Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 0178

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Онолт,

Хохирогч Д....,

Шүүгдэгч П.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох 1908047080038  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,          1995 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Дэнжийн ...тоотод түр амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

П.... нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 44 минутанд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д....ын таксины төлбөр болох 4000 төгрөгийг төлөх зорилгоор хийгдсэн 1,482,400 төгрөгийн алдаатай гүйлгээг завшиж, 1,478,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ... гэртээ байхад миний Хаан банкны данснаас 1,500,000 төгрөг алга болсон байсан. Би энэ асуудлыг Хаан банкинд хэлэхэд цагдаагийн байгууллагад ханд гэж хэлэхээр нь хандаж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, миний интернет банкыг ашиглан мөнгө шилжүүлсэн байна. Миний интернет банкны нууц үгийг надаас өөр мэдэх хүн байхгүй. ...Сүүлд тэр эмэгтэй надад 400,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэглэл мөнгөө авах хүсэлтэй байна. бусдаар ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 14, 17 х/,

2.Хохирогч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хохиролд 1,180,000 төгрөг авсан, үлдэгдэл 298,400 төгрөгөө яаралтай авмаар байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Шүүгдэгч П....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие ...улсын дугаартай машинтай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөнгөний хэрэг гараад таксинд явж байсан бөгөөд 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-н автобусны буудлаас нэг согтуу ах такси бариад гэрлүүгээ буюу Цамбаас чанх хойшоо байдаг гэр хороолол руу хүргүүлсэн. Таксины төлбөр нь 4000 төгрөг гарсан бөгөөд өөрийн хаан банкны ... дугаарын дансыг хэлж өгчихөөд тэр ах шилжүүлээд болчихлоо гэхээр нь орсон байх гэж бодоод хөдөлсөн. ...гэртээ очоод дансаа шалгатал миний дансанд 1,482,400 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд тэр 32-н автобусны буудлаас такси барьсан ахыг андуураад шилжүүлсэн байна гэж бодсон. Эхэндээ буцааж өгье гэж бодож байгаад сүүлдээ өртэй байсан болохоор өрөө дарахаар шийдсэн. Ингээд тэр шөнөдөө өртэй байсан нэг хүндээ 150,000 төгрөгийг нь өгөөд дараа нь утасны мөрийтэй тоглодог тоглоомонд 100,000 төгрөгийг нь үрээд мөн тогны мөнгө зэргээ төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43 х/

5.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 45 х/

6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 49-50 х/

7.Дансны хуулга /хх 61, 87 х/

8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84 х/ зэрэг болно.

Шүүгдэгч П.... нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг 44 минутанд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.... нь таксигаар үйлчлүүлсний төлбөр 4000 төгрөгийг төлөх зорилгоор андуурч өөрийн юанийн данснаас шилжүүлсэн 4,000 юантай тэнцэх 1,482,400 төгрөгийн алдаатай гүйлгээг завшиж, 1,478,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д....ын “... Би юанийн данснаасаа андуураад 4,000 юань шилжүүлсэн байсан.1,180,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэгдэл 298,400 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 14, 17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч П....ын “... гэртээ очоод дансаа шалгатал миний дансанд 1,482,400 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд тэр 32-н автобусны буудлаас такси барьсан ахыг андуураад шилжүүлсэн байна гэж бодсон. Эхэндээ буцааж өгье гэж бодож байгаад сүүлдээ өртэй байсан болохоор өрөө дарахаар шийдсэн. Ингээд тэр шөнөдөө өртэй байсан нэг хүндээ 150,000 төгрөгийг нь өгөөд дараа нь утасны мөрийтэй тоглодог тоглоомонд 100,000 төгрөгийг нь үрээд мөн тогны мөнгө зэргээ төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч, шүүгдэгч нарын банкин дахь дансны гүйлгээний баримтууд /хх 61, 87 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Хохирогч нь таксины төлбөр болох 4000 төгрөгийг төлөх зорилгоор П....ын ХААН банкин дахь ... дугаар дансруу андуурч өөрийн юанийн данснаасаа 4000 юаньтай тэнцэх төгрөгийг шилжүүлснийг шүүгдэгч бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж /өөртөө захиран зарцуулсан/, бага хэмжээнээс дээш буюу 1,478,400 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Шүүгдэгчийн хувьдаа завшсан 1,478,400 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа.

            Шүүгдэгч П.... андуурч гүйлгээ хийгдсэн 1,478,400 төгрөгийг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж өөртөө авч захиран зарцуулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, П....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 1,478,400 төгрөгөөс 1,180,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, бичгээр гаргасан баримтуудаар тогтоогдож байгаа тул үлдэгдэл 298,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Улсын яллагч: П.... эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирлоо бүрэн төлөөгүй тул түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

П....ын үйлдсэн гэмт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол төлөгдөөгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П....ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П....д мэдэгдсүгэй.

4.П....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 1,180,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П....аас 298,400 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Хайрхан ...од оршин суух ВЖ65010818 регистрийн дугаартай Д....т олгосугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ