Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2016/04398/и |
Дугаар | 4398 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 4398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87-10 тоот хаягт оршин суух Батаагийн Алтанчимэг /РД:НВ63012021/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордон, 12 дугаар давхар хаягт байрлах Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Энхтүвшин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст Төсөвчний ажил үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байхад надтай 14/06 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа надад ажиллаж байх хугацаанд Хөдөлмөрийн гэрээ байгуулана гэж хэлж байсан боловч байгуулаагүй. Харин тус Ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан ба уг хугацаа дууссан боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байсан.
Байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулах нь миний хүсэл зориг биш байсан, харин тогтвортой хугацаа заагаагүй гэрээ байгуулж, ажиллах сонирхол байсан юм.
Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/05 тоот тушаал гарч, надтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон.
Миний бие ажиллах хугацаандаа аливаа зөрчил гаргаагүй, байгууллагын дотоод журам, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ажил олгогч нь байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчиж, Ажил гүйцэтгэх тухай гэрээ хугацаатай байгуулсан, одоо гэрээг дуусгавар болгож байгаа тус үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Газрын бүтэц, орон тоог баталсан тушаалыг гаргаж өгсөн, гэвч энэ тушаалаар баталсан бүтэц, орон тоо нь нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй Хөдөлмөрийн харилцаанд оролцсон гэдгийг үгүйсгэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж юу ойлгодог талаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн багаж, хэрэгслээр, тус газраас тогтоосон хөдөлмөрийн дүрэм, журамд захирагдаж хөдөлмөрлөдөг байсан үүнийг ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурьдаж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй явцын дунд Хөдөлмөрийн гэрээ байгуулана гэж удаа дараа хэлж байсан юм билээ. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ нь эхэндээ 1 сарын хугацаатай, дараа нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгагдсан ба түүнээс хойш сунгагдаагүй, энэ гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй боловч бодит байдал дээр Иргэний хуульд заасан тус гэрээний шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч Б.Алтанчимэгийн хувьд хариуцагчтай Хөдөлмөрийн харилцаанд орсон учраас Хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Хөдөлмөрийн гэрээний харилцаанд оролцоогүй ба 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14/06 тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэж байгуулсан.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудад Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ОНӨААТҮГ юм. Байгууллагын дүрэм, бүтцийг Нийслэлийн засаг даргын 2013 оны А/887 тоот дугаар захирамжаар шинэчлэн баталсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан шиг Төсөвчний байнгын ажлын байр гээд байгаа нь дээрх захирамжаар баталсан бүтэц орон тоонд байхгүй. Энэ тухай нэхэмжлэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах явцад сануулж хэлж байсан.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан боловч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан мэтээр тайлбарлаж байна. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээнд хугацааг 1 сар, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 16-аас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус тус байгуулсан.
Дээрх тайлбараас нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Хөдөлмөрийн харилцаанд оролцоогүй, байнгын ажлын байранд авч ажиллуулаагүй нь тодорхой харагдаж байна.
Иймд, Б.Алтанчимэгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Харин хариуцагчийн зүгээс Б.Алтанчимэгтэй Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүнтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан, түүний ажлын байр нь байнгын ажлын байр биш учраас гэрээ болон хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр болсон байна.
Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгчийн ажлын хөлсний хэмжээг тогтмол буюу сард 680,000.00 төгрөгөөр тогтоож, ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлыг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т нэрлэн зааснаас гадна удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тэрбээр гүйцэтгэхээр болсон байна.
Зохигчдын тайлбарт дурьдснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь Төсөвчний ажил үүргийг гүйцэтгэж байсан ба түүний Нийгмийн даатгалын дэвтрээс үзвэл тэрээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б/53 тоот тушаалаар Мэргэжилтнээр томилогджээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна., 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний онцлог шинж, зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа бус харин тодорхой ажлын үр дүн байх юм.
Зохигчдын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ болон нэхэмжлэгчийн хийж байсан ажил үүрэг, хэрэгт цугларсан нотлох баримтаас тус тус дүгнэвэл энэхүү гэрээ нь дээр дурьдсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна.
Учир нь, нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн ажлын онцлог, гүйцэтгэх ажлаас хамаарсан бие даасан дүрэм, журмаар бус харин хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тогтоосон ажлын цагийн горим, хөдөлмөрийн норм нормативт захирагдаж, тус газрын ажилтны адил ажилладаг, түүний гүйцэтгэсэн ажлын үр дүн тодорхой цаг хугацаанаас үл хамаарч бий болсон эсэхийг харгалзахгүйгээр уг байгууллагын ажлын цагийн горимд нийцэх, Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн гэхээсээ илүүтэйгээр хөдөлмөрлөх үйл явцыг илэрхийлж ажилладаг байжээ. Мөн зохигчид Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлыг нэр дурьдаж зохицуулсан байх хэдий ч ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар тохироогүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах, үр дүнг үнэлэх гэх зэрэг зүйлүүдийг тохироогүй, харин шууд удирдлагын үүрэг даалгаварт захирагддаг байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үндсэн бусад ажилтантай адил тогтоосон ажлын цагийг баримтлах, дүрэм, журмыг дагаж мөрдөхөөс гадна түүний гүйцэтгэж буй ажил нь тодорхой үр дүн бус харин ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавар, түүнийг хийж гүйцэтгэж буй үйл явц байна.
Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/83 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь хариуцагчийн бусад ажилтан, албан тушаалтантай адил үндсэн ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэх, түүний ажил үүргийг үндсэн ажилтан нь орлон гүйцэтгэх гэх зэргээр ажиллаж байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тус тус үзвэл хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэгчийн ажлын хөлсийг сарын 680,000.00 төгрөг гэж тогтоосон байх боловч нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь бусад ажилтан, албан тушаалтантай адил Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг тогтсон хугацаанд тогтмол авч байсан байна.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарсан бус харин ажлын үйл явц, сар, улирлын ажлын гүйцэтгэлээс хамаарч ажлын хөлсийг олгодог байсан зэргээс тус тус дүгнэвэл Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үл агуулсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээг байгуулахыг хориглосон ба тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргийг хүлээсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүргийг гүйцэтгэхийг ойлгоно” гэжээ.
Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн хөдөлмөрийн багаж хэрэгслээр, хариуцагчийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан ба хариуцагчаас тогтоосон дүрэм, журамд захирагдаж, ажил, амралтын цагийн горимоор ажиллаж, бусад ажилтны ажил үүргийг орлох, тэдгээр нь түүний ажил үүргийг орлох зэргээр ажиллаж байснаас тус тус дүгнэвэл түүний ажлын байр нь байнгын ажлын байрны шинжийг агуулсан ба тэдгээрийн хооронд анхнаасаа хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн зохицуулалттай ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Алтанчимэгт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас өгсөн хөдөлмөрийн багаж хэрэгслээр, хариуцагчийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан ба хариуцагчаас тогтоосон дүрэм, журамд захирагдаж, ажил, амралтын цагийн горимоор ажиллаж байсан гэдгийг үгүйсгээгүй, харин өөрийн тайлбараар эдгээрийг зөвшөөрч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 23 дугаар зүйлд тус тус зааснаар хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд хэдийгээр зохигчдын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ч тэдгээрийн хувьд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчиж, бусад төрлийн гэрээг нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь гацгхүү хуулийн хүрээнд байх ёстой ба нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байхад хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь тус хуулийг зөрчсөн байна.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Алтанчимэгийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн сарын хөлс 680,000.00 төгрөг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл, мөн 69 дүгээр зүйл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр дэх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцоход түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,498,429.00 төгрөг болж байх тул хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс нэхэмжлэгч Б.Алтанчимэгийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч талаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 134,925.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР