Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01313/И |
Дугаар | 1486 |
Огноо | 2016-11-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01313/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, *** банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Х*** М***
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар***, Ү*** А*** нарт холбогдох
Зээлийн төлбөр 1.477.541,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбарын захирал А.С***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Э.М*** , Г.А*** нар нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *** банктай барьцаат зээлийн *** дугаар гэрээ байгуулж, 1.980.000 төгрөгийн зээлийг гэрийн эд хогшил, санхүү түрээсээр худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, банкны жилийн хүү жилийн 28.8 хувийн хүүтэйгээр авсан.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:
Зээлдэгч барьцаат зээлийн *** гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Э.М*** , Г.А*** нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид барьцаат зээлийн *** дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.
Зээлдэгч Э.М*** , Г.А*** нар нь *** дугаар зээлийн гэрээний 3.2, 3.2.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5.1 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.
Зээлдэгч Э.М*** , Г.А*** нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар:
1. Барьцаат зээлийн *** дугаар гэрээний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1.154.753.09 төгрөг, хүү 257.323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.465 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг нийт 1.477.541.09 төгрөг болоод байна.
Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд зээлийн нийт төлбөр болон 1.477.541.09 төгрөгийг Э.М*** , Г.А*** нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Э.М*** , Г.А*** нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Э.М*** нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *** банкнаас 1.980.000 төгрөгийн зээл авч ахуйн хэрэглээнд лизингээр тавилга авсан юм. Одоогоор миний бие энэ зээлийг төлөх боломжгүй болоод хугацаа хэтрээд шүүхэд шилжсэн байна. Уг зээлийг би төлж барагдуулах нь үнэн болно. Уг зээлээ 2017 оны 1-12 сарын хугацаанд сар бүр 123.125 төгрөгийг төлж байх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Э.М*** , Г.А*** нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлвөл зохих барьцаат зээлийн *** дугаар гэрээний үндсэн төлбөр 1.154.753.09 төгрөг, хүү 257.323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.465 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг нийт 1.477.541.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч графикийн дагуу төлөх тайлбар ирүүлжээ.
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, хариуцагч Э.М*** , Г.А*** нар нь харилцан тохиролцож 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр №*** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 1 980 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар, жилийн 28,80 хувийн хүүтэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын эд хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан байна.
Хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн графикийн зөрчиж байсны улмаас нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь удаа дараа утсаар ярьж, мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан Хугацаа хэтэрсэн зээлтэй ажилласан байдлыг тэмдэглэсэн тэмдэглэл, зээлдэгч нарын *** банкинд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 18-21/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нараас 1 477 541,09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгох нь зүйтэй.
Талууд нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын өмчлөлийн эд хөрөнгө болох стенк, шкафыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж заасан боловч тухайн барьцааны эд хөрөнгүүд байгаа эсэх нь тодорхойгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан ажиллагаа явуулж, хариуцагч нарын өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулах боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч Э.М*** , Г.А*** нарт шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Э.М*** , Г.А*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.М*** , Г.А*** нараас 1 477 541,09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38590 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 38590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА