Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2016/00640

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Б баг, 8-7 тоотод оршин суух, Бгийн Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 02 дугаар багт оршин суух, С овогт Хын Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 3 удаа явсан шатахууны зардал 416800 төгрөг, зочид буудлын зардал 96000 төгрөг, нийт 512800 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А нь 5 сарын өмнө надаас 2921000 төгрөг бүхий бараа материалыг зээлж авсан бөгөөд энэхүү мөнгөн дүнг гаргуулан авахын тулд Ховд-Баян-Өлгий, Баян-Өлгий-Х чиглэлд Х аймгийн Ж сум Буян голын иргэн Н овогтой Б /***************/ өөрийн тээврийн хэрэгслийн хамт хөлсөлж нийтдээ 3 удаа явсан бөгөөд нийт шатахууны зардалд 416800 төгрөг, зочид буудлын зардалд 96000 төгрөг төлсөн. Би энэхүү зардлаа иргэн Х.Агаас нэхэмжилж байна. Иймд Х.Агаас нэхэмжилж байна. Иймд Х.Агаас 512800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би хариуцагч Х.Ад 2016 оны 01 дүгээр сард 2762000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн борлуулсан. Бид хоёр бизнесийн ашигтай санал гаргаж 1 сарын дотор төлбөр тооцоо хийх талаар харилцан тохиролцож гарын үсэг зурснаар би аймаг руу буцсан байсан. Бүтээгдэхүүн борлуулах явцад Х.А нь ямар нэгэн холбоогүй, утас нь холбогдохгүй 5 дугаар сар хүртэл холбоогүй байсан. Миний бие Баян-Өлгий аймаг руу 1 дүгээр сар, 5 дугаар сар, 6 дугаар сард гээд нийт 3 удаа өөрийн биеэр очиж байсан. Барааныхаа үндсэн үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гаргуулж авсан. Одоо Х.Агаас гаргуулахаар шаардаж байгаа 512800 төгрөг нь энэ хугацаанд Баян-Өлгий аймагт ирж, очсон унааны зардал, буудалд байрласан буудлын мөнгө байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Агаас 3 удаа явсан шатахууны зардал 416800 төгрөг, зочид буудлын зардал 96000 төгрөг, нийт 512800 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Эт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Э нь ...хариуцагч Х.Аагаас 5-н сарын өмнө надаас 2921000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан бөгөөд энэхүү мөнгөн дүнг гаргуулан авахын тулд Ховд-Баян-Өлгий, Баян-Өлгий-Х чиглэлд Н.Бын өөрийн тээврийн хэрэгслийн хамт хөлсөлж нийтдээ 3-н удаа ирж, буцсан шатахууны зардалд 416800 төгрөг, зочид буудлын зардалд 96000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Нгийн Бийн баримтад: Миний бие Н овогтой Б нь Х аймгийн Ж сум Б багийн иргэн Б.Эын хүсэлтээр Ховд-Баян-Өлгий аймаг руу 2016.02.18-нд 166800 төгрөг, 2016.05.15-17-ны хооронд 130000 төгрөг, 2016.06.09-нд 120000 төгрөгийн хөлстэйгөөр өөрийн унаагаар 3-н удаа очсон нь үнэн болно. Тээврийн хэрэгслийн дугаар **-** ХОҮ иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргав гэх боловч энэ нь бусад ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16035 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Ад нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Ад шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан Б.Эын Х.Агаас 512800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН