Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг, /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016.05.31-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагчийн төлөөлөгч Д.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшаар 20 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөж байна. Туслах багшийн мэргэжлийн үнэмлэхтэй.  ..Миний бие 2015-2016 оны хичээлийн жилд СӨБ олгох салбарын цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан. 2016 оны 6 сарын 1-нээс эхлэн 2016 оны 7 сарын 22-ныг хүртэл ээлжийн амралт эдэлсэн юм. Гэтэл тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Будням туслах багш Ө.А намайг 2016 оны 5 сарын 31-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч Д.Б нь 2015 оны 12 сарын 31-ний өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байсан. Тушаалыг надад танилцуулж өгөөгүй. Намайг 2016 оны 1 сарын 4-нд цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар туслах багшид буцаан авахдаа хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар хийсэн болохыг сүүлд нь мэдсэн юм. Миний бие энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж байсан. Хөдөлмөрийн болон бусад хуульд зааснаар сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 5 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах юм. Би СӨБ-ын байгууллагад 20 гаруй жилийн үр дүнгээ өндөр настны тэтгэвэрт гарахдаа эдэлмээр байна. Манай байгууллагын удирдлага ажлын байран дээр дарамт шахалт үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй намайг хэл амаар доромжилж дарамталдаг. Иймд 2016 оны 5 сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгож, Б. намайг туслах багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө.А Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй гэж үзэж байна. Учир нь Ө.Амаржаргалын 2016 оны 5 сарын 31-нд ажлаас чөлөөлсөн тушаалыг эрхлэгч Д.Будням миний бие тэр өдөр нь гаргасан бөгөөд тушаалыг гаргахдаа  туслах багшаар түр ажиллаж байсан Ө.Амаржаргалыг гэрээгээ аваад орж ирэхийг  хэлсэн. Ө.Амаржаргал хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн гэрээгээ аваад орж ирэхэд гэрээний хугацаа дууссан тушаал гаргах тухайгаа хэлсэн. Ө.Амаржаргал үг дуугүй гарч явсан. 6 сарын 1-ний өдөр миний бие өвдөж 3 хоног хэвтээд 6-нд ажилдаа ирээд Ө.Амаржаргалд тушаал өгөхөөр утсаар залгасан боловч утсаа аваагүй. Бусад бүх багш ажилчид руу залгахад мөн утсаа авахгүй байсан. Хожим нь би хэсэг багш, ажилчид хуйвалдаж Ө.Амаржаргалыг авч үлдэхийн тулд Д.Буднямын эсрэг баримт бүрдүүлж Сумын Засаг дарга, Аймгийн Засаг дарга, Аймгийн БСГ-ын дарга, Шүүхэд илгээсэн болохыг мэдсэн. Тэгээд 6 сарын 7-нд Ө.Амаржаргал руу дахин дахин залгаж байж ажил дээр дуудаж ирүүлээд тушаалыг нь гардуулж өгсөн. Тушаалаа авч уншаад би яахаараа халагддаг юм гэж асуухаар нь гэрээний хугацаа дууссан, таныг ажлаас халаагүй хугацаа дууссан учир явуулж байна гэж хэлсэн. Тэгээд тушаалаа аваад гарсан. ...7 сарын 22-нд багш нарыг ажилд орох өдөр ирж ажилдаа орно гэж зүтгэсэн. Би цэцэрлэг шинэ хичээлийн жилээс эхлэн 4 бүлэгтэй  болж бүлгийн тоо хасагдана гэдгийг таньд хэлж 01 сард хугацаатай гэрээг байгуулсан, таныг одоо ажилд авах боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн БСГ-тай яриад үйлчлэгчийн тоо нэмүүлэх санаатай байна. Тэгвэл таныг би эргүүлээд  авна гэж хэлсэн. …Тушаал гардуулаад 2 сар шахам болж байхад хуулийн хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэнд гайхаж байна. 1 сарын хугацаанд өргөдөл хүлээн авч хэрэг үүсгэх эрхтэй ч амралтын хугацаанд тушаал өгөөгүй явсан мэтээр ойлгуулсан байх гэж бодож байна. Амарч ирээд мэдсэн гэж нэхэмжлэл дээр ташаа байдлаар бичсэн байсан. Энэ хүн эргээд ажилдаа оръё гэсэн ч ажлын байр  байхгүй. Манайх нэг бүлэг хасагдаж багш, туслах багшийн орон тоо байхгүй болсон. Үйлчлэгч хийгээч гэж ярьж үзсэн. Үйлчлэгч хийхгүй, заавал туслах багш болно гэдэг. Ө.Амаржаргал нь хэзээ ч өөрийн бурууг хүлээж үзээгүй арга зальтай нэгэн төдийгүй 6 сарын 1-нээс хойш Аймаг дээгүүр гүйгээд бүтэхгүй болохоор нь тушаал гардаж авсан хугацаагаа нуун дарагдуулж хэрэг үүсгүүлсэн байна гэж харж байна. Миний бие 12 жил энэ албыг хашихдаа түүнийг хариуцлага тооцох халах хасахыг урьтал болгож яваагүй төдийгүй 2 өнчин хүүхэдтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэршээлтэй гэж уучилж, хамгаалж ирсэн. Ө.А нь туслах багшийн ажил албан тушаалд тэнцэхгүй мэдлэг боловсрол, ур чадвар, ажлын хариуцлага султай нэгэн ба баг хамт олны дунд байнга сөрөг нөлөө үзүүлж залуу шинэ боловсон хүчнийг буруу манлайлдаг төдийгүй бага насны хүүхдийн эрүү аюулгүй орчинд сурч хөгжих эрхийг удаа дараа зөрчиж ирсэн. Би тэр олон хүүхдийн эрх ашгийг хамгаалж байгаа, мөн тэр хариуцлагыг өөрөө толгойгоороо хариуцах хүний хувьд өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй. Би энэ хүнийг 12 сард ажлаас нь зохих үндэслэлээр нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам дээр байгаа. Дундговьд хүүхдийн эрхэд халдсан зүйл гарснаас хойш маш олон албан даалгавар ирсэн. Хүүхдийн эрхэд халдаад нуун дарагдуулвал та ажилгүй болно шүү гэсэн зүйлийг дээрээс хэлж байсан. Өмнө нь 2012 онд вооктой усаар аяга угааж 10 хүүхэд хордсон. Тэгэхэд Амаржаргалыг угаасан гэсэн мэдээлэл гарсан. Амаржаргалыг өөрийг нь дуудаад асуухад угаасан нь үнэн, аяга угаагч байгаагүй юм чинь гэсэн. Яагаад байхгүй гэж чи надад хэлэхгүй яасан юм гэхэд нярав байхгүй гэж хэлэхээр нь би воокоор угаасан гэж байсан. Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлийн дагуу хугацаатай гэрээ байгуулсан. Хугацаа дууссан тул энэ хүнийг явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал хэлж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрийн тайлбар, татгалзлаа хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. Шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасан дараалал журмын дагуу явагдаж хэлэлцүүлгээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж асуухад хариуцагч энэ талаар баримт гаргаж өгсөнгүй. Тухайн үед Амаржаргал ээлжийн амралттай байсан. Тушаалыг 5 сарын 31-н гэж урьдчилсан байдлаар гарсан. Ээлжийн амралтын хугацаанд энэ асуудал яригдсан. 2016 оны 1 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч нь Амаржаргалтай харилцан тохиролцоод хийсэн. Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлд зааснаар хугацааг тохирсон гэж тайлбарлаж байгаа ч энэ нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шүүх дээр ярьж байгаа тайлбараас харахад энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч даргын дуудсанаар өрөөнд нь ороход гарын үсэг зур гэсэн гэдэг. Нэхэмжлэгч өөрийн хэллэгээрээ шил нүдэн дээр очоод зуръя, харахгүй байна гэсэн боловч гарах хэрэггүй, наанаа зураад өг гэсний дагуу гарын үсэг зураад өгсөн. Гэтэл байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчиж хийсэн гэрээ байсан. Ажил олгогч нь иргэнийг ажилд авахдаа яагаад хугацаа заасан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-т зааснаар “Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үү­­ргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай ­үндэслэлээ нотлох үү­­рэгтэй”. Гэтэл нотолсон зүйл байхгүй. Энэ гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.4, 21.5-д заасан “Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл х­үчин төгөлдөр бус байна” гэсэн заалтад хамаарч байна. Ажил олгогч түр хугацаагаар томилсон гэж байгаа ч 23-р зүйлийн 23.2.3-т шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчийг түр хугацаагаар авдаг.  Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хүн 20 гаран жил сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагад ажиллаж байгаа. Хариуцагч орон тоо хасагдсан гэж байна. Орон тоо хасагдсан бол тушаал өөр байдлаар гарах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-ийг барих байсан. Хариуцагчийн хэлж байгаа тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.  Амаржаргалын ажил байдлын талаар баримтыг шинжлэн судлуулсан. Энэ хүн маш олон шагнал авсан. Муу хүнийг муу байхад чи сайн шүү гэж шагнадаг удирдлага байдаггүй байх. Амаржаргал вооктой усаар аяга угаасан үйлдлээс болоод хордлого гарсан уу гэдэг нь мөн тогтоогдоогүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Энэ асуудлаас болж ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэж байгаа бол үүнийгээ баримталж өөр тушаал гаргах байсан байх. Өмнө нь 12 сард ажлаас халаад хоёр, гурав хоногийн дараа ажилд авахдаа Хөдөлмөрийн хуульд заасан заалтыг дордуулсан тушаал гаргасан байна. Амаржаргал нь ажилдаа хэр юм, амьдрал ахуй нь ямар юм гэдгийг хамт олон тодорхойлж ирүүлсэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт гарах гэж байгаа гэдгээрээ ялгаварлагдах ёсгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгөөч. Нэхэмжлэгч сарын 447000 цалинтай. Ажиллаагүй 4 сарын хугацаа байна. Мөн дээр нь хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл гэж 10 хувийн нэмэгдэл авдаг гэж хариуцагч хэлж байна. 7 сард 21 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 22 хоног, 10 сарын 21 хүртэл ажлын 15 хоног, нийт 81 хоногийн цалинг олгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016.05.31-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

  • 2016 оны 1 сарын 4-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 4-5-р хуудас/
  • Ёс зүйн гэрээ /хэргийн 6-р хуудас/
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 5 сарын 31-ний өдрийн Б/08 дугаар  ‘’Ажлаас чөлөөлөх тухай’’ тушаалын эх хувь /хэргийн 7-р хуудас/

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн Б/12 дугаар ‘’Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай’’ тушаалын эх хувь /хэргийн 7-р хуудас/

  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 1 сарын 4-ний өдрийн Б/01 дугаар ‘’Ө.Амаржаргалыг ажилд авах тухай’’ тушаалын эх хувь /хэргийн 9-р хуудас/
  • №0120693 дугаартай Өлзий-Орших овогтой Амаржаргалын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 13-р хуудас/
  • Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 2016 оны 5 сарын 2-ны өдрийн TL-06-22 дугаар сорилын дүнгийн хуудас /хэргийн 29-30-р хуудас/
  • Хүний их эмч С.Бумсүрэнгийн тодорхойлолт /хэргийн 31-32-р хуудас/
  • Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яамын ‘’Ажил сайжруулах тухай’’ 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 2/12454 тоот албан бичгийн хуулбар, /хэргийн 33-р хуудас/
  • Дундговь аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 12 тоот албан бичиг /хэргийн 34-р хуудас/
  • УБ№0219 дугаар Ө.Амаржаргалын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Үнэмлэх, өргөмжлөл, аймаг, сумын жуух бичиг, дурсамжийн хуулбар
  • Хүүхдийн цэцэрлэгийн багш нарын ‘’Шидэг хэрэглэхдэхүүн’’-ий уралдааны үнэлгээний хуулбар баримт зэрэг болно.

Нэхэмжлэгч Ө.А нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 5 сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2016 оны 8 сарын 2-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ө.А нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 20 гаруй жил ажиллаж байгаад 2016 оны 5 сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчтэй 2016 оны 1 сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д  байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно гэсэн заалтыг тус тус зөрчсөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр болох туслах багшийн орон тоо нь байнгын ажлын байр мөн болох нь мөн хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа харилцан тохиролцоогүй /харилцан тохиролцсон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй/, ямар шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа тухайгаа хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй зэрэг нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлыг үртгэлжлэх хугацаагаар,  шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчийг дотоод журамд заасан туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг. Гэвч нэхэмжлэгч Ө.Амаржаргал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 20 гаруй жил ажилласан, ажлын туршлагатай, ажиллаж байгаа ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд хэн 1-ий оронд түр хугацаагаар ажиллаагүй болох нь зохигчийн тайлбараар мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ө.А ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  тушаал нь хууль бус байх учир түүнийг ажлаас халсантай адилтган үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс олгох журмын 7-д зааснаар сүүлийн 3 сарын цалингаас тооцож 1640760 /нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин 1591043 төгрөг /4, 5, 6 сар/, 4-6 сарын ажлын өдөр 64 хоног нэг өдрийн цалин 24860=1591043:64 төгрөг, ажилгүй байсан хугацааны ажлын хоног 66 / ажил эхэлсэн хугацаа нь зохигчийн тайлбараар 2016 оны 7 сарын 22 гэх тул 2016.07.22-2016.10.21/ хоног тул 66*24860=16407060 / төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас 41202 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.АДундговь аймгийн Дэлгэрхангай сумын Цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 1640760 /нэг сая зургаан зуун дөчин мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Цэцэрлэгт ажилтаны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж тооцон бичилт хийхийг даалгасугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 41202 /дөчин нэгэн мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х