Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01449/И |
Дугаар | 1556 |
Огноо | 2016-12-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01449/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, ***гудамж, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар***4, Ө***Г***т холбогдох
671 246,11 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р***, хариуцагч Б.Г***, гэрч Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Г*** нь тус компанид няраваар ажиллаж байхдаа 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд ажил үйлчилгээний орлогын дутагдал, ажлаа орхиж явснаас ажлыг нь комисс томилж хүлээж авснаас үүссэн хангамжийн бараа материалын дутагдал нийт 671 246,11 төгрөг гарсан боловч төлж барагдуулахгүй компанийг хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 оны 10 сард ***ын *** буудалд хөдөлмөрийн гэрээ байгуулж хангамж болон хүнс хариуцсан няравын ажил хавсарч хийхээр ажилд орж байсан. 2012 оны 12 сарын 01-нд хүнсний няравын ажлаас, 12 сарын 25-нд хангамжийн няравын ажлыг нь гэнэт ажлаас халсны улмаас зохих нягтлан бодох хуулийн зааврын дагуу хүлээлгэн өгч тухайн ажилд орсон хүмүүсийг дагалдуулан ажиллаж байсан болно. би дараагийн цалинтай ажилд яаралтай орох болсон тул явах болоход тухайн үед хариуцсан нягтлан бодогчоос өөр хүн байгаагүй тул бүх баримт, бичиг дээр гарын үсэг зурж ажлаас явсан. Надад нэхэмжлэл гаргаж буй нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээний хэд хэдэн нөхцлийг зөрчсөн, нотлох бичиг баримт байхгүй байна гэж болно. Энэ ажил олгогч байсан газрын хөдөлмөрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.Г***т холбогдуулан 671 246,11 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Г*** ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Г*** нь *** ХХК-д ***ын *** буудалд 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хангамж болон хүнс хариуцсан няравын ажил хавсарч ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** ХХК-ын гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/69 дугаартай тушаалаар хангамжийн нярав Б.Г*** ажлаа орхиж явсан тул түүний хариуцаж байсан эд хөрөнгийг тоолж хүлээн авах тооллогыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд явуулахыг тооллогын комисст даалгажээ. / хх-ийн 6/
Нэхэмжлэгч *** ХХК нь нотлох баримтаар хангамжийн материалаас 439 295,37 төгрөгийн эд зүйлс дутагдсан талаар тооллогын хуудас, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд тусгагдсанаар 2260750,78 төгрөгийн өр үүссэн гэж санхүүгийн тайлан ирүүлжээ. / хх-ийн
Талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч *** ХХК нь 2012 оны 12 дугаар сард үүссэн өр, авлагын асуудлаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Г***т холбогдох 671 246,11 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20660 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА