Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2016/00663

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Сын Кгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай, Э ХК-нд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн төлбөр 6696176 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч С.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оноос одоогийн нэрээр "Э" ХХК-ны хуучин нэрээр Дулааны үйлдвэрт хими, ус цэвэрлэгээний аппаратчин, бойлерийн машинист, тоосжилт шинжилгээний лаборантаар ажиллаж байгаад уг эрхэлж буй ажил төрлийн хүнд нөхцөлөөс болоод 2004 оны 10 дугаар сараас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группд гарсан билээ. Үүнд:

-2004.10.10-наас 2006.10.08-ний хүртэл 50%

-2006.10.08-наас 2016.09.23-ны хүртэл 55% тус тус хөдөлмөрийн чадвараа алдаж олон ч удаа эмнэлэг, сувиллаар явж ирлээ.

Гэвч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ч удаа хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөр авч байгаагүй. Энэ талаархи хүсэлтээ 2016 оны 5 дугаар сарын 25-нд тус компани удирдлагад зохих хүсэлт өргөдлийг гаргаж хандсан боловч хуучин төрийн өмчийн мэдэлд байсан дулааны үйлдвэр хувьчлагдаж хувийн компани болсон учир зохих хуулийн дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн бичгээр биш аман хэлбэрээр өгсөн тул танайд хандаж байна.

Уг үйлдвэр нь хичнээн хувьчлагдсан ч гэсэн залгамж чанар хадгалагдаж үйлдвэр одоог хүртэл хэвийн явж төрийн болон хувийн хэвшлийн обьектүүдийг дулаанаар хангаж зохих санхүүжилтийг бүр төрөөс авч ажиллаж байгаа гэж би хувьдаа үзэж байна.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 заалтын дагуу 2004 оноос 2006 оны хооронд хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэж мэргэжлийн комиссын акт тогтоогдсон тул 7 сараар, мөн 2006 оноос 2016 он хүртэлхөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоогдсон тул 9 сараар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтын дагуу тэтгэвэр тогтоолгосон үеийн индексжүүлсэн дундаж цалин болох 418511 төгрөгөөр тооцож, нийт 6696176 төгрөгийн нөхөн төлбөрийг Э ХХК-иар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХК-ны гүйцэтгэх захирал М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө сумын 8 дугаар багийн иргэн С.Кгийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.С.Кгийн 2004 оны 10 дугаар сараас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гарсан гэдэг нь үндэслэлгүй байна. Харин 2000 оны 10 дугаар сараас хөдөлмөрийн чадвар алдаж "Э" хувьцаат компанийн захирлын 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг тухайн үед авчээ. Мөн тус компанийн захирлын 2000 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тушаалаар онгоцны 2 талын замын зардлыг, 2000 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар тушаалаар 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг бодож олгож байсан байна.

"Э" ХК-ийн 2000 оноос хойших бүх тушаалыг шүүж үзэхэд С.Кг буцааж ажилд томилсон болон 2004 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Мөн түүнд цалин бодсон ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй байна.

Үүнээс үзэхэд С.К нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөр авсан байна.

Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтад нэг ба түүнээс дээш удаа гэж заасан боловч компанийн санхүүгийн байдал хүнд байгаагаас түүнд дахин нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

2. С.К нэхэмжлэлдээ нөхөн төлбөр авах сарын цалингийн хэмжээг индексжүүлсэн дундаж цалингийн хэмжээгээр нэхэмжилсэн нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас тогтоодог бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон. Энэ нь зөвхөн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр болохоос биш нөхөн төлбөр олгоход баримтлах итгэлцүүр биш юм. Иймд С.Кгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд Э ХК-иас нөхөн төлбөр 6696176 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд тухайн хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

С.Кгийн нэхэмжлэлтэй, Э ХК-нд холбогдох нөхөн төлбөр 6696176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн нэхэмжлэгч С.К нь Э ХК-иас нөхөн төлбөр 6696176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.К нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122150 төгрөгийг тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************* дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Кд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгчС.К нь Э ХК-иас нөхөн төлбөр 6696176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.К нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122150 төгрөгийг тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************* дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Кд буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК