Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01604/И |
Дугаар | 1445 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1445
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01604/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, ****** тоотод байрлах “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* ****** дугаар хэсэг, ******дүгээр гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******д холбогдох
1.875.259 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******-*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.******* нь байрлах “*******-*******” ХХК-д Дархан салбарын борлуулалтын түгээгчээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилласан болно. Борлуулалтын түгээгчээр ажилд ороход Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Барьцааны гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан. Борлуулалтын түгээгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа дээрх гэрээнд заасан эрх, үүргээ зөрчин борлуулалтын орлогоос 1.875.259 төгрөг хувьдаа завшсан тулд компанид учирсан хохирол болох нийт 1.875.259 төгрөгийг дээрх үнийн дүнг борлуулалтын орлогоос дутаасан болно. Дээрх төлбөрийг хариуцагч Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Д.******* миний бие нь “*******-*******” ХХК-нд борлуулалтын түгээгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд 1.875.259 төгрөгийг орлогоос дутаасан болно. Энэ мөнгийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байгаа тул сар сард нь хуваан төлөх хүсэлтэй байна. Сард 200.000 төгрөгийг “*******-*******” ХХК-д төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөх боломжтой. Сар бүрийн 20-25-ны өдрийн дотор төлөх боломжтой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч “*******-*******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 1.875.259 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох 1.875.259 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.954 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 22.477 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 22.477 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА