Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2940

 

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал даатгалын офисс хаягт үйл ажиллагаа явуулдаг Мандал даатгал ХХК /РД:5473489/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 8 дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух Намсрайгийн Батжаргал /РД:ВЗ87122013/-д холбогдох 107,649.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Батжаргал нь 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Мобиком корпорацитай 20179339 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 95909099 тоот дугаар авч ашигласан.

2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 03 дугаар сар, 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 71,766.00 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т зааснаар 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 71,766.00 төгрөг, алданги 35,883.00 төгрөг болж байна.

Мандал женерал даатгал ХХК нь Мобиком корпораци ХХК-тай Төлбөрийн даатгалын тасалдлын гэрээ байгуулж, уг гэрээгээр Мобиком корпорац ХХК-ийн хэрэглэгчийн гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд даатгалын тохиолдол үүсч, даатгалын нөхөн төлбөрийг олгодог. Мобиком корпораци ХХК нь 71,766.00 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компаниас авсан.

Манай компани Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан болно.

Иймд, Н.Батжаргалаас 107,649.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагч Н.Батжаргалын зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний 2 /хоёр/ удаагийн үйлдлээр 30,000.00 төгрөг, 71,766.00 төгрөг, нийт 101,766.00 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийт 107,649.00 төгрөгийн нэхэмжлэлээс 101,766.00 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаас тус тус дүгнэвэл хариуцагч 101,766.00 төгрөгийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч тал 5,833.00 төгрөгөөс татгалзаж байгаа нь талууд нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийн хүрээнд эвлэрсэн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Н.Батжаргал нь 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, Мобиком корпорац ХХК-ийн үйлчилгээг авахаар тохирчээ.

Мандал женерал даатгал ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон 2/21 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд Мобиком корпораци ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 12076 тоот дугаартай Даатгалын гэрээ байгуулж, тус гэрээгээр Мобиком корпорац ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийн тасалдлыг даатгахаар болсон байна.

Талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.9-д тус тус зааснаар даатгагч нь даатгуулагч этгээдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор нөхөн төлбөрийг даатгуулагчид олгож, хохирол учруулсан этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авахаар тохирсон байх ба энэхүү шаардах эрх нь даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ буюу даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.“даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг; мөн 4.1.6.“даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгох бөгөөд даатгуулагчаас даатгагч этгээдэд шилжүүлж болох шаардах нь зөвхөн бодитоор гарсан болон даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хүрээнд байх ёстой юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК-нд Мобиком корпорацийн зүгээс 12076 тоот дугаартай Даатгалын гэрээний дагуу шаардах эрхээ шилжүүлсэн боловч хариуцагч Н.Батжаргалтай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд заасан алданги нэхэмжлэх шаардах эрхийг шилжихгүй.

Гэвч хариуцагчийн зүгээс нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 101,766.00 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзаж байх тул шүүхээс хүлээн авч, шийдвэрлэхээр болов.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчаас нэхэмжилж буй 71,766.00 төгрөг, түүний алданги 35,883.00 төгрөг, нийт 107,649.00 төгрөгийн асуудал нь 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээнээс улбаатай бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын сарын 01-ний өдрийн байдлаар 71,766.00 төгрөг байна гэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/-н жил байх ба хөөн хэлэлцэх хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс энэхүү иргэний хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр В.Мандах /РД:ХЛ81032217/ итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.

Нэгэнт хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,833.00 татгалзаж байгаа нь бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан гэж үзэхгүй юм.

Ийнхүү хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Н.Батжаргалын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг биелүүлсэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн биелүүлсэн шаардлагын хэмжээг зөвшөөрч, нэхэмжлэлийн тодорхой хэсгээсээ татгалзаж, талууд эвлэрч байгаа нь хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг биелүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзаж байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

Иймд, Мандал женерал даатгал ХХК-ийн гаргасан Н.Батжаргалд холбогдох 107,649.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Мандал женерал даатгал ХХК-ийн гаргасан Н.Батжаргалд холбогдох 107,649.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК-иас урьдчилан төлсөн 4,550.00 төгрөгийн тал хувь болох 2,275.00 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч төлсөн 101,766.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,275.00 төгрөгийг хариуцагч Н.Батжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

                                   

 

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР