Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 3272

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 133 тоот хаягт оршин суух Аюур овогт Бадарчийн Дүгэрээ /РД:ПН87120803/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 34 тоот хаягт оршин суух Дугар овогт Дүгэрсүрэнгийн Болдбаяр /РД:ЙЮ81032074/,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 34 тоот хаягт оршин суух Харчу овогт Галбаярын Оюунчимэг /РД:НХ870218074/-т холбогдох 4,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Дүгэрээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Дүгэрсүрэн болон түүний эхнэр Г.Оюунчимэг нартай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байр хөлслөх гэрээ байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хөлслүүлэхээр болсон ба тус гэрээг нотариатаар баталгаажуулсан.

            Хариуцагч тал төлбөр төлөхгүй 6 /зургаа/ сар болсон. Иймд, 4,200,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн байрнаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Болдбаяр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа:

Миний бие Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 34 тоот хаягт байрлах орон сууцыг 2014 оны 10 дугаар сараас эхлэн түрээслэж эхлэсэн бөгөөд сүүлийн 6 /зургаа/ сарын түрээсийн төлбөр 4,200,000.00 төгрөгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө төлж, дахин сунгах тухай ярилцсан болно.

Хариуцагч би Хардбокс ХХК-ийг удирдаж байгаа боловч өнгөрсөн онд гэрээт ажил хугацаандаа багтаж эхлээгүй, мөн тодорхой хэмжээний авлагаа авч чадалгүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.

Одоо урин дулаан цаг ирж байгаа учир гэрээт ажил эхлэх ойртсон бөгөөд сургууль цэцэрлэг тартал байрны түрээсийг сунгаж байхаар эхний шатандаа тохиролцож байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Б.Дүгэрээ шүүхэд нэмж гаргасан тайлбартаа хариуцагч Д.Болдбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөл зохих 4,200,000.00 төгрөгөөс 3,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,200,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр болсон, мөн тус хугацаанд түрээсийн байрыг чөлөөлөхөөр болсон гэжээ.

Харин хариуцагч Д.Болдбаярын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан тус тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

             ҮНДЭСЛЭХ НЬ

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, холбогдох баримтыг тус тус баталгаажуулсан байна.

  Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Д.Болдбаяр, Г.Оюунчимэг нар нь нэхэмжлэгч Б.Дүгэрээтэй Түрээсийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 34 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэхээр болжээ. Хэдийгээр тус гэрээ нь Түрээсийн гэрээ гэсэн нэртэй боловч гэрээгээр зохицуулж буй харилцаа, зорилгоос дүгнэхэд тэдгээрийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний дагуу хөлслөгч нь 1 /нэг/ сард 700,000.00 төгрөгийн хөлс төлөх бөгөөд төлбөрийг хөлслүүлэгчийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэхээр тохирчээ.

Талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Д.Болдбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс 3,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,200,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр тохирсон, эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болсон орон сууцыг мөн тус өдөр хүлээлгэн өгөхөөр болсон байхаас тус тус дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар Д.Болдбаяр, Г.Оюунчимэг нар нь нэхэмжлэгч Б.Дүгэрээгийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль нэгнээс эсхүл үүргийн мөн чанараас хамааран үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн тэдгээрээс шаардах эрхтэй. Энэ ч үүднээс нэхэмжлэгч тал үүрэг гүйцэтгэгч нарыг хариуцагчаар татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгч Д.Болдбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч Д.Болдбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь нөгөө үүрэг гүйцэтгэгч болох Г.Оюунчимэгийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлж байх тул түүний эрх ашгийг хөндөхгүй ба зохигч нарт болон шүүхэд илэрхий байдлаар энэхүү хэрэгт зайлшгүй татан оролцуулбал зохих хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч байхгүй түүнчлэн зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн гэрээний харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрч байгаа ба тэрээр үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь гагцхүү хариуцагчид хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байна. 

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Иймд, Б.Дүгэрээгийн гаргасан Д.Болдбаяр, Г.Оюунчимэг нарт холбогдох 4,200,000.00 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Б.Дүгэрээгийн гаргасан Д.Болдбаяр, Г.Оюунчимэг нарт холбогдох 4,200,000.00 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Д.Болдбаяр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,200,000.00 төгрөг төлөх, орон сууцыг чөлөөлөх болсныг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дүгэрээгийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж болох 82,150.00 төгрөгийн 50 хувь 41,075.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, үлдэх 41,075.00 төгрөгийг хариуцагч Б.Болдбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.      

 

                             

 

  

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР