Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00588/И |
Дугаар | 580 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 580
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00588/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11-76 тоотод оршин суух Нацагдоржийн Батбаяр (РД:СЭ84031817)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 14-06 тоотод оршин суух, Сэргэлэнгийн Золбоо (РД:СЭ89032316)-д холбогдох
"1 696 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 12 дугаар сард намайг Улаанбаатар хотод байхад миний танил Өнөрбат гэдэг залуу надтай утсаар ярьж уулзах хэрэг байна гэээд уулзсан. Нэг зүс таних залууг дагуул ирсэн. Өнөрбат хэлэдээ энэ залууг Золбоо гэдэг манай найз юм. Магинаа барьцаалж зээл авах гэсэн чинь орон нутгийн дугаартай болохоор ломбард авахгүй байна. Чи хотын хаягтай юм чинь Золбоогийн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд 1 сая төгрөгийн зээл аваад өгөөч найдвартай хүн байгаа юм гэхээр нь зөвшөөрөөд машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн Улаанбаатар хотын Чингэлтнй дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай “Кредит толь” ломбарднаас 1 сая төгрөгийг магинаа унаж явах нөхцөлтэйгээр зээл авч өгсөн. Уг машин нь 27-02 УБЦ улсын дугаартай байсан. Ингээд С.Золбоотой ахиж уулзаагүй ломбарднаас надруу сар болгон зээлээ төл гэж ярихад нь С.Золбоод удаа дараа мэдэгдсэн боловч утсаа авахгүй өдий хүрсэн. Одоо “Кредит толь” ломбарданд төлөх зээлийн хэмжээ 1 696 000 төгрөг болсон тул С.Золбоогоос 1 696 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. (хх-ийн 1х)
Хариуцагч С.Золбоо нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Батбаярын 1 696 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Н.Батбаярт 1 800 000 төгрөгийг өгч харилцан тохиролцоод ИСТАНА маркийн 27-02 УБУ машинаа өөрийнхөө нэрээр шилжүүлэн авч нэхэмжлэлийн шаарлагыг биелүүлэн гэжээ. (хх-ийн 20х)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Батбаяр нь хариуцагч С.Золбоогоос “1 696 000 төгрөг гаргуулах” тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Золбоо нь нэхэмжлэгч Н.Батбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1 696 000 (нэг сая зургаан ерөн зургаан мянган) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Золбоод холбогдох 1 696 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Батбаяраас 42 086 улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42 086 төгрөгийг төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 21 043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21 043 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Золбоогоос 21 043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР