Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 4544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 331б тоот хаягт оршин суух Боржигон овогт Өөдөсийн Уранчимэг /РД:ВИ62120202/-ийн гаргасан хүсэлттэй,

 

Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Уранчимэг, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ө.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 1981 оноос 1990 оны хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадад Ногоочин, 1991 онд тус бригадад Саальчинаар ажилласан юм.

 

Гэтэл тэтгэвэр тогтоолгох болсон чинь Хөдөлмөрийн дэвтэр дээр тушаалыг баталгаажуулсан тэмдэг байхгүй, 1986 оноос 1990 оны цалин хөлс бичигдээгүй байна гээд буцаасан.

 

Намайг энэ хугацаанд ажиллаж байсан гэдгийг Баянхонгор аймгийн Архивын газрын лавлагаагаар болон 3 дугаар бригадын Агротехникч А.Цэцэгжаргал, ахмад ногоочин Д.Лувсанцэрэн болон Л.Сүрэн, П.Чимэдциеэн нарын мэдүүлгээр нотлогдоно.

 

Баянхонгор аймгийн Архивын газрын лавлаагаар 1988 оноос 1991 оны хооронд Малчин гэсэн тодорхойлолт ташаа юм, гэвч миний хувьд ямар ажил хийж байсан тийм ч ач холбогдолтой бус харин тодорхой хугацаанд ажилласан гэдгээ тогтоолгох хүсэлттэй байна.

 

Иймд, Ө.Уранчимэг намайг 1981 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө үү” гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ө.Уранчимэг нь ажилласан жил тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.

 

Хүсэлт гаргагч Ө.Уранчимэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадад ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.    Хүсэлт гаргагч Ө.Уранчимэгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2.    Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа,

3.    Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн даргын 1985 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тушаал,

4.    Хүсэлт гаргагч Ө.Уранчимэгийн 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн баярын бичиг,

5.    Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн даргын 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тушаал,

6.    Гэрч А.Цэцэгжаргалын тодорхойлолт,

7.    Гэрч Л.Сүрэн, П.Чимэдциеэн нарын мэдүүлэг,

8.    Гэрч Л.Сүрэнгийн баярын бичиг, үнэмлэх.

 

Ө.Уранчимэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадад Ногоочноор томилогдож, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоолоор Малчны ажлаас чөлөөлөгдсөн ажээ. Учир нь, Улсын бага хурлын 1991 оны 31 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аж ахуйн нэгдлийг зогсоосон тул тухайн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэлд харъяалагдан ажиллаж байсан ажилтнуудыг ийнхүү чөлөөлсөн байна.

Нэхэмжлэлд цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл Ө.Уранчимэг нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн дарга Д.Нямдоржийн 1985 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот тушаал, мөн 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тушаалаар Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллах ажилтнаар томилогдон ажиллаж байжээ.

 

Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаанаас үзвэл Ө.Уранчимэг нь тус аймгийн Бөмбөгөр сумын нэгдэлд 1987 онд Ногоочноор, 1988 оноос 1991 оны хооронд 3 дугаар бригадад Малчнаар ажиллаж байсан талаарх мэдээлэл тусгагдсан байна.

 

Хэдийгээр архивын мэдээллийн санд Ө.Уранчимэгийн ажиллаж байсан 1987 он болон 1988 он, 1991 оноос өөр онуудын мэдээлэл байхгүй байгаа боловч түүний Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн даргын тушаал зэргээс үзвэл тэрээр 1987 оноос өмнө Ногоочноор ажиллаж байсан бол 1988 оноос 1991 оныг дуустал Малчнаар ажиллаж байсан байна. 

 

Түүнчлэн Ө.Уранчимэгийг 1981 оноос 1991 оны хооронд ажиллаж байсан гэдгийг түүний ажиллах хугацаандаа гаргаж байсан амжилтыг нотолсон баярын бичиг, гэрч А.Цэцэгжаргалын тодорхойлолт, Л.Сүрэн, П.Чимэдциеэн нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.

 

Гэрч А.Цэцэгжаргалын хувьд хүсэлт гаргагч Ө.Уранчимэгийг Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллах ажилтнаар томилогдон ажиллаж байх үед тэрээр тариачид, ногоочдод талбайг хэмжиж хуваарилах, хил заагийг тогтоох, байнгын хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Агротехникч байсан бол /Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн дарга Д.Нямдоржийн 1985 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот тушаал, мөн 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тушаал/ харин гэрч Л.Сүрэнгийн хувьд тухайн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадын орлогч дарга хийж байсан байх бөгөөд түүнийг орлогч дарга хийж байсан гэдгийг мөн хүсэлт гаргагч Ө.Уранчимэгийн талаар мэдүүлсэн үйл баримтыг бусад эх сурвалж болох Л.Сүрэнгийн үнэмлэх, баярын бичиг, дурсамж, талархлын бичиг зэргээр тус тус нотлогдож байна.

 

Мөн гэрч П.Чимэдциеэний мэдүүлгээс үзвэл гэрч Л.Сүрэнгийн мэдүүлэгт дурьдсан үйл баримтыг баталж байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэлэхээс татгалзах үндэслэл алга байна.

 

Хүсэлт гаргагч Ө.Уранчимэгийн Хөдөлмөрийн дэвтэр нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн ба тэрээр 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ногоочноор томилогдож, улмаар 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Малчны ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд түүнд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон дэвтрийг Нэгдлийн дарга С.Дашдондог гэж хүн олгож байжээ. 

 

Иймд, дээр дурьдсныг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ө.Уранчимэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадад ажиллаж байсан гэдэг нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Өөдөсийн Уранчимэг /РД:ВИ62120202/-ийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар бригадад ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтад тус тус зааснаар хүсэлт гаргагч Ө.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР