Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2016/00899/И |
Дугаар | 1546 |
Огноо | 2016-02-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 1546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УУ85041933 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Төмөр зам гудамж 17-3 тоотод оршин суух Шарнууд овогт Эрдэнэдэлгэрийн Баасанхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ТИ85082466 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 13-34 тоотод оршин суух Зээрд адуут овогт Сүхбаатарын Тэмүүлэнд холбогдох,
Гэм хорын хохиролд 581,160 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Баасанхүү
Хариуцагч С.Тэмүүлэн,
Иргэдийн төлөөлөгч Д.Төгсжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Баасанхүү нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тоёото королла маркийн 37-61 УНВ улсын дугаартай суудлын машинаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цамбагарав автобусны буудлын баруунаас зүүн тийш чиглэлийн гэрлэн дохионы гарцанд 3 дугаар эгнээнд зогсож байх үед Тоёото пирус 20 маркийн 41-62 УБҮ дугаартай суудлын автомашины жолооч С.Тэмүүлэн зай бариагүй улмаас миний машины араас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний машинд хохирол учирсан. С.Тэмүүлэнгийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын акт, өөрийн өгсөн баталгаагаар тогтоогдож байгаа болно. Миний автомашинд “Ухаа шүрт консалтинг” ХХК үнэлгээгээр 440,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар хариуцагч этгээдэд мэдэгдсэн боловч хохирлын хэмжээг зөвшөөрөөгүй төлөхөөс татгалзсан. Иймд хариуцагч С.Тэмүүлэнгээс машинд учируулсан хохирол болох 440,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 25,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэлт, канон нтоариатаар баталгаажуулсан төлбөр 5,000 төгрөг, Хаан банкны тодорхойлолт 5,000 төгрөг, шатахууны мөнгө 19,100 төгрөг, осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаад дуудагдсан, мөн энэ бүгдийг бүрдүүлэх зэрэгт ажлаас чөлөө авсан өдрүүдийн өөрийн олох ёстой байсан орлого болох 3 хоногийн төлбөр 87,060 төгрөг нийт 581,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Тэмүүлэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015.12.18-ны өглөө ажилдаа явж байх үедээ Э.Баасанхүүгийн Тоёото королла маркийн 37-61 УНВ улсын дугаартай автомашины араас тухайн гарцан дээр мөргөсөн нь үнэн. Э.Баасанхүү нэхэмжлэлдээ түүнийг 3 дугаар эгнээнд зогсож байхад араас ирж мөргөсөн гэж гуйвуулж бичсэн байна. Намайг 3 дугаар эгнээд гарцан дээр хурдаа хасаад зогсох үйлдэл хийхээр дөхөж явахад 2 дугаар эгнээнээс гэнэт миний урдуур дайрч орж ирэн огцом зогсолт хийсэн. Би тормос гишгэсэн боловч замын гулгаан дээр зай бага байсан тул зүүн хойд хамгаалалтын буланг мөргөсөн. Хэрэв Э.Баасанхүүгийн үзэж байгаагаар 3 дугаар эгнээнд зогсож байхад нь мөргөсөн бол голлож мөргөх байсан. Гэсэн хэдий ч тухайн үед араас нь мөргөсөн нь миний буруу боллоо гэж би ойлгоод авто замын цагдаа дуудсан. Гэтэл Э.Баасанхүү өөрөө хоёулаа тохирьё чи надад шинэ гупер аваар өгчих гэхээр нь дахин замын цагдаа руу утасдаж бид тохирсон учир дуудлагын газар ирэх хэрэггүй гэж мэдэгдсэн. Тэгээд Э.Баасанхүүд машины бичиг баримтаа өгөөд салсан боловч 1 цагийн дараа утасдаж миний багаж эвдэрсэн байна нийт 350,000 төгрөг төл гэсэн. Би учрыг нь мэдэлгүй зөвшөөрсөн. Ингээд 2015.12.21-нд надруу утасдаж мөнгө өгсөнгүй гэж дарамталж эхэлсэн. Тэгээд би түүнтэй утсаар маргалдсаны дараа хуулийн зөвлөгөө авах нь зөв юм байна гээд зөвлөгөө авахад Э.Баасанхүү нь анх тохирсоноороо хойд гупер авахуулаад л болох байтал нэмж мөнгө нэхсэн нь үндэслэлгүй гэдгийг ойлгосон. Э.Баасанхү миний бичиг баримтыг өргөдлийн хамт Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаад өгч, би цалин удахгүй бууна гэсэн боловч хүлээж аваагүй үнэлгээний газраар хувиараа үнэлгээ хийлгэсэн байсан. Бодит байдал дээр бол зөрчил гарах үед замын цагдаагаас ирж хэмжилт хийж, тухайн газарт тухайн цагт үнэлгээг тогтоох ёстой байсан. Гэтэл миний учир мэдэхгүйг ашиглан, өөрөө замын цагдаа дуудахыг болиулчихаад, хувиараа мөнгө төлж хийлгэсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй. 2015.12.27-нд цалингаа буунгуут хариуцаж байсан байцаагч Энх-Амгаланд утасдаж гуперийн мөнгийг өгье гэхэд Э.Баасанхүүтэй ярьчихаад эргэж хэлье гэснээ ганц гупер биш үнэлгээгээр тогтооосн мөнгийг төлөх ёстой гэсэн. 2015.12.31-нд байцаагч Энх-Амгалан дуудаж очиход миний жолооны үнэмлэхийг хурааж авсан. 2016.01.05-нд Энх-Амгалан байцаагч намайг машинаа аваад ир гэхэд нь жолооны үнэмлэхгүй яаж очих бэ гэхэд цагдаа зогсоовол надтай яриул гээд яваад очиход миний хувийн өмч хөрөнгийг ямар ч шүүхийн тогтоол шийдвэргүйгээр журамлан хурааж авсан. Ингээд 2016.01.06-ны өдөр Замын хөдөлгөөний тухай хуулийн 52-т зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж, миний бие 48,000 төгрөгийг төлснөөр хэрэг хаагдсан. Э.Баасанхүүгийн увайгүй үйлдлээс болж 2015.12.18-наас хойш өнөөг хүртэл цагдаа, шүүхэд дуудагдаж олон удаа ажлаасаа чөлөө авч журмын хашааны мөнгө, шатахууны мөнгөөр хохирч, сэтгэл санааны дарамттай байдалд байсан. Хуульд заасан арга хэмжээ авагдаж, хэргийг хаасан байтал өөрийн хувиараа хийлгэсэн үнэлгээний дагуу мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баасанхүү нь хариуцагч С.Тэмүүлэнд холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 581,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч эд хөрөнгөд учирсан хохиролын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын урд замд 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Тоёото пирус маркийн 41-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Тэмүүлэн нь жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэлийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Баасанхүүгийн жолоодон явсан 37-61 УНВ улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Уг ослын улмаас Э.Баасанхүүгийн жолоодон явсан 37-61 УНВ улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгсэлд 447,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр, Э.Баасанхүүгийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлын үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 17-22, 40 дүгээр тал/
Хариуцагч С.Тэмүүлэнгийн буруутай үйлдлийн улмаас Э.Баасанхүүгийн 37-61 УНВ улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгсэлд 447,600 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч С.Тэмүүлэн нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байх боловч үнэлгээнд гомдол гаргаагүй болно. /хх-ийн 40 дүгээр тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Тоёото пирус маркийн 41-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг С.Тэмүүлэн нь ашиглах явцдаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул тэрээр бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Э.Баасанхүү нь хариуцагч С.Тэмүүлэнгээс эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэхдээ "Ухаа шүрт консалтинг" ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 440,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 25,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал 10,000 төгрөг, шатахууны зардал 19,100 төгрөг, олох ёстой байсан орлого 87,060 төгрөг нийт 581,160 төгрөгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээ хийлгэсний төлбөр 25,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал 10,000 төгрөг, шатахууны зардал 19,100 төгрөг, олох ёстой байсан орлого 87,060 төгрөг нийт 141,160 төгрөгийн шаардлага нь тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт авагдсан “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр нэхэмжлэгч Э.Баасанхүүгийн тэээврийн хэрэгсэлд 447,600 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 440,000 төгрөгийг хариуцагч С.Тэмүүлэнгээс гаргуулж нэхэмжлэгч Э.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Тэмүүлэнгээс гэм хорын хохиролд 440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Баасанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тэмүүлэнгээс 13,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баасанхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД, З.БАЯРМАА
Б.МАНДАЛБАЯР