Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 6214

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байр, 275 тоотод оршин суух Халзад овогт Дамдинсүрэнгийн Магнайцэцэн /Регистрийн дугаар ДЭ84031405/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 68 тоотод оршин суух Илжигт овогт Ишгэмпилийн Хатанбаатар /Регистрийн дугаар ПЭ82062219/-т холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д. Магнайцэцэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч И.Хатанбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Магнайцэцэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: “Д.Магнайцэцэн миний бие нь 2005 онд И.Хатанбаатартай танилцаж, улмаар 2009 оны 10 дугаар сарын 23-ний өдөр хуримаа хийж, 2009 оны 12 дугаар сарын 25-нд №0141895, Г-164 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон юм. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 09-нд охин Х.Есөнхүсэл, 2013 оны 04 дүгээр сарын 02-нд охин Х.Нандинхүсэл нар төрсөн. Одоо охин Х.Есөнхүсэл нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн 3 дугаар ангид сурч, охин Х.Нандинхүсэл нь Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгт явж, эрүүл саруул өсөн торниж байна. Би И.Хатанбаатартай гэр бүл болсноос хойш 6 жил сэтгэл санаагаар тайван амгалан байж, эрх чөлөөтэй сайхан амьдарч чадсангүй. И.Хатанбаатар нь архи уудаг, ширүүн догшин зантай, өөрийн дэргэд байдаг гэр бүлийн хүмүүсээ байнга дарамталж цэргийн хүн шиг байлгах гэдэг. Дураараа зантай. Бүх зүйлийг ганц өөрийн санаснаар шийдэх гэдэг. Үгэнд нь орж, аяыг нь дагахгүй бол зэрлэг догшин авирлаж, янз бүрийн муухай үгээр дарамталдаг. Бид гурвыг их багагүй зодож дарамтлах гэдэг. Намайг олон удаа зодож, миний тархи толгойг гэмтээж байсан. Эрүүл байсан ч бид гурвыг насанд хүрсэн эрчүүдтэй зүйрлэж дэглэж, зодож байнгын уурлан хохигнож байдаг. Х.Есөнхүсэлийг цэргийн бүс тэлээгээр ороолгож зоддог. Х.Нандинхүсэлийг согтуу ирж өрөөний буланд шахаж өндөр дуугаар орилж айлгаж цочоодог. Намайг байнгын хардаж, элдэв муу үгээр доромжилж, зодож гэмтээдэг, ажил хийлгэдэггүй. Би олон удаа нөхрийнхөө нэр хүндийг бодож тархи толгойгоо бариулан, хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлж, И.Хатанбаатартай амьдрах гэж хичээлээ. Тэгэх тусам улам хатуурхаж, чи ажлаасаа гар, чиний хийж байгаа ажлыг ажил гэдэг юм уу, авсан цалинг чинь цалин гэдэг юм уу, надтай адилхан цалин авчихаад энэ гэрт надтай адил эрх тэгш амьдар гэх мэтчлэн дарамталж, өөрийнхөө эрх ашгийг бодож бид гурвыг цэргийн хүн шиг тушаалаар байлгах гэж хичээдэг байсан. Би төр нийгэмдээ ажил хийж, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэн өвчин зовлонгүй, эмгэг хуучгүй, сэтгэл санаа амгалан тайван амьдрахын тулд И.Хатанбаатараас салах саналтай байна. Хамгийн гол нь хоёр охиныхоо ирээдүй, өөрийнхөө биеийн эрүүл мэнд, бүрэн бүтэн байдлыг хангахын тулд энэ саналыг гаргалаа. Хоёр охин, бид гурвын аймшигтай, байнгын сэтгэл санаа зовсон байдалтай хэцүү амьдарч явдгийг миний аав, ээж, ах дүү, садан төрөл, ажлын газрын хамт олон бүгд мэднэ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн бас мэднэ. Иймд И.Хатанбаатар бид хоёрын гэр бүлийг салгаж өгч, хоёр охин бид гурвыг гарч болзошгүй аюул заналаас салгаж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр бид хоёрын гэр бүлийг салгаж өгнө үү. Мөн миний охид Х.Есөнхүсэл, Х.Нандинхүсэл нарыг миний асрамжинд үлдээж, эцэг И.Хатанбаатараас нь хуулинд заасны дагуу хоёр хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох таван ханатай гэр, И.Хатанбаатарын эгч, дүү нартай нийлж авсан 5,000 м.кв зуслангийн газарт төлсөн 2,500,000 төгрөгний бид гуравт оногдох тодорхой хувь, Батлан хамгаалах яамнаас 300 айлын орон сууцанд манайхыг хамруулж Приус 11 маркийн автомашинаа зарж 5,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард урьдчилгаа болгож өгсөн юм. Энэ 5,000,000 төгрөгний бид гуравт оногдох тодорхой хувийг хуулийн дагуу шийдвэр гаргаж бид гуравт олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Магнайцэцэн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн 5,000,000 төгрөг болон 2,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, таван ханатай гэрийг охидын өмчлөлд үлдээлгэхийг хүсэж байна. Эвлэрэх хугацаа өгч шүүх дээр уулзсанаас хойш И.Хатанбаатар өнөөдрийг хүртэл ямар нэгэн алхам хийгээгүй. Ганцхан оройны сэтгэл санааны байдлаас болоогүй, бид хамтран амьдрах хугацаандаа 7, 8 удаа салж байсан. Эхэндээ эргэж нийлээд сайхан байсан боловч яг сарын дараа буцаад хэвэндээ орж, зайл гэж хөөдөг байсан. Намайг зодож, дарамталдаг асуудал байгаа тул шууд салгаж өгөөч. Таван ханатай гэрийг авах шаардлагын тухайд хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрснөөр нь батлагдах байх. Хоёр охин хүүхдийн тухай болон хариуцагчийн ажил нь хаана байдаг тухай ярьлаа, ажил байдлын нөхцөл байдал нь хүүхдүүдийн сурлага хүмүүжилд хэрхэн нөлөөлөх нь тодорхой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч И.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Халзад овогт Дамдинсүрэнгийн Магнайцэцэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч И.Хатанбаатар надад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс өөрт болон хоёр хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчаар энэхүү иргэний хэрэгт татагдсан И.Хатанбаатар миний бие нь өөрийн эхнэр Д.Магнайцэцэнгийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн зэрлэг балмад, хүнээс гарахгүй муухай авиртай, өөрөөс төрсөн охин үр хүүхдээ хайрлахгүй, гэр бүлээ байнгын сэтгэл санааны дарамт, биеийн хүчирхийлэлд автуулсан үгээр хэлшгүй булай амьтан бишээ. Би ханьтайгаа Завхан аймагт ажиллаж, амьдрах хугацаандаа буюу 2005 онд анх танилцаж, хайр сэтгэлээ илчлэн улмаар хоёр биенээ гэсэн гал халуун хайраар нэгдсэн учраас 2007 онд охин Х.Есөнхүсэл төрж, 2009 онд хоёр талын аав, ээжийнхээ дэмжлэгээр ах дүүсээ урин залж, хуримаа хийн гал голомтоо бадраасан билээ. 2013 онд охин Х.Нандинхүсэл маань мэндэлж, бидний амьдрал дээшлэн дэвжиж сайн сайхан амьдарч байсан. Бидний хооронд гарсан өчүүхэн үл ойлголцлын талаар товч дурдвал миний бие нь 2009 онд Улаанбаатар хотод шилжин суурьшаад Зэвсэгт хүчний 015 дугаар ангид Хүнс, хувцасны албаны даргын албан тушаалд 2011 оныг хүртэл ажиллах хугацаандаа эхнэр болон охин Х.Есөнхүсэлээ байнга ажил, цэцэрлэгт нь өглөө хүргэж, орой авч байсан ба эхнэр Д.Магнайцэцэнг албан ажилдаа тушаал ахиж, амжилт гаргахыг дэмжсэн, тийм ч учраас өнөөдрийг хүртэл Хасбанк энэ албан тушаалд нь ажиллуулж байгаа болно. Харин хариуцагч миний бие 2011-2013 оны 9 дүгээр сар хүртэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангид Хувцасны хангалтын тасгийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Батлан хамгаалах сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн үндсэн дамжаанд 2 жил бүтэн хичээлийн программаар суралцсан юм. Цэргийн сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэдэг энэхүү сургуульд хамрагдсан офицер хүн бол энэ хоёр жилийнхээ хугацаанд өөрийгөө бүрэн бүх зүйлээс чөлөөлж, зөвхөн хичээл сургалтандаа анхаарч, өндөр ачааллаар суралцахыг үүрэг болгох замаар энэ хугацааны цалин хөлсийг Батлан хамгаалах яамнаас олгодог ба байр орон сууцаар хангадаг онцлогтой. Энэ нь миний бие энэ хоёр жилийн сургалтыг амжилттай төгсвөл дараагийн ажил албан тушаал улам батжиж, зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүнд орох байсныг миний хань бүрэн ойлгож байсан хэдий ч, яг сургуулиа төгсөхийн даваан дээр буюу 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бүх зүйлийг дуусгана гэж яваад өнөөдөр шүүхэд ийм нэхэмжлэл гаргажээ. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болсон асуудлын талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байх нь харамсалтай. Энэ өдөр манай ангид суралцаж байсан цэргийн анги байгууллага бүрээс суралцаж байсан нөхөд маань сүүлийнхээ шалгалтыг амжилттай өгсөн ба бүгдээрээ амжилттай зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд орсон баяраа тэмдэглэж бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд би гэртээ маш их баяр хөөртэйгөөр орж ирэн гэр бүлтэйгээ өөрийн баяраа хуваалцахыг бодсон боловч яг тухайн үед манай гэрт хадам ээж маань ирсэн байсан. Гэтэл хүний хань болох Д.Магнайцэцэн маань надаас ямар шалтгаантай архи уусан гэдгийг ч тодруулахгүйгээр шууд над руу ээжийнхээ дэргэд архичин чамаас сална, би чамтай амьдарч чадахгүй гэж дайрсан ба ээж нь ч яг тухайн нөхцлийг буруу ойлгох байдлаар над руу зэрэгцэн дайрч гэр бүлийн дунд хэрүүл гарах шалтгаан болсон юм. Би хадам ээжийгээ хүндэтгэн элдэв асуудал болгохгүй гэж бодоод ороо засан орондоо ороод амарч байхад хадам ээж маань асуудлыг хүндрүүлэх байдлаар цагдаа дуудсан байсан ба цагдаагийн албан хаагч гэрт орж ирэн намайг агсам тавьсан гэж үзэн эрүүлжүүлэхэд аваачиж хийсэн билээ. Би тухайн үед эхнэртээ болон хадам ээждээ маш их гомдож, цагдаагийн албан хаагчийн өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр гарч явсан ба маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гарч гэртээ ирэхэд миний хадам ээж миний эхнэр хүүхдүүдийг гэрт байсан бүх өнгөтэй, өөдтэй эд зүйлстэй маань хуу хаман авч явсан байсан. Би энэ цаг хугацаанаас хойш өнөөг хүртэл эхнэр Д.Магнайцэцэндээ арай ч ийм болчимгүй алхам хийхгүй гэж итгэн, эргэж амьдралаа бодохыг хэд хэдэн уулзаж гуйсан боловч хадам аав, ээжийн нөлөөгөөр бидний амьдрал ийм байдалд хүрч байна. Д.Магнайцэцэн бид хоёрын салж нийлэх хэнд ч хамаагүй боловч бидний дундаас төрсөн 3 ба 9 настай хоёр хөөрхөн охины маань ирээдүй маш бүрхэг болох учраас би эцэг хүний хувьд өөрийн хоёр охин хүүхдийнхээ хувь заяаг хадам аав, ээжийнхээ гарт даатгаад орхиж төвдөхгүй, магадгүй хэн нэгэн хойд эцгийн хатуу гарын шүүс болох вий гэж сэтгэл маш их өвдөж байгаа учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр маань Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг шууд цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба би энэ нэхэмжлэлд дурдсан шиг зэрлэг балмад ааш авиртай, эхнэр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулчихаар ааш авиртай этгээд биш. Өөрийн төрсөн хоёр охин хүүхдээ зовоож, эхнэрээ байнга зодож тарчилгасан танхай этгээд биш болно. Ийм учраас гэрлэлтийг цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энд зөвхөн миний эхнэр Д.Магнайцэцэн бид хоёрын асуудал яригдаагүй, хоёрын хоёр охин үрийн маань эрх ашиг маш ноцтой хөндөгдөж байна. Түүнээс гадна би 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хоёрхон хоногийн дараа буюу 06 дугаар сарын 26-ний өдөр сургуулиа төгсөж, миний бие Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн орлогчоор томилогдсоноор миний завгүй байдал, цаг наргүй хичээлдээ улайрсан нөхцөл байдал дуусгавар болж, энгийн сайхан аз жаргалтай амьдрал маань эхлэх байсныг хадам аав, ээж маань даанч ойлгоогүй дээ. Надад хэлж яривал энэнээс гадна өчнөөн л юм байна. Жишээлбэл: Бидний хоёр дахь хүүхэд болох Х.Нандинхүсэл маань том охиноос хойш 6 жилийн дараа буюу 2013 онд төрснөөс хойш 1 жилийн дараа миний охин 1 настай байхад эхнэр маань дахин жирэмсэлсэн бөгөөд бидэнд заяах гэж ирсэн халуун амийг би маш их баяртайгаар хүлээн авч, эхнэртэйгээ ярилцан төрүүлэхээр шийдсэн байхад манай хадам аав, ээж бидний амьдралд хөндлөнгөөс оролцож, ганц хүний буюу миний оюутан байхад авч байсан цалингаар амьдрах юм шиг, намайг дандаа оюутан амьдралаар тарчигдуухан явах юм шиг сэтгэн миний ямар ч оролцоогүйгээр, надад ямар ч хэл дуулгалгүйгээр дээрх хүүхдийг маань үр хөндүүлэн амийг нь тасалсан байсныг би хожуу мэдсэнээс хойш хадам ээждээ маш их гомдсон. Хүний амьдрал л болохоор өөр зөндөө юм байдаг ч би энэ удаад бүхнийг дурдахаас түдгэлзэж, өөрийн эхнэртэйгээ зөвхөн хоёулаа уулзаж, өөрсдийнхөө амьдрал, үр хүүхдийнхээ хувь заяаны талаар эргэн нэг ярилцах боломжийг олгохыг Монгол Улсын хараат бус, шударга шүүхээс хүсч байна. Эд хөрөнгийн маргааныг хариуцагчийн хувьд ямар ч асуудалгүйгээр өгөхөд татгалзах зүйлгүй боловч хоёр охиныхоо эцгийн хувьд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг хүний үүргээ бодсон ч гэсэн би өөрийнхөө төрсөн охидыг хойд эцгийн нүүр харуулахгүй, миний хоёр охиныг надаас илүү хайрлах эцэг олдохгүй гэж үздэг эр хүнийхээ хувьд хүүхдүүдийн асрамжийн асуудлыг өөртөө үлдээх, хэрэв асрамжийн асуудлыг надад шүүх шийдсэн тохиолдолд эхнэр Д.Магнайцэцэнгээс тэжээн тэтгэх тэтгэмжийг нэхэмжлэхгүй болно. Дээр бичсэнчлэн миний бие нь Д.Магнайцэцэнгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хадам талын хавчлага, хүсэл зориг гэж үзэж байгаа учраас ИХШХШТХ-ийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, Эвлэрүүлэн зуучлах тухай хуульд тус тус заасан зохицуулалтын дагуу биднийг эвлэрэх боломжоор хангаж, хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч И.Хатанбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс эвлэрэх хугацаа олгосны дараа хоёр, гурван удаа уулзаж, эвлэрэх талаар ярьж байсан. Миний ажил Төв аймагт байдаг тул өглөө 6 цагт гараад орой 9 цагт ирдэг. Ажил ихтэй байсан, мөн энэ хугацаанд Г.Магнайцэцэн амраад Говь-Алтай аймаг луу аав, ээж рүүгээ явсан байсан тул уулзаж амжаагүй. Хоёр охинг хоёуланг нь өгвөл авах хүсэлтэй байна. 10 настай хүүхдийг Говь-Алтай аймгийн шүүхээс асуухад ээжтэйгээ байна гэж хэлсэн байсан. Яг гэр бүл салж байгааг, аав ээж нь хамт амьдрахгүй тухай мэдэхгүй байгаа. Цаашдаа эхнэр авах бодолгүй байгаа тул бага охиноо өөрийнхөө асрамжид авч үлдэх хүсэлтэй байна. Таван ханатай гэрийг зах зээлийн ханшаар үнэлээд өгөх боломжтой. Хоёр охинг хоёуланг нь өгнө гэвэл И.Хатанбаатар нь өсгөн хүмүүжүүлэх боломжтой. Байрны түрээс төлдөггүй, байрны илүү дутуу зардал гардаггүй. Гэхдээ гэр бүлийг цуцлах хэмжээнд очсон асуудал биш тул хэн хэн нь бие биендээ бууж өгөөд, эвлэрүүлээд хооронд нь ярилцуулах шаардлагатай, заавал гэр бүл цуцлах шаардлагагүй гэж үзэж байна. И.Хатанбаатар бол гэр бүлийнхэндээ догшин авирлаад, алах хэмжээндээ очсон хүн гэж үзэхгүй байна. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хангалтгүй хийгдсэн, сэтгэл гаргалгүй явагдсан гэж үзэж байна. Эвлэрлийн байдлаар энэ хэрэг маргаанаа шийдвэрлэх боломжтой байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Магнайцэцэн гэрлэлт цуцлуулах, охин Х.Есөнхүсэл, Х.Нандинхүсэл нарыг өөрийн асрамжид авах, эцэг И.Хатанбаатараас нь хуулинд заасны дагуу хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох таван ханатай гэр, 5,000 м.кв зуслангийн газарт төлсөн 2,500,000 төгрөг, орон сууцны урьдчилгаа 5,000,000 төгрөгний өөрт болон хоёр охинд ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч И.Хатанбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч нь эвлэрүүлэн зуучлах боломжийг дахин олгохыг шүүхээс хүсч, гэрлэлтийг цуцлах тохиолдолд охин Х.Нандинхүсэлийг өөрийн асрамжид авна гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө 5,000 м.кв зуслангийн газарт төлсөн 2,500,000 төгрөг, орон сууцны урьдчилгаа 5,000,000 төгрөгний өөрт болон хоёр охинд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаа татан авч, таван ханатай гэрийг 1,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилснийг хариуцагч гэрийг өөртөө үлдээж, 1,000,000 төгрөг өгөхөөр хүлээн зөвшөөрсөн.

Зохигч болох Д.Магнайцэцэн, И.Хатанбаатар нар 2005 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 164 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн 0141895, Г-164 дугаартай гэрчилгээ, тэдний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Х.Есөнхүсэл /Регистрийн дугаар ДЮ07290901/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000862299, Г-212 дугаартай гэрчилгээ, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Х.Нандинхүсэл /Регистрийн дугаар ДЮ07290901/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000885740, Г-141 дугаартай гэрчилгээ, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа нь “Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, 135 дугаар цэцэрлэгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдов. /хавтаст хэргийн 11, 12, 14, 15 дахь тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хариуцагч И.Хатанбаатар гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй, эвлэрэх боломж олгон, хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 20037  дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь шүүгчийн захирамжийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 456  дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. /хавтаст хэргийн 45 дахь тал/

 

Хариуцагч нь эвлэрүүлэн зуучлуулах ажиллагаа явуулах боломжоор дахин хангахыг шүүхээс хүссэн. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа олгосон байх бөгөөд мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэхээр заасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах боломжгүй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч зохигчид гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох асуудлаар харилцан тохиролцож эвлэрээгүй байх ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2015 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа,  нэхэмжлэгч гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигчид 9 настай охин Х.Есөнхүсэлээс  асрамжийн асуудлаар түүний саналыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, охин Х.Есөнхүсэлийн саналыг авсан. Хариуцагч нь охин Х.Есөнхүсэлийн ээжтэйгээ хамт амьдрах саналыг харгалзан охин Х.Нандинхүсэлийг өөрийн асрамжид авах саналтай байх боловч охин хүүхдүүдийг сэтгэл санааны хувьд төлөвшүүлэх, сурч хүмүүжүүлэхэд эхийнх нь асрамжид байлгах нь хүүхдүүдэд илүү ач холбогдолтой, нөлөөтэй гэж үзэн, хүүхдүүд хамтдаа өсч бойжсон, тэдний амьдарч дассан орчин, амьдралын нөхцөлийг өөрчлөх зайлшгүй, онцгой шалтгаан байхгүй тул хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь илүү зохимжтой гэж үзсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Х.Есөнхүсэл, охин Х.Нандинхүсэл нарыг төрсөн эх Д.Магнайцэцэнгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг И.Хатанбаатараар хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран эх Д.Магнайцэцэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг И.Хатанбаатарт саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын хөрөнгө таван ханатай гэрийг 1,000,000 төгрөгөөр үнэлэн өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг авахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, гэрийг өөртөө үлдээн, 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч болон хүүхдүүддээ өгөх санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, зохигчид эд хөрөнгийн талаар өөр маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Халзад овогт Дамдинсүрэнгийн Магнайцэцэн /Регистрийн дугаар ДЭ84031405/, Илжигт овогт Ишгэмпилийн Хатанбаатар /Регистрийн дугаар ПЭ82062219/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Х.Есөнхүсэл, охин Х.Нандинхүсэл нарыг төрсөн эх Д.Магнайцэцэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Илжигт овогт Ишгэмпилийн Хатанбаатар /Регистрийн дугаар ПЭ82062219/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2007 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Х.Есөнхүсэл /Регистрийн дугаар ДЮ07290901/, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Нандинхүсэл /Регистрийн дугаар ДЮ07290901/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох таван ханатай гэрийг хариуцагч И.Хатанбаатарын өмчлөлд үлдээж, хариуцагч И.Хатанбаатараас таван ханатай гэрийн үнэ болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Магнайцэцэнд олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 28,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Магнайцэцэнд олгох, хариуцагч И.Хатанбаатараас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,006 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР