Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1147

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 70 дугаар байрны 81 тоотод оршин суух, эмэгтэй, ШГ81030564 дугаарын регистртэй, Чонос овогт Жаргалсайханы Анхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 30 дугаар гудамж, 448 тоотод оршин суух, эрэгтэй, ЧЛ62051914 дугаарын регистртэй, Их шарнууд овогт Дандарын Батжаргал,

Хариуцагч: Чингэлтэй  дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамж, 0669 тоотод оршин суух, эмэгтэй, Хорхон овогт Лхамжавын Одхүү  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 09-нд хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Анхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.                                                                                                                             

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Анхтуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 28-нд Одхүү эгч “мөнгөний хэрэг болоод байна, хашаа, байшингийн гэрчилгээг барьцаанд өгье, 10 000 000 төгрөг зээлүүлээч” гэсэн. Гэтэл уг хашаа байшин болох Д.Батжаргалын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009184 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-448 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202001412 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах, 378,93 м.кв талбайтай газар нь Хас банкны барьцаанд байсан бөгөөд үлдэгдэл 1 700 000 төгрөгийг төлж чөлөөлнө гээд надаас 1 700 000 төгрөгийг Батжаргал ах, Одхүү эгч нар Дэнжийн мянгын “Шонхор” хүнсний захад байрлах Хас банк дотор бэлнээр авсан юм. Тэр үедээ надад хашаа, байшингийн гэрчилгээг өгсөн байсан. Дараа нь 2015 оны 8 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөгийг би Одхүү эгчийн данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 09-нд Батжаргал ахын Голомт банкны данс руу нь 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэ өдөр мобайл банкаар 1 000 000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Миний мөнгө бүрэн орж ирэхгүй байсан тул мөнгө орж ирэхээр нь 10 000 000 төгрөг болгох гээд цувуулаад өгч байсан юм. Би нийтдээ 7 700 000 төгрөгийг энэ 2 хүнд өгсөн, 10 000 000 төгрөгийг бүрэн болгож өгч чадаагүй. Одхүү эгч дуудахад нь очиход үлдсэн мөнгөө зээлье, гэрээгээ хийе гээд нотариатч дээр очиход Батжаргал ах согтуу, ба эхнэр Оюунчимэг нь бас согтуу байсан. Надаас  хашаа, байшингийнхаа гэрчилгээг шууд булааж авсан. Намайг дарамталж, доромжилж, зүй бус үйлдэл гаргахаар нь би айсан, тэгээд Одхүү эгчтэй хамт явсан. Одхүү эгч болохоор намайг Батжаргал ахтай ууулзуулдагггүй, Батжаргалтай нь уулзахаар Одхүү нь ирдэггүй юм. Ийм байдлаар миний мөнгийг өгөхгүй хэл амаар доромжилж айлган сүрдүүлж эцэстээ шүүхээрээ яваад ав гэдэг болсон. Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2 000 000 төгрөгийг Одхүүгээс, 5 700 000 төгрөгийг Батжаргалаас тус тус нэхэмжилж байх тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Батжаргал, Л.Одхүү нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батжаргал миний бие нь хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө шаардлагатай болсон тул эхнэрийн дүү Одхүүтэй ярилцан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-448 тоотод байх хашаа, байшингийнхаа бичиг баримтыг чөлөөлүүлсэн. Энэ өдөр нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бөгөөд “Хүчит шонхор” захад байрлах Хас банкны салбар нь “маргааш бичиг баримтыг чинь өгнө” гэсэн. Одхүү надад “нөгөө ярьсан хүн маань бичиг баримтаа өнөөдөр авч ир гээд байна” гэхэд нь тэр салбараас  зээл төлсөн баримтаа аваад 3 дугаар хороололд байрлах ХААН банкны салбарын гадна Анхтуяа гэгчтэй уулзаж өгсөн...Одхүүгээс “энэ хүн чинь яаж хурдан гаргах юм бэ” гэхэд “Эгч нь ХААН банкинд ажилладаг гэсэн, найдвартай” гэсэн. Биднийг хүлээж байхад Анхтуяа нь та “ХААН банкны данстай юу, дансаар чинь 25 000 000 төгрөг гаргуулах гэсэн юм” гэхээр нь виза картаа өгсөн. 30 минутын дараа дансанд орсон 24 800 000 төгрөгийг Анхаад өгөөд, 3 хоногийн дотор банкнаас мөнгө гаргуулахаар тохиролцсон. Гэвч хөөцөлдөж байна гэсээр удсан ба би Одхүүгээс бичиг баримтаа шаардсаар байсан. Одхүү нь мөнгө байгаа, бүтнэ гээд л байсан. Энэ хугацаанд Анхтуяа нь 6 000 000 төгрөгийг цувуулан өгсөн. Тэгтэл миний бичиг баримт банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгааг би өөрөө олж мэдсэн...Маргааш нь Анхтуяа руу ярьж “та нар яахаараа миний бичиг баримтаар банк бус санхүүгийн байгууллагад 25 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан юм бэ, би гомдолтой, та нарыг цагдаад мэдэгдэж эрүү үүсгүүлнэ” гэсэн. 2-3 хоногийн дараа бичиг баримтыг өгсөн. Анхтуяа нь өөрийн биеэр Чингэлтэйд байхад авчирч өгсөн. Нэхэмжлэлд дурдсан шиг айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Ер нь Анхтуяа нь түүнээс хойш хэсэг хугацаанд холбогдохгүй байсаар оны өмнөхөн надаар Одхүү бидний авсан мөнгөнд батлан даалт гаргуулахыг оролдож “та боломжтой, Одхүү эгч бие муутай” гэх мэтээр ятгахад нь “үгүй, шүүхээр шийдүүлнэ биздээ” гэсэн. Сураг сонсоход Анхтуяа нь хүмүүсийг хууран мэхэлж бичиг баримтыг нь барьцаалан мөнгө хүүлж, луйвар хийдэг нь тодорхой болж байна. Тиймээс бид иргэний шүүхээр биш, эрүүгийн шүүхээр шийдүүлэх асуудал гэж үзлээ гэжээ.

           

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Анхтуяа нь хариуцагч Д.Батжаргал, Л.Одхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 700 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нараас Анхтуяа нь хүмүүсийг хууран мэхэлж бичиг баримтыг нь барьцаалан мөнгө хүүлж, луйвар хийдэг нь тодорхой болж байна, тиймээс бид иргэний шүүхээр биш, эрүүгийн шүүхээр шийдүүлэх асуудал гэж үзэж байна хэмээн тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрөн маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Ж.Анхтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 27-нд хариуцагч Л.Одхүүд 2 000 000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 09-нд хариуцагч Д.Батжаргалд 3 999 999 төгрөгийг тус тус зээлдүүлж, ХААН банк дахь Ж.Анхтуяагийн эзэмшлийн 5753462305 тоот данснаас 2015 оны 8 дугаар сарын 27-нд ХААН банк дахь 5032443665 тоот дансанд 2 000 000 төгрөгийг, мөн данснаас 2015 оны 9 дүгээр сарын 09-нд 5032290718 тоот дансанд 3 000 000 төгрөгийг, мөн өдөр Голомт банкны 3350001066 тоот данснаас 999 999 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, ХААН банкны орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна.

 

2. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 5 999 999 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

3. Хариуцагч нар нь зээлсэн мөнгийг буцааж төлөх хугацааг харилцан тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж  заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийг төлөх үүрэгтэй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Одхүү, Д.Батжаргал нарт 2015 оны 8 дугаар сарын 10-нд Хас банканд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Д.Батжаргалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009184 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-448 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202001412 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах, 378,93 м.кв талбайтай газрыг барьцаанаас чөлөөлөхөд 1 700 000 төгрөгийг зээлж бэлнээр авсан гэх боловч уг мөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн баримтгүй байна.

 

5. Хариуцагч Л.Одхүү, Д.Батжаргал нар нь нэхэмжлэгчээс зээлж авсан дээрх 5 999 999 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн талаар шүүхэд баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд харицагч нарын нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн тайлбар, татгалзал нь хууль үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Л.Одхүү нь 2 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Батжаргал нь 3 999 999 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас нийт 5 999 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үндэслэлгүй шаардсан 1 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

 Хариуцагч Д.Батжаргал, Л.Одхүү нарт 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.40 цагт болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.5.-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч нарыг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хэлэлцэхээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5459 дугаартай захирамжаар шийдвэрлэснийг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг, харицагч Д.Батжаргалаас 78 949 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

    

 1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.Опхүүгээс 2 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Батжаргалаас 3 999 999 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ж.Анхтуяад олгож, нэхэмжлэлээс 1 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг, харицагч Д.Батжаргалаас 78 949 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.