигон овогт Жавхланбаярын Тамирыг Боржигон овогт Дондогдоржийн Жавхланбаяр, Багшийнхан овогт Галсандоржийн Энхжаргал нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Боржигон овогт Жавхланбаярын Тамирыг түүний эцэг Хонгор хүүхэн овогт Ганбаатарын Чойжамц, эх Уран овогт Дондогдоржийн Жаргалан нарын асрамжид шилжүүлсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН