Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0038

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч А.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээд З.Е, өмгөөлөгч К.Е нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор А.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, нэг талыг барьсан хууль ёсны бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А\312 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1-т “Өлгий сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 2 иргэнд 1231 м.кв газрыг эзэмшүүлэхээр" шийдвэрлэжээ. Гэтэл уг газрыг гуравдагч этгээд З.Е нь урьд хууль ёсоор эзэмшиж байгаагүй, уг хашаанд огт амьдарч байгаагүй, урьд эрх бүхий байгууллагаас түүнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байна. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь маргаан бүхий захирамж хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байна гэдгийг нотлож байна. З.А нь А.А-ийг уг хашаанд байнга оршин суугаагүй нөхцөл байдлыг далимдуулан уг хашаанд байгаа илүү газрыг ирээдүйд өөрөө авахын тулд дүү З.Е-д уг илүү гэх газрыг эзэмшүүлэхээр Өлгий сумын Засаг даргатай нууцаар хуйвалдаж хууль бус захирамж гаргуулсан гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр З.А, А.А нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс зуны байр, түлээ, нүүрсний амбаар, махны амбаар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.Айболатад үлдээж, З.А-аас 2007 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр олгосон 0067878 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400.м.кв газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай, 60,м.кв талбайтай 3 өрөө байшин, автомашины гарааш гэсэн эд хөрөнгийг гаргуулан А.А-д олгож шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэр одоогоор хуулийн хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн А.А нь 400 м.кв газар, өвлийн сууц, автомашины гарааш гэсэн хөрөнгүүдийн өмчлөгч болж байгаа тул цаашид уг хашааны дотор илүү байгаа гэх 438 м.кв газарт З.Е оршин сууж амьдрах ямар ч боломжгүй байдалтай байгааг анхан шатны шүүх анхаараагүй. А.А-ээс цаашид өөрийн эзэмшлийн газрыг чөлөөтэй эзэмших тухайлбал хашаанд чөлөөтэй орж гарах, автомашин орох хаалга гаргах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, өргөтгөх зэрэг асуудалд цаашид бодитойгоор бэрхшээл гарч болзошгүй нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.    

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэх үндэслэлээр 2 иргэнд 1231 м.кв газар эзэмших эрх олгосон байх ба үүний нэг нь иргэн З.Есболатад Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 428 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар, 50 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг нэхэмжлэгч А.А эс зөвшөөрч, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ “олон жил эзэмшиж ирсэн газрыг надад огт мэдэгдэлгүйгээр нөхөр З.А нь Засаг даргатай хуйвалдаж төрсөн дүү З.Е-д газар эзэмших шийдвэр гаргуулсан, тухайн газарт манай хөрөнгүүд байгаа, хашаанд байгаа хөрөнгөө чөлөөтэй ашиглах эрх, хаалгаар орж, гарах эрх зөрчигдөнө” гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Алмагүл нь нөхөр З.А-ын хамт маргаан бүхий газар байрлах Өлгий сумын 5 дугаар багт 838 м.кв талбай бүхий газрыг хашаалж 2006 оноос 2018 оныг хүртэл амьдарч байсан, уг газрын 400 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар З.А-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн ба уг газарт өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, махны амбаар, автомашины гараж, гар худаг зэрэг хөрөнгүүд, үлдсэн 438 м.кв газарт зуны байшин, түлээ нүүрсний амбаар, бие засах газар зэрэг хөрөнгүүд тус тус байралдаг болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэжээ.

Дээр дурдсан 438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч А.А болон түүний нөхөр З.Айболат нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан, маргаан бүхий газарт бусдын үл хөдлөх хөрөнгө баригдсан үйл баримт тогтоогдож байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуны байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Е-д “хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн” гэх үндэслэлээр хашаалсан газраас 428 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө байсан, урьд эзэмшиж байсан гэх үндэслэлээр гэрчилгээнд заагдсан хэмжээнээс илүү газраа эзэмших хүсэлтийг нэхэмжлэгчийн нөхөр З.А гаргасан нь гэрч Б.А-ийн мэдүүлгээр нотлогдож байх ба энэ тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгө хэний хөрөнгө болохыг нь тогтоолгүйгээр, урьд эзэмшиж байсан З.А-д бус, түүний төрсөн дүү  З.Е-д газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч А.А-ийн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглах хууль ёсны эрхийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан төрөөс газрын талаар баримтлах зарчимтай нийцээгүй.

Түүнчлэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.А-ын нэхэмжлэлтэй А.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмчөөс өөр ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа цаг хугацаанд, 438 м.кв газарт байрлаж буй зуны байшин, түлээ нүүрсний амбаарыг гэр бүлийн дундын өмч хөрөнгөөр тодорхойлон маргаж байхдаа З.А-ын гаргасан хүсэлтийн дагуу, уг хөрөнгүүд байрлах газрыг гуравдагч этгээд З.Е-д олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу.

Иймд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “З.Е нь урьд хууль ёсоор эзэмшиж байгаагүй, уг хашаанд огт амьдарч байгаагүй, урьд эрх бүхий байгууллагаас түүнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй, энэ нөхцөл байдал нь маргаан бүхий захирамж хууль ёсны эсэх нь эргэлзээтэй гэдгийг нотолж байна” гэх гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                      Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Э.Лхагвасүрэн

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН