Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01439/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** О***ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О***, хариуцагчийн төлөөлөгч Д.Э***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1994 онд Булган аймгийн Өлзийт сум дахь цэцэрлэгийн багшийн курсыг багшийн үнэмлэхтэйгээр төгссөн. Боловсролын байгууллагад 22 дахь жилдээ, Дархан сумын *** цэцэрлэгт 10 дахь жилдээ ажиллаж байна. Тус байгууллагын үндсэн ажилтан юм. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эрхлэгч Д.Э***ийн санал болгосон багшийн ажлыг түр хугацаагаар хийх болсон. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт хамт олны хурал болоход надад ажлаас халагдах мэдэгдэл өгнө гэсэн. Хариуд нь би 7 асуулгад хариулт аваад мэдэгдлээ авъя гэсэн боловч хурал ямар нэгэн шийдвэр гаргалгүй би мэдэгдэл аваагүйгээр дууссан юм. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан заалтуудыг үндэслэн ажлаас халах тушаал гаргаж хүнээр өгч явуулсан байсан. Тушаал аваад бичиг баримтаа авах гэж очиход хөдөлмөрийн гэрээний сар өдрийг засварласан байсныг зохих шатны хүмүүст мэдэгдэж үзүүлсэн болно. Иймд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, /сарын цалин 678.475 төгрөг, өдрийн

                                                                                                                                                                                           

                          

 

32.003, цагийн цалин 3.555 төгрөг байдаг/ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э***, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын харъяа *** цэцэрлэгийн эрхлэгч Д.Э*** миний бие нь Л.О***ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Л.О*** 2007 оноос тус цэцэрлэгийг ашиглалтанд ороход туслах багшаар ажилд орсон гэсэн. Би 2014 оноос эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм. Намайг эрхлэгчээр ирэхэд нэг багш тэтгэвэрт гарч байгаа багшийн орон тоо гарсан. Энэ үед Л.О*** надад өөрийн биеэр хандаж хүсэлт өргөдөл гаргаж “Булган аймагт би цэцэрлэгийн багшийн сургууль төгссөн, багшлах эрхийн үнэмлэх надад байгаа, Булганаас үнэмлэхээ авч ирээгүй байгаа юм, багшийн шинэ орон тоо нь дээр намайг багшлуулаач” гэж гуйсан. Хамт ажиллаж байсан туслах багш нар гуйж өргөдөл бариад байхаар нь би зөвшөөрсөн. 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс багшийн орон тоо нь дээр түр тушаалаар авч ажилуулсан. Тушаал гаргаж байхдаа Л.О***д “Багшийн үнэмлэхээ хурдан авч ирнэ шүү, ажлын байрны шаардлага энэ шүү” гэж хэлж тодорхой хугацаа тавьж өгсөн. Л.О*** багшийг ажилласан цагаас хойш багшлах эрхийн үнэмлэхээ авч ир гэж удаа дараа шаардахад “Удахгүй Булганаас авч ирнэ” гэдэг байснаа сүүлдээ үнэмлэх шатсан гэж хэлсэн. Хэрэв үнэмлэх чамд байдаг л бол би архиваас лавлагаа аваад ирж болно гэхэд за гээд хэд хоног явж байснаа архивт миний үнэмлэх гэж байхгүй, би одоо Дархан Дээд сургуульд суралцаад диплом аваад ирье гэж хэлсэн. Би хүний амьдрал л юм хойно үнэхээр суралцаад үнэмлэх аваад ирэх юм бол багшаар нь үргэлжлүүлж ажилуулъя гэж бодоод тухайн үед бодоод зөвшөөрч хүлээсэн. Гэтэл суралцах мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар болж сургуульд суралцаагүй байсан.

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн*** тоот тушаалаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар заавал багшлах эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Мөн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлагын дагуу мэргэжлийн багшийн цэцэрлэгийн багшаар ажлуул, танайд мэргэжлийн бус хүн багшлаад байна шүү гэсэн шаардлагыг Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газраас удаа дараа надад тавьж байсан учраас Л.О***д энэ талаар олон хэлж байсан. Шаардлага биелүүлэхгүй байсан учраас багшаар цаашид ажиллуулах боломжгүй болсон. Мөн энэ тухай өөрт нь олон удаа хэлж байсан. Өөрөө суралцах, үнэмлэх байдаг бол түүнийгээ авч ирэх тал дээр санаачлага гаргахгүй, удирдлагаа удаа дараа хуурч арга саам хийж байсан учраас ажлаас чөлөөлөх болсон. Ажлаас чөлөөлөхийн өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр багш ажилчдын хурал хийх болж хурлын хэлэлцэх асуудлын тоонд Л.О*** багшийн тухай хэлэлцэхээр оруулан хурлаар хэлэлцэж, мэдэгдэх хуудас өгөхөд уурлаж хашгирч 7 асуултанд хариулт өг гэсэн шаардлагыг надад тавьсан. Би асуултанд чинь одоо хамт олны дунд амаар хариулт өгье гэтэл Л.О*** үгүй, үгүй гэж муухай аашилж заавал бичгээр өг гэж шаардаад мэдэгдэх хуудсыг аваагүй юм. Удирлагын зүгээс удаа дараа үнэмлэхээ авч ирэх шаардлага тавьж хэлсэн санал болгоныг нь хүлээн авч хугацаа 3 удаа тавьж өгөн ажлуулж байсныг ойлгож, мэдэж байгаа мөртлөө өөрөө үүнийг ойлгохгүй байгаа мэтээр хууль, шүүхийн газар хандаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ингээд ажил олгогчийн зүгээс мэргэжлийн үнэмлэх, дипломоо авч ирэх шаардлага удаа дараа тавьж биелүүлээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан заалтуудыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот ажлаас халах тушаалыг гаргасан юм. Салбарын сайдын тушаал, Боловсролын хууль, багшийн ажлын байрны тодорхойлолтонд үндэслэж тушаал, шийдвэр миний зүгээс гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О*** нь Дархан сумын *** цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Дархан сумын *** цэцэрлэгийн эрхлэгч Д.Э*** нь Салбарын сайдын тушаал, Боловсролын хууль, багшийн ажлын байрны тодорхойлолтонд үндэслэж тушаал, шийдвэр гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.О*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *** тай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.О*** нь Дархан сумын *** цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ** тай Ажилд түр авах тухай тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, бага бүлгийн багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** тай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 8 дугаар хуудас/

 

Хариуцагч Дархан сумын *** цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40.1.2 дахь заалтыг үндэслэн Л.О***ийг багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч Дархан сумын ** цэцэрлэг, нэхэмжлэгч Л.О*** нар нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 02-ныг хүртэл Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд   Хөдөлмөрийн тухай хуулийн 2*** зүйлийн 23.3-д “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О*** нь багшийн ажилд түр томилсон тушаал гарах үед дипломгүй байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч, нэхэмжлэгч нарын гарын үсэг бүхий Л.О***д санууллага өгөв гэсэн баримт, гэрч Д.О***ын тайлбар, 2015-2016 оны хичээлийн жилийн эцсийн хамт олны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-30, 31, 48-49 дүгээр хуудас/

 

Дархан сумын *** цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод ...баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх шаардлага тавигдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгч Л.О***ийг багшийн ажилд томилохдоо энэ шаардлагыг хангаагүй тушаал гаргасан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч Л.О*** нь дипломоо авчирч өгнө гэж удаа дараа худлаа хэлсэн, дараа нь байхгүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажилтны мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсныг тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг шаардах бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй гэж тайлбар гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О*** нь 2015-2016 оны хичээлийн жилүүдэд амжилттай ажиллаж байсан талаар  Дурсамж, Өргөмжлөлүүд, Сургалтын орчны гэрчилгээ, Талархал, Засаг даргын жуух бичиг, Багшийн алдар тэмдэгээр шагнагдаж байсан талаар нотлох баримтуудыг ирүүлжээ. /хх-ийн 56-67 дугаар хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ....олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Л.О*** нь сарын 535286 төгрөгийн дундаж цалинтай болох нь хэрэгт авагдсан Дархан сумын ** цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  2016.08.17-2016.10.20 хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл  1сар 24 хоногийн цалинг сарын цалинг 21,5-д хувааж 1 өдрийн 535286 : 21,5 =24897 төгрөг, 24897 х 24 =597528 төгрөг, 597528 + 535286 / 1сар/ =1 132 814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О***ийг Дархан сумын *** цэцэрлэгийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалин 1 132 814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  31737 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АЛТАНТУЯА