Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2015/00583/и |
Дугаар | 1247 |
Огноо | 2016-09-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00583/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол,****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /РД:ИЦ/-т холбогдох,
“Эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн эзэмшлийн байрандаа бүрэн засвар хийлгэх гэж Координат ХХК-тай харилцан тохиролцож, *******ээ байгуулан том өрөө, гал тогоогоо засч дуусаад байхад дээд давхрын айл буюу 148 тоотоос ус алдаж, бидний засварлаж дууссан өрөөнүүдэд дахин засах хэмжээний хохирол учруулаад байна. Уг айл нь 2010 оноос хойш удаа дараа ус алдаж бидэнд маш их хохирол учруулж байна.
Иргэн Д.*******тай хэл амаа ойлголцон, төлөөд өгье, хохиролгүй болгоод өгье гэсэн хариулт удаа дараа авч, улмаар 1 сар хүлээцтэй хандсан боловч сүүлдээ элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч иргэн Д.*******аас 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ус алдах асуудал нэг удаа биш байнга гарч байсан. Нэхэмжлэгч нь тус байрандаа бүрэн засвар хийж байсан бөгөөд ус алдсаны улмаас шинээр тавьсан паркетан шал нь доогуураа нороод бүхэлдээ солих шаардлагатай болсон байна. Өмнө нь тооцож нэхэмжлэлдээ хавсарган өгсөн баримтууд шинжээчийн дүгнэлтээр гаргасан тооцоонд орж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийн үнийн дүн хасагдах нь ойлгомжтой байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг гаргаж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай ******* бүл 2011 оны 07 дугаар сараас тус байранд амьдарч байна. ... Энэ удаад эхнэр бид хоёр гадагш гарсан байсан. Хүү маань усанд орох гээд ус тавьсан нь хальж доош ус алдсан байсан. Тэгээд хүү маань доод айл буюу ****** тоотод орж уучлалт гуйгаад бид хоёрыг дуудсан. Би ажилтай байсан болохоор
амжилгүй эхнэр маань орж үзсэн. Тухайн үед доод айл засвар хийж байгаа юм байна, 2 эгнээ паркет норсон байна, түүнийг нь сольж өгье гэлээ. Орой нь доод айлын эхнэрийн ээж манайд орж ирэхээр нь болж бүтэхээрээ солиод янзлаад өгье, нөхөртөө хэлье, болно байх гэж хэлээд гаргалаа гээд сууж байсан. Маргааш нь гадаа нөхөртэй нь уулзаад одоо хүн явуулж үзүүлье,
өдөр би өөрөө орж үзье гэж хэлээд цайны цагаараа орж үзсэн. 1381 дугаарын паркет болохыг нь мэдээд хотруу захисан байсан. Гэтэл маргааш нь буюу ус алдсанаас хойш 2 хоногийн дараа 146 тоот доод айлын эхнэр нь уурлаад, орж үүнийгээ үз гэхээр нь манай эхнэр орж үзтэл том өрөөгөө бүтнээр нь солиулна гэхээр нь боломжгүй, насанд хүрээгүй хүүхэд тоглож байгаад ийм юм боллоо, уучлаарай энэ хэсгээ сольж өгье гэтэл элдэв үгээр доромжлоод *******ээсээ хөөж, түлхэж гаргасан байсан. Доод айлын эхнэр төрөх дөхсөн байсан учир бид хүндэтгэлтэй хандаж байсан. Удалгүй хаалга нүдэхээр нь онгойлготол доод айлын эхнэр манайд орж ирээд ширээн дээр байсан миний цүнх, утас, түлхүүрийг шүүрч аваад *******тээ орчлоо. Хаалгаа онгорхой орхиод доош буугаад авах гэтэл элдвээр доромжлоод оруулсангүй. Нөхөр нь иртэл нөхрөө оруулаад үүдээ хаачихлаа. Гэртээ орох гэтэл хаалга хаагдсан, би орцонд байна гэж эхнэр маань хөршийн утсаар надтай ярьсан. Би удалгүй ирээд бид хоёр доод айлд ороход аав, ээж нь ирсэн байсан. Эхнэр нь элдвээр доромжлоод манай эхнэрийн эд зүйлсийг өгөхгүй байсан. Аав нь хүний юм зөвшөөрөлгүй авдаг нь чиний буруу гээд цүнхийг нь авч өгөхөд доод айлын эхнэр орилж хашгираад ямар ч үг хэлэх боломж олгохгүй байсан. Эхнэр маань чи яагаад зөвшөөрөлгүй хүний цүнх онгойлгож, утас, түлхүүрийг хийсэн юм бэ? гэж хэлээд цүнхээ аваад ажлынх нь цаг болсон учир яаран гарсан. Би үлдээд дариухан сольж өгье гэж аав, ээж, нөхөртэй нь тохироод гарсан. Үүнээс хоёр хоногийн дараа нөхөр нь орж ирээд паркет 200,000 төгрөг, ажлын хөлс нь 50,000 төгрөг, нийт 250,000 төгрөг өгчих гэхээр нь паркет захисан, ирэхээр нь солиод өгье, охин маань сургууль төгсөх гээд бид жоохон боломжгүй байна гэж хэлээд гаргасан. Бид сольж өгөхгүй гэж хэлээгүй, хохирлыг барагдуулна. Ийм үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Шүүхэд өгсөн материалтай танилцахад ямар ч үндэслэлгүй зургууд хавсаргасан байсан. Ханаа дагаад норсон 2 эгнээ паркетны зурагнаас бусад зургийг хаанаас яаж цуглуулсныг мэдэхгүй байна. Бид энэ айлд учруулсан бодит хохирол болох 2 эгнээ паркетыг л сольж өгнө” гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх энэ байрыг 2011 оны 07 дугаар сард худалдан авсан юм. Тухайн үед манай дээд айлаас ус алдсанаас манайх болон доод айлруу ус орсон. Манайх дээд айлтайгаа ярилцаад дахин ус алдахгүй талаар эвээр яриад өнгөрсөн. 2015 оны 04 дүгээр сарын 29-30-ны үед намайг ажилдаа явсан хойгуур манай хүүхэд усанд орох гээд ус алдуулсан байсан. Тэр үед нь би доод айлруу өөрийн компанийн ажилтнаа явуулж харуулахад 3 эгнээ паркетан шал норсон байна гэж хэлсэн. Тухайн үед доод айл засвар хийж байсан юм байна лээ. Тэгээд бид паркетан шалыг нь авч өгнө гэж хэлсэн. Гэтэл нөхөр нь 250,000 төгрөг өгчих, тэгээд тохиръе гэсэн бөгөөд тухайн үед манай хүүхэд сургуульд ороод боломж муу байсан, мөн хэт өндөр үнэ нэхэж байсныг зөвшөөрөөгүйгээс тохироогүй юм. Ер нь нийтдээ манайхаас болж 2 удаа ус алдаж байсан юм. Иймээс нийт 250,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Түүнээс өөр төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ус алдсан асуудал дээр маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний үеэр ус алдсан асуудлыг шүүх авч үзэх байх гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтэд бүх өрөөнд ус алдсан гэж гарах зардлыг оруулсан байна. Ус алдсан талбайн хэмжээ, бодит хохирол, *******чийн мэдүүлгүүдийг харгалзан шүүх бодит гарах төлбөрийг тогтоож шийдвэрлэнэ гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь ус алдсанаас эд хөрөнгөд учирсан хохирол болох нийт 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаан дээр ус алдсан нь үнэн боловч шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээний хохирол учраагүй тул нийт 250,000 төгрөгийг хохиролд төлөхийг зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргасан болно.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3 байрны ****** тоот байрнаас 2015 оны 04 дүгээр сард ус алдсаны улмаас тус байрны ****** тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.*******гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд ус нэвтрэн орж, эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “... энэ удаад эхнэр бид хоёр гадагш гарсан байсан хойгуур хүү маань усанд орох гээд ус тавьсан нь хальж доош ус алдсан байсан”, “... Ер нь нийтдээ манайхаас болж 2 удаа ус алдаж байсан юм. Иймээс нийт 250,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбарууд, *******ч ын “... том өрөөнд гурван үе замаск хийгээд, 2 үе будаад, хөнгөн цагаан зөөлөвчтэй паркетан шал шахсан, засвар бүрэн хийгдсэн байсан. Засвар хийж байхад ус алдаад засварын ажлаа зогсоосон...” гэх, *******ч ы “Д.******* намайг доод айлынхаа том өрөөрүү дагуулж ороод ус алдсан байдлыг харуулсан. Паркетан шалны эхний 3 үе норж, хөндийрсөн байсан, бусад өрөө рүү орж хараагүй...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирол арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.
Зохигчид ус алдсан эсэх талаар маргаагүй боловч учирсан хохирлын үнийн дүн дээр маргаж, нэхэмжлэгч нь нийт 1,500,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч нь 250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж тайлбар гаргадаг.
Нэхэмжлэгч Г.******* 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн байрандаа иж бүрэн засвар хийж эхлээд, гал тогоо, том өрөөгөө засч дууссан байхад ус алдсаны улмаас дахин засах шаардлагатай болж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг бөгөөд нотлох баримтаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн олон улсын худалдааны төвийн Барилгын материалын дэлгүүрийн нийт 117,000 төгрөгийн зарлагын баримт /хх-3 дугаар тал/, мөн өдрийн “ ” ХХК-ийн нийт 411,400 төгрөгийн зарлагын баримт /хх-4 дүгээр тал/, “ ” ХХК-ийн нийт 382,000 төгрөгийн баримт /хх-5 дугаар тал/, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “ ” ХХК, Г.******* нарын байгуулсан “Байрны засвар хийх *******ээ”, 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нийт 106,900 төгрөгийн зарлагын баримт /хх- 26 дугаар тал/, Барилгын материалын зах 11-ийн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримт /хх-27 дугаар тал/, шатахууны зардал гэсэн 2015 оны 04 дүгээр сарын 15, 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн баримтууд /хх-28 дугаар тал/-ыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ус алдсан үйл явдал 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед болсон гэж зохигчид тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээр дурдсан нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд ус алдахаас өмнөх хугацааны баримтууд байгаа бөгөөд баримтанд дурдагдсан барилгын материал худалдан авагч гэдэг дээр нэхэмжлэгч Г.*******гийн нэр байхгүй /хх-3, 4, 26, 27 дугаар тал дахь баримтууд/, худалдан авагчийн нэр зөрүүтэй, барилгын материалыг хүлээн авсан, худалдан авсан нэр, гарын үсэг байхгүй зэрэг нь Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй байна. Иймд шүүх дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******ийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд тус дүгнэлтээр нийт 742,370 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, хохиролд засвар хийхэд гарах барилгын материалын зардал болон ажлын хөлсийг оруулан тооцжээ.
Хариуцагч Д.******* нь шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээний хохирол учраагүй гэж маргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож, хариуцагчаас 742,370 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 757,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******аас 742,370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 757,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 22,367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА