Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2016/00688

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

     Дугаар 182/ШШ2016/00688

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: П:Н,

Хариуцагч: “ЦА” ХХК,

тохиролцлын гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 06 сарын 30-ны өдрийн тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.Н нь Сүхбаатар дүүргийн *** тоотод гэр бүлийн хамт оршин суудаг бөгөөд уг газар нь түүний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл хариуцагч болох “ЦА” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт орсон нэхэмжлэгчийн хашааны хаалганд тулган орц, гарцыг хааж цахилгаан станц барьж эхэлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гомдол гаргасны дагуу энэ маргаан үүсч, уг эрх бүхий байгууллагаас хариуцагчийг цахилгаан станц барьж байгуулах ажлыг зогсоох тухай шийдвэр гарсан юм. Дээрх маргаанаас үүдэлтэй хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож цахилгаан станцыг нэхэмжлэгчийн хашааны хаалганд тулган бариулахаар болж үүний хариуд хариуцагч нь нэхэмжлэгчид 10.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар 2015.06.30-ны өдөр “Тохиролцлын гэрээ” гэх баримтыг үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь одоог хүртэл уг төлбөрийг төлөхгүй шалтаг хэлэн зугтааж, холбоо барихгүй байгаа тул энэ 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг нь цахилгааны дэд станцын хамгаалах зурвас хааш хаашаа 10 м-т байх ёстой юм билээ гэв.

 

 

   Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компанийн барьсан цахилгааны дэд станц нь нэхэмжлэгчийн хашааны явган хаалганд тулгаж бариагүй бөгөөд барилга баригдсан газар нь манай компанид Ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу төсөл хэрэгжүүлэхээр олгогдсон талбай байсан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу олгогдсон газарт барилга байгууламж барьсны төлөө мөнгө шаардан “Тохиролцооны гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус учир уг гэрээнд үндэслэн мөнгө шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн манай барьсан цахилгааны дэд станц нь П.Нын эзэмшлийн газар дээр баригдаагүй бөгөөд орц гарцыг нь хаагаагүй, хаалганд тулгаж бариагүй бөгөөд хашааны ард талд нь хүн болон автомашин орж гарах том хаалгатай. Иймд иргэн П.Н болон “ЦА” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 06 сарын 30-ны өдрийн “Тохиролцооны гэрээ” нь хууль зөрчсөн буюу нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, тохиролцлын гэрээ, өргөдөл гомдол шийдвэрлэсэн тухай бичиг, компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, “ЦА” ХХК-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргаас ирүүлсэн албан бичиг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Сүхбаатар дүүргийн *** тоот хаягт орших нэхэмжлэгч П.Нын хашааны урд талд 1 м хүрэхгүй зайд ЦАХХК цахилгаан эрчим хүчний дэд станц барьж, нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний болон хөрөнгө оруулалтын газарт 2015-05-11-ний өдөр хэтэрхий ойр зайд цахилгаан эрчим хүчний дэд станц барьлаа гэсэн гомдлыг гаргаж, 2015-06-08-ны өдөр дэд станцын барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэжээ.

            П.Н, ЦАХХК нар 2015-06-30-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний болон хөрөнгө оруулалтын газарт П.Н гомдол гаргасан тул ЦАХХК түүнд 10.000.000 төгрөгийг 2015-07-30-ны дотор төлнө гэж тохиролцон, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн явуулж дуусгасан байна.

            Нэхэмжлэгч энэ 10.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхэд хандсан байх ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүйн дээр дээрх хэлцэл хууль зөрчсөн, нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь заалтаар, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар тус тус үндэслэж байна.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т “хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ”, 135 дугаар зүйлийн 135.1-т “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй”, 135.2-т “Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед  байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заажээ.

 Нэхэмжлэгчийн оршин сууж буй газар хашаа, хариуцагчийн эзэмшиж өмчилж буй газар, цахилгаан эрчим хүчний дэд станц нь хил залгаа эд хөрөнгө байна.

Цахилгаан эрчим хүчний дэд станцыг хэтэрхий ойр барих нь аюултай бөгөөд Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2, 3-т “эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно, энэ нь дэд станцын хувьд тал бүр тийш 10 м” гэж заасан байна.

Гэтэл “ЦА” ХХК нь дэд станцыг  П.Нын хашаанаас 1 м хүрэхгүй зайд, урагш гардаг хаалгыг таглаж барьсан нь хөршийн нөлөөлөл хэтэрснийг харуулж байна. Иймд нэхэмжлэгчид нөхөн төлбөр авах эрх нээгдсэн ба хариуцагч нэхэмжлэгчид 10.000.000 төгрөг өгнө гэж хэлэлцсэн нь энэ нөхөн төлбөрийн талаар тохиролцож гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байна.

Талуудын энэ тохиролцоо нь хууль болон нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 Иймд 10.000.000 төгрөгийг хариуцагч “ЦА” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид төлүүлж, харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-ийг баримтлан “ЦА” ХХК-аас 10.000.000 төгрөгийг гаргуулж П.Нд олгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг баримтлан хариуцагч “ЦА” ХХК-ийн гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагат төлсөн тэмдэгтийн хураамжийн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1028 дугаар захирамжийн үйлчлэл зогсохыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД