Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00803/И |
Дугаар | 824 |
Огноо | 2016-12-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 824
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 20-03 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ61092117, Уранбат овогт Санжийн Галбадрахын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-02 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ68030816, Зуутраг овогт Хүүхээгийн Долгорсүрэнд холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.600.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Галбадрах нь 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Бумномин” ХХК-ийн 7 давхар 2 ширхэг орон сууцны цахилгаан монтажийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү 2 байр нь Монгол улсын засгийн газрын шийдвэрээр 1000 айл хөтөлбөрийн хүрээнд Чингис бондын санхүүжилтээр увс аймагт баригдсан анхны лифттэй 7 давхар барилга юм. Уг компаний барилгын ажилд миний бие цахилгаанчин Б.Оюунбат, Чимэдцэдэн, Ж.Баяннамсрай, Э.Зоригтсайхан, Баяндалай нарын хамт нэг бригад болон хамтран ажилласан. Манай бригадыг цахилгааны инженер Х.Долгор ахлаж байсан. Х.Долгор нь биднийг төлөөлж “Бумномин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн 2 байрны гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, газардуулга, аянга зайлуулагч, гадна гэрэлтүүлэг гэх мэт ажлыг нийлүүлээд 25.000.000 төгрөгөөр хийхээр болсон. Манай бригад гэрээгээр тохирсон хугацаандаа өөрсдийн хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Тухайн үед манай бригадын ахлагч Х.Долгор нь биднийг төлөөлж Бумномин ХХК-тай уулзаж ажлын хөлсийг авдаг байсан. Х.Долгор нь барилгын ажил хийж эхэлснээс хойш 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 7.400.000 төгрөг бидэнд өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Бумномин” ХХК-ийн нягтлан бодогч Түмэнцэцэгээс ажилчдын цалинд 10.000.000 төгрөгийг миний бие өөрөө очиж авсан. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Бумномин” ХХК-ийн захирал М.Батцэнд миний Хаан банкны данс руу ажлын хөлс гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ажил хийж эхэлснээс хойш Бумномин ХХК-ийн захирал, нягтлан бодогч, мөн манай бригадын ахлагч Х.Долгор нараас нийт 19.400.000 төгрөг авсан болно. Бид гэрээ ёсоор тохирсон 25.000.000 төгрөгөөс үлдэгдэл 5.600.000 төгрөгөө авахаар Бумномин ХХК-ны захирал М.Батцэнд, нягтлан бодогч Түмэнцэцэг нартай уулзахад танай цахилгааны бригадын ахлагч Х.Долгор инженер 18.000.000 төгрөг авсан. Одоо та нар Х.Долгор инженертэй тооцоогоо хий гэсэн. Ингээд уг барилгын ажлыг хийж дууссанаас хойш 1 жил 4 сар гаруй хугацаанд бид бүхний шударгаар хөлс хүчээ урсган байж хийсэн ажлын хөлсийг замаас нь Х.Долгор нь авчихаад одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд уулзаад мөнгөө нэхэхээр “Та нар хүлээж бай, улахгүй мөнгө олж өгнө” гэсээр яваад өнөөдрийг хүрлээ. Иймд Х.Долгороос бидний хийсэн ажлын үлдэгдэл хөлс болох 5.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Долгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Галбадрахын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 5.600.000 төгрөгийг 2 хувааж буюу 2016 оны 12 дугаар сард 3.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 2.600.000 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.
Нэхэмжлэгч С.Галбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие хариуцагч Х.Долгорсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Х.Долгорсүрэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөавшөөрсөн байна. Иймд хэргийг шүүх хурал хийхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Галбадрах нь хариуцагч Х.Долгосүрэнд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.600.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Долгорсүрэн нь нэхэмжлэгч С.Галбадрахын нэхэмжлэлийн шаардлага болох 5.600.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Долгорсүрэн нь нэхэмжлэгч С.Галбадрахын нэхэмжлэлийн шаардлага болох 5.600.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.Галбадрах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 104.550 төгрөг төлсөн ба тал хувь болох 52.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 52.275 төгрөг, хариуцагч Х.Долгорсүрэнгээс 52.275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Галбадрахад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Галбадрахын үндэслэлгүй хөрөнгөжсөн 5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Долгорсүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Галбадрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгөөс 52.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 52.275 төгрөг, хариуцагч Х.Долгорсүрэнгээс 52.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Галбадрахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Х.Долгорсүрэн шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР