Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Багануур дүүргийн 4-р хороо Рашаантын 18-5 тоотод оршин суух Лувсанбалдан овогт Бат-Очирын Нармагнай /РД: УС61080609/-гийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Нармагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нармагнай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Б.Нармагнай 1979 оны 12 дугаар сараас Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажилласан. Тухайн үед нөхрийн нэр дээр цалин хөлсийг өгдөг байсан. Хөдөлмөрийн дэвтэрт 1979 оны 12 дугаар сарын 20-ноос гэж бичээд гарсан тушаал нь олдохгүй байгаа юм. 1986 оны 10 сард нэгдэл хувьчлагдаж бид малаа аваад нэгдэлд ажиллахаа больсон юм. Мөн тухайн үед нөхөрийн бие өвдөж бид Улаанбаатар хот шилжсэн юм. Иймд 1979 оны 12 дугаар сарын 20-ноос 1986 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нармагнай нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Нармагнай нь 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлийн 1 дүгээр хэсэгт хоньчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарын архивын тасгийн “1979-1986 оны ажилласан жилийн цалингийн цэс байгаа... Гэр бүлийн хүн болох нөхөр Дагвадоржийн нэрээн цалин ордог байсан ...” гэсэн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Д.Санжидгүнтэв, Ц.Шархүүхэн, Ш.Пүрэвжаргал нарын тодорхойлолт, гэрч Ц.Шархүүхэны “...Тухайн үед цалинг гэр бүлээр нь хамт бичиж өрхийн тэргүүнд өгдөг байсан... 1986 онд  нэгдэл хувьчлагдаж малыг малчидад өгч нэгдэл тарсан. 1986 он хүртэл бид нэг нэгдэлд малчин хийж байсан... ” гэсэн мэдүүлэг, Ш.Пүрэвжаргалын “1986 оны 10 сард Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл тарсан учраас цомхотгол болж нэгдэл малыг малчидад нь өгч халж байсан... гэр бүлээрээ мал малладаг байсан учир өрхийн тэргүүнд цалин бодож олгодог байсан... ” гэсэн мэдүүлгүүд болон Л.Дагвадоржийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.Нармагнайг улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лувсанбалдан овогт Бат-Очирын Нармагнай /РД: УС61080609/-г 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарыг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ