Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/0507/И |
Дугаар | 130/ШШ2016/00661 |
Огноо | 2016-11-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2016/00661
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө суманд үйлд ажиллагаа явуулах, М*********М******Н********** холбоо төрийн бус байгууллага /тэргүүн М.Х/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, РД:**************, утас:**********, Н овогт Жийн Мад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Ж.М, орчуулагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М*********М******Н********** холбоо төрийн бус байгууллага өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ тоот гэрчилгээтэй сүм хийдийн /мешитийн/ байр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********** тоот гэрчилгээтэй хувийн сууцны байрнаас тус тус албадан нүүлгэж, дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч М*********М******Н********** холбоо төрийн бус байгууллагын тэргүүн бас муфти М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.М нь Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн "Д" ТББ-ын Ө сумын Б мешит (сум хийд)-ийн тэргүүн имамын үүрэгт ажлаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажил олгогчийн 1/14-тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Гэтэл Ж.М нь Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн "Д ТББ-ын хууль ёсны өмч болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ************ тоот гэрчилгээтэй Б-д байршилтай мешит (сүм хийд)-ийн байр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн *********** тоот гэрчилгээтэй хувийн сууцны байрыг хууль бус эзэмшиж, хууль бус үйл ажиллагаа явуулж, өмчлөгч бидний өмчлөх эрхэд саад хийж байх тул зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн "Д" ТББ-ын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ************ тоот гэрчилгээтэй сүм хийдийн (мешитийн) байр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн *********** тоот гэрчилгээтэй хувийн сууцны байрнаас хариуцагч Жийн Мыг албадан нүүлгэж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж өнгө үү гэжээ.
Нэхэмжлэгч М*********М******Н********** холбоо төрийн бус байгууллагын тэргүүн бас муфти М.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Мешитийн байр болон тэнд сууж, үйл ажиллагаа явуулах имамын байр хоёулаа манай нийгэмлэгийн хөрөнгө юм. Хариуцагч мешитийг өөрөө өгнө гэж зөвшөөрч байна. Хариуцагчийн уг саналтай нийлж байна. Бид дахиад имам ажилд авч, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах учраас имамын байр хэрэгтэй байна. Тийм учраас имамын хувийн байрыг ч гэсэн чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна. Б мешит, мешитийн газар, хашаан дотор байгаа имамын сууж байгаа байр, газар нь бүгд манай өмч учраас хоёулангаас нь чөлөөлж өгөх нэхэмжлэл гаргасан. Иймд бид нарын өмчлөх хөрөнгө боох мешитийн хувийн сууцанд амьдарч байгаа Ж.Мыг албадан нүүлгэж, мешит, газрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын 3 дугаар багт байрлалтай Б мешит нь анх 2010 онд үүсгэн байгуулагдаж Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Д ТББ-ын нэр дээр газар авч Турк улсын Баян-Өлгий аймаг дахь салбар О сангийн санхүүжилтээр баригдаж тус онд ашиглалтад оруулан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Туркийн Оюуны гэгээ сангаас уг мечетийг барьж тус 2-3 дугаар багийн сүсэгтэн олонд хүлээлгэн өгсөн билээ. Уг үйл явдлыг тэр үед мечетийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцсон 2-3 дугаар багийн ард олон мөн тэр үед Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн шашны тэргүүн муфти Ө, сургалтын албаны дарга К.Е бусад олон хүн гэрчилнэ. Түүнээс хойш уг мечетийн үүсгэн байгуулагч нь миний бие Ж.М мөн тус багуудын нэр бүхий 5 хүн байсан ба үүсгэн байгуулагчдын зүгээс аймгийн иргэний бүртгэлийн бүртгэгч С-д улсын бүртгэлд бүртгүүлэх гэж хэд хэдэн удаа материалаа оруулсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар бүртгэж өгөлгүй өдий хүрлээ. Гэвч энэ оны 5 дугаар сарын 03-нд уг мечетийг үүсгэн байгуулахад ямар ч хамааралгүй Х.Б гэгчид улсын бүртгэлийн ажилтан К.Е гэгч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн байх юмаа. Уг гэрчилгээ нь хууль зөрчиж гарсан гэж бид үзэж байгаа. Мөн тус мечетийн газар ММНХолбооны нэр дээр байгаа нь үнэн боловч тэр үед шашны тэргүүн байсан Ө уг газрыг сүсэгтэн олны өмнө мечет барих газрыг бид өгье гэж өөрөө хэлж байсныг тэр хүн өөрөө батлах байх. Энэ хугацаанд би тэр мечетийг болон хашааг нь тохижуулж хашаанд нь хувийн байшин барьж худаг гаргах, гарааш зэрэг олон олон ажлыг өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан юм. Ж.М миний бие тус мечетэд 2010 оноос хойш тэргүүн болж ажиллаж байна. Энэ хугацаанд ММНХолбооноос ямар нэгэн цалин хөлс авч байгаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлээгүй цалин олгох талаар хэд хэдэн удаа хүсэлт тавьсан ч та нар бидэнд хамаарахгүй гэсэн хариулт өгч байсан. Дашрамд дурдахад хууль зүйн яаманд ММНХолбооны салбар мечет гэж байдаггүй юмаа бүх мечетүүд тус тустай бие даасан шашны байгууллага гэж бүртгэлтэй байдаг юм. Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Д ТББ-ын тэргүүн бас Муфти М.Х нь намайг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин тушаал гаргаж ажлаас минь чөлөөлсөн юм. Намайг чөлөөлсний дараа миний зөвшөөрөлгүй Б мечетийн нэр дээр Д ТББ нь Улсын бүртгэлийн хэлтсээс хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан байна. Тус мечет нь нэг хүний хувийн өмч биш тухайн орон нутагт байнга амьдарч буй сүсэгтэн олон түмний төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тухайн мечетийг сүсэгтэн олон түмний хандив, өргөл, тусламж зэргээр санхүүгийн үйл ажиллагаа явуулах боломжтой ба тухайн Сүмд үйл ажиллагаа явуулж байгаа мечетийн татвар, газрын төлбөр зэрэг улсад төлөх бүх төлбөр, хураамж татваруудыг тухайн мечетийн тэргүүн нар хариуцан төлдөг юм. Б мечет нь бие даасан төрийн бус байгууллага тул тус мечетийн газар, үл хөдлөх хөрөнгө нь Д ТББ-д огт хамааралгүй юм. Иймд шүүхээс хүсэх нь Б мечетийн нэр дээр гарсан Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2 өрөө байр шинээр барьсан. Уг байрыг барьсан газрын 2 метр газар нь л мешитийн газар. Бусад газар нь мешитийн газар биш. Би хойд талын цэцэрлэгээс өөрөө авсан. Надад байрны мөнгийг өгөх хэрэгтэй. Уг мөнгийг өгвөл би байрыг чөлөөлж өгнө. Хэрэв мөнгийг нь өгөхгүй бол би чөлөөлж өгөхгүй. Энэ хүмүүс гэрчилгээг саяхан авсан. Би хувийн байшингаа 2010 онд барьсан. 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мешит нээгдсэн. Тухайн үед мешит үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Эхлээд Айдос гэдэг хүнд хандахад шийдээгүй алга болсон. Дараа Б гэдэг хүнд материалыг бүрдүүлж өгөхөд бас шийдэлгүй алга болсон. Уг гэрчилгээнүүдийг яаж авсныг би мэдэхгүй байна. Тус гэрчилгээг авсныг би шүүхэд ирсний дараа мэдсэн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ж.М нь М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллагын сүм хийдийг хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй, харин уг Төрийн бус байгууллагын 60 м.кв хувийн сууцыг барихад хувиасаа гаргасан зардлыг авч байж тухайн хувийн сууцаас гарна гэж маргажээ.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар баг Б хаягт байршилтай мешитийн зориулалттай 72 м.кв, уг төрийн бус байгууллагын 60 м.кв хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн мөн нэгж талбарын *********** дугаар бүхий 432 /0,432/ м.кв газар зэрэг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллага болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар, үүнд:
-2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын газрын албанаас Д-д Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын *********** дугаар бүхий 432 /0,432/ м.кв газрыг 30 жилийн хугацаатай 3 дугаар баг Мейрим өрхийн эмнэлгийн хашааны баруун талд мешит барих зориулалтаар эзэмшүүлэхээр Аж ахуйн, байгууллагын газар эзэмших ********* дугаар гэрчилгээ олгосон байдал,
-2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Улсын бүртгэлийн **************** дугаартай, ********** регистрийн дугаартай, мешитийн зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-************** дугаартай гэрчилгээ,
- 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Улсын бүртгэлийн **************** дугаартай, ********** регистрийн дугаартай, уг төрийн бус байгууллагын 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-************** дугаартай гэрчилгээ болон хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллагын дээрх газар болон сүм хийд /мешит/, хувийн сууцанд хариуцагч Ж.М нь хууль бусаар амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, 183.2-т хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно, 183.3-т улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Иймд М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллага нь Ө сумын 3 дугаар баг Б хаягт байршилтай мешитийн зориулалттай 72 м.кв, мөн уг төрийн бус байгууллагын 60 м.кв хувийн сууц зэрэг үл хөдлөх эх хөрөнгө, нэгж талбарын *********** дугаар бүхий 432 /0,432/ м.кв газар зэрэг хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 5 дугаар сарын 03, 5 дугаар сарын 06, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар хариуцагч Ж.Мурат нь уг бүртгэлийг буруу, ташаа гэж эсэргүүцээгүй, энэ талаар баримтгүй байх тул мөн хуулийн 183.1-т зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Ж.Мын хууль бус эзэмшлээс М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллагын Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар баг Б хаягт байрлах нэгж талбарын *********** дугаар бүхий 432 /0,432/ м.кв газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** дугаар бүхий гэрчилгээтэй мешитийн зориулалттай 72 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** гэрчилгээтэй 60 м.кв хувийн сууц зэргийг чөлөөлж, хариуцагч Ж.Мыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** дугаар гэрчилгээтэй 60 м.кв хувийн сууцнаас албадан нүүлгэх нь зүйтэй байна.
Хариуцагч тус төрийн бус байгууллагын 60 м.кв хувийн сууцыг барихдаа хувиасаа гаргасан зардлаа тусдаа нэхэмжлэхээр шүүхэд тайлбар ирүүлсэн тул, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д тус тус заасныг баримтлан М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллагын Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар баг Б хаягт байрлах нэгж талбарын *********** дугаар бүхий 432 /0,432/ м.кв газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** дугаар бүхий гэрчилгээтэй мешитийн зориулалттай 72 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** гэрчилгээтэй 60 м.кв хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** дугаар гэрчилгээтэй 60 м.кв хувийн сууцнаас Ж.Мыг албадан нүүлгэсүгэй.
2. Хариуцагч Ж.М нь М*********М******Н********** Холбоо Төрийн бус байгууллагын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************** дугаар гэрчилгээтэй 60 м.кв хувийн сууцыг барихад хувиасаа гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Маас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ