Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2016/0021/и |
Дугаар | 746 |
Огноо | 2015-10-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 746
2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2016/00746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “Энхцэцүүн” ХХК /РД:5184401/, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, орбит 24-457 тоот
Хариуцагч: Халиугчин овогт Шинэцогтын Сэргэлэн /ХК86071075/, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, сансар хотхон гудамж, 1-р гудамж, 1 тоот
зээлийн гэрээний төлбөрт 11.475.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энхцэцүүн” ХХК нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ш.Сэргэлэнгийн хүсэлтээр анх 2014 оны 11 сарын 11-ний өдөр 64-15 УНЯ улсын дугаартай Бэнз си 240 маркийн автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй Ш.Сэргэлэнд олгосон. Үүнээс хойш Ш.Сэргэлэнгийн гэрээний хугацаа дуусахад нэг удаа хүү төлж сунгуулсан. 2014 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл Ш.Сэргэлэн нь нэг ч төгрөг төлж барагдуулаагүй юм. Гэрээний 2.2.7-д гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд төлөөгүй хоногийн тоогоор зээлийн нийт үлдэгдэл дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч, зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж зааснаар Ш.Сэргэлэнгийн нэг өдрийн алданги нь 39.750 төгрөг болж байна. Хугацаа хэтэрсэн 530 хоногт тооцож алдангийн хэмжээ 21.067.500 төгрөг болж байгаа боловч бид Ш.Сэргэлэнгээс үндсэн зээл хүүгийн хамт 7.950.000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 3.525.000 төгрөг, нийт 11.475.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Энхцэцүүн” ХХК-аас 2014 оны 11 сарын 11-ний өдөр 64-15 УНЯ улсын дугаартай Бэнз си 240 маркийн автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг зээлсэн. Автомашинаа барьцаанд тавьж зээл авсны дараагаар зээлийн хүүний эхний сарын төлбөрийг төлсөн бөгөөд цаашид төлөх боломжгүй болсон. Барьцаалан зээлдүүлэх газар гэрээ байгуулахдаа автомашиныг зарах эрхийг өөртөө авах итгэмжлэл хийлгэж авна гэдэг шаардлага тавьж Ш.Сэргэлэн надаас итгэмжлэл хийлгэж авсан. Түүнээс хойш “Энхцэцүүн” ХХК-аас 3 сар зээлээ төл гэж байсан ч цаашдаа тэгж шаардахаа больсон бөгөөд уг машин төвөөр явж байгаа харагддаг болсон. Тэгэхээр нь тухайн машиныг өөр этгээдэд худалдаж ломбард өөрийн хохирлоо барагдуулчихсан юм байна гэж бодон өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК нь 2 жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргалгүйгээр өнөөдрийг хүртэл чимээгүй явж тухайн машины зах зээлийн үнэ ханш унасны дараа элэгдэл хорогдол учирсан хойно хүү, алданги, үндсэн зээл зэргийг нэхэмжилсэн байгаа нь ашиг хонжоо олох гэсэн башир арга хэмээн харж байна. Ер нь гэрээ бол Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ гэж үзэхээр байгаа. Гэрээний 2.2.8-д зээл төлөлтийн хуваарь көрчвөл барьцааны автомашиныг худалдан борлуулж зээлдүүлэгч хохирлоо барагдуулж авна гэж заасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү төлж байсан дансны хуулга зэрэг баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ш.Сэргэлэн нь “Энхцэцүүн” ХХК-д 64-15 УНЯ улсын дугаартай Бэнз си 240 маркийн автомашиныг барьцаалан 2014 оны 11 сарын 11-ний өдөр 7.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэн авч, хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд төлөөгүй зээлийн нийт үлдэгдэл дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлүүлэхээр тогтоосон нь барьцаат зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. Автомашиныг “Энхцэцүүн” ХХК-ийн эзэмшилд байлгахаар талууд тохиролцжээ.
Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл хүүгийн хамт 7.950.000 төгрөг, алдангид 3.525.000 төгрөг, нийт 11.475.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Зээлдэгч нэг удаа зээлийн хүүд 450.000 төгрөг төлж өөр мөнгө төлөөгүй байх ба талууд зээлийн гэрээг сунгаагүй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 7.500.000 төгрөгийг алдангийг төлөөгүй зээлийн 50 хувиар хязгаарлаж, нийт 11.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.
“Энхцэцүүн” ХХК барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй нь түүний гэрчилгээнээс харагдаж байх ба барьцааны эд зүйлийг эзэмшилдээ байлгаж байсан нь зээлдэгчийг зээл төлөх үүргээс чөлөөлөхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Ш.Сэргэлэнгээс 11.250.000 төгрөгийг гаргуулж “Энхцэцүүн” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 225.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 194.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 198.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ С.БУД