Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1154

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 4 байр, 01 тоотод оршин суух Ханхөхий овогт Төмөрбаатарын Дүүрэнжаргал /РД: ЧЖ 76111264/-ын   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 9 байр, 32 тоотод оршин суух Боржигин овогт Жижирдоогийн Алтангэрэл /РД:ЧМ 70101717/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал, хариуцагч Ж.Алтангэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2 1997 онд танилцан, 1998 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1999 онд том охин Бүрэнжаргал, 2009 онд бага охин Цэлмүүн төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал үүсч, хүүхдүүдийнхээ дэргэд хэрүүл маргаан хийдэг байснаас хүүхдийн хүмүүжил болон сэтгэл санааны байдалд сөрөг нөлөөлөх болсон.  Сүүлдээ бие биенээ ойлгохоо больж таарч тохирхоо больсон. Энэ хүн ажил хийхгүй гэртээ байдаг байсан болохоор ярилцаад болохгүй байсан болохоор гэрээсээ хөөсөн. Сүүлдээ хэрүүл маргаан болж зодолдох болсон. Энэ хүнд бусдын санаа бодлыг сонсдоггүй, өөрийнхөөрөө байлгах гэдэг. Байнга харддаг. Уураа хүрэхээр зодож, хувцас машинаа сольж байнга дагаж мөрддөг. Энэ байдал надад болон 2 хүүхдэд маань маш хэцүү байна. Тийм учраас энэ асуудлыг хурдан дуусгаж салмаар байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Бүрэнжаргал, Цэнгүүн нарыг миний асрамжид үлдээж, Алтангэрэлээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн дунд эд хөрөнгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

   Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2 1998 онд гэр бүл болсон. 1999 онд том охин, 2009 онд бага охин төрсөн. Би одоо ч гэсэн салмааргүй байна. Би эхнэртээ хайртай. Үнэнийг хэлэхэд 2012 оноос эхэлж манай эхнэр өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Би энэ хоёрыг буудалд хамт байхад нь барьж аваад ээжид нь хэлсэн. Миний зүс царайгаа өөрчилж явдаг болсон нь үүнээс үүдэлтэй. Би энэ хоёрыг манай гэрт хамт байхад гэрийнхээ хаалгыг эвдэж ороод зодож эрүүгийн хэрэгт холбогдсон. Манай эхнэр ухаан алдаж унадаг өвчтэй учраас хүүхдээ харах болон ажил хийх чадваргүй. Энэ талаар ч гэсэн би ээж аавд нь хэлсэн. Эрүүгийн шүүх хурал дээр манай эхнэртэй явалдсан нөгөө хүн нь машин засах гэж гэрт очсон гэж худал мэдүүлэг өгсөн. Би гэрээсээ явсан нь миний буруу болсон. Би уулзах гээд гэртээ очихоор хаалгаа онгойлгохгүй болохоор хаалгаа нүдээд зогсохоор цагдаа дуудаад өгчихдөг. Би согтуу очиж байгаагүй. Би ер нь архи уудаггүй, согтуу очиж байгаагүй. Нэг л удаа согтуу очсон байх. Намайг хүүхэдтэйгээ уулзах гээд очихоор хүүхэд аваад явчихлаа гээд цагдаа дуудаад өгчихдөг. Ингэж их цагдаа дуудаж олон бүртгэлтэй болж эрүүгийн хэрэг хүндэрсэн. Нэхэмжлэл бичихдээ яагаад худал гүтгээд бичээд байгаа юм бэ гэхээр ингэж бичихээр үнэмшилтэй болдог юм гэж хэлж байсан. Намайг ялтан болгож шоронд хийчихээд хүүхдээ байртайгаа авах гэсэн санаатай байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь хариуцагч Ж.Алтангэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч  Т.Дүүрэнжаргал, хариуцагч Ж.Алтангэрэл нар нь 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсноо 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь,  мөн тэдний дундаас 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Бүрэнжаргал нар төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Бүрэнжаргал, Цэлмүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 5-7 дүгээр тал/

 

Хариуцагч Ж.Алтангэрэл нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжтой гэж маргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална“ гэж заажээ.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүрээнд нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон.

 

Гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хэлбэр гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг ойлгох бөгөөд хариуцагч нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн бүртгэлд “Хүчирхийлэл үйлдэх давтамж нь улиралд 1-2 удаа, үргэлжлэх хугацаа нь сүүлийн 5 жилд, хүчирхийлэл нь бие махбодийн болон сэтгэл санааны хэлбэрээр үйлдэгддэг” гэж судалгаанд хамрагдаж байсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Дүүрэнжаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2792 дугаар шийдвэрээр Ж.Алтангэрэлийг Т.Дүүрэнжаргалаас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр шийтгэл тогтоолоор хохирогч бусдыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр шийтгэл тогтоол нь шүүх.мн Монгол Улсын шүүхийн цахим санд нийтлэгдсэн тул нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн болно.

 

Иймд хариуцагч Ж.Алтангэрэлийн байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирчсан, мөн цаашид учирч болзошгүй байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал, хариуцагч Ж.Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ж.Алтангэрэл нь охин Бүрэнжаргалыг өөрийн асрамжинд байлгахыг хүсч байна гэж тайлбарлаж байгаа  боловч 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарт эхийн хайр халамж, асрамж зайлшгүй шаардлагатай, түүнд эхийн зүгээс үзүүлэх зайлшгүй асрамж, арчилгаа зэргийг харгалзан эх Т.Дүүрэнжаргалын асрамжид үлдээн эцэг Ж.Алтангэрэлээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс хүүхдийн санал асуухад 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн эхийн асрамжид, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нь эцгийн асрамжид үлдэнэ гэж санал өгснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул хариуцагч Ж.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс буюу Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцнаас хариуцагч Ж.Алтангэрэлийг хасуулах, 57-28 УБҮ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинаас ногдох хэрэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс буюу Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцнаас хариуцагч Ж.Алтангэрэлийг хасуулах шаардлагыг хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.Алтангэрэл, Т.Дүүрэнжаргал, А.Бүрэнжаргал, А.Цэлмүүн нар өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000147612 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, мөн 57-28 УБҮ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины эзэмшигч нь Т.Дүүрэнжаргал болох нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00782508 дугаартай тээврийг хэрэгсэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг үнэлүүлэх хүсэлт нэхэмжлэгч гаргасныг хүлээн авч шинжээчээр хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага болох “Итгэлт Эстимэйт” ХХК-г томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх орон сууцыг 189.448.900 төгрөг, 57-28 УБҮ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг 6.500.000 төгрөгөөр тус тус үнэлж дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно“ гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй“ гэж заасан бөгөөд эрх, ашгийн үүднээс орон сууцыг нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал болон 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарын өмчлөлд үлдээх үндэслэлтэй байна.

 

   Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, болон 57-28 УБҮ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг  нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал болон 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарын өмчлөлд үлдээж, /195.948.900/4=48.987.225 төгрөг/ хариуцагч Ж.Алтангэрэлд ногдох хэсэг болох  48.987.225 төгрөгийг нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалаас гаргуулан хариуцагч Ж.Алтангэрэлд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд  тогтооход бэрхшээлтэй байвал…тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа …нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно“ 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага гаргах үед нэхэмжлэлийн үнийг тогтооход бэрхшээлтэй байсан бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр дээрх орон сууц, автомашиныг зах зээлийн өнөөгийн ханшийг 195.948.900 төгрөг хэмээн тогтоосон тул нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалаас 195.948.900 төгрөгийн хэмжээнд буюу нэхэмжлэлийн үнэд тохируулан улсын тэмдэгтийн хураамжид 1.137.694 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон          

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Төмөрбаатарын Дүүрэнжаргал, Жижирдоогийн Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарыг эх Т.Дүүрэнжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг сар бүр хариуцагч Ж.Алтангэрэлээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал нь хариуцагч Ж.Алтангэрэлийг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 1.137.694 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ж.Алтангэрэлээс 1.207.894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалд олгосугай.

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 68.345 төгрөгийг хариуцагч Ж.Алтангэрэлээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,  71 дүгээр байрны 64 тоотын 94.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204035482 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, болон 57-28 УБҮ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг  нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргал, 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Цэлмүүн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Бүрэнжаргал нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ж.Алтангэрэлд ногдох хэсэг болох  48.987.225 төгрөгийг нэхэмжлэгч Т.Дүүрэнжаргалаас гаргуулж, хариуцагч Ж.Алтангэрэлд олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЭНХБАЯР