Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2016/00772

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2016/00772

Улаанбаатар хот

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Э.М-н нэхэмжлэлтэй

      Хариуцагч: УБОӨЕГ холбогдох 

Ажилгүй байсан хугацааны олговорт 5.040.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, хариуцагчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие УБОӨЕ газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр 2013 оноос хойш ажиллаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014.06.13-ны өдрийн 784 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Бгийн оронд түр ажилтнаар томилогдсон. Уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох тухай Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.06.03-ны өдрийн 335 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.05-ны өдрийн 349 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.10.05-ны өдрийн 229 дүгээр тогтоол тус тус гарсан. Ингээд би ажилдаа орох хүсэлтүүдийг удаа дараа гаргасны үндсэн дээр Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016.03.28-ны өдрийн 6/95 дугаар тушаал гарч, намайг Баянгол дүүргийн улсын бүртгэгчээр томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлс болох 5.040.000 төгрөгийг гаргуулах, үүнийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан 1 сарын цалингаар тооцсон, мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучнаар/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.М нь тус газрын даргын 2014.06.13-ны өдрийн 783, 784 дүгээр тушаалыг үл зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг үл зөвшөөрч хариу тайлбар гаргасан боловч тус шүүхийн 2015.06.03-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.05-ны өдрийн 349 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.10.05-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. МУ-ын их хурлын 2015.11.13-ны өдрийн 100 дугаар тогтоол, МУ-ын Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоолд УБСЕГр гэж өөрчлөгдсөн тухай тогтоол гарч 2016.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Хууль зүйн сайдын 2015.12.31-ний өдрийн А/304 дүгээр тушаалаар тус байгууллагын албан хаагчдын, орон тоо зохион байгуулалтыг баталсны дагуу Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016.03.28-ны өдрийн ажилд томилох тухай Б/95 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 27 дугаарт Энхболдын Мөнхзаяаг Баянгол дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст 8 дугаар хорооны улсын бүртгэгчээр томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нэхэмжлэгч Э.Мгийн холбогдолтой шүүхийн шийдвэр тогтоолыг хариуцагч тал биелүүлсэн байхад ажилгүй байсан хугацааны гэх 5.040.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Э.Мгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч УБОӨЕГ холбогдуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 5.040.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж, хяналтын шат хүртэл явсан бөгөөд намайг ажилд авахгүй удсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш цалин хөлсийг олгохгүй, дэвтэрт бичилт хийхгүй байна гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд байгууллагын удирдлага улсын төсвөөс шууд май гээд мөнгө гаргах боломжгүй, дараа жилийн төсөвт суулгах ёстой, тэгээд ч ажилд нь авсан байхад дахин цалин хөлс олгох боломжгүй гэж маргав.

 

Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.06.03-ны өдрийн 335 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.05-ны өдрийн 349 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.10.05-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014.06.13-ны өдрийн 784 дүгээр тушаалыг хүчингүй болгон Э.Мгийн ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 504,965 төгрөгөөр тооцон 2014.11.28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон олгохыг хариуцагчид даалгаж, Улсын бүртгэлийн газрын даргын 2014.06.13-ны өдрийн 783 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Мг ажлаас үндэслэлгүй халсан асуудлын талаар нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлд хамаарч байна.

 

Нэхэмжлэгч Э.М нь дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн дагуу ажилд орох хүсэлтээ байгууллагын удирдлагад 2016.03.04, 2015.10.26, 2016.01.11, 2015.06.22-ны өдрүүдэд удаа гаргасан байх бөгөөд түүний хүсэлтийн дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016.03.28-ны өдрийн Б/95 тоот тушаалаар түүнийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны улсын бүртгэгчээр ажилд томилсон байх боловч түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар олгоогүй, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар бичилт хийх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдлүүд, ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Э.Мд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шаардах эрх үүссэн, нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гаргасан байх тул хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч Э.Мг нэгэнт ажилд нь авсан байхад дахин цалин хөлс олгох боломжгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Тодруулбал хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол нэхэмжлэгч Э.М нь ажилаа хэвийн эрхэлж, тогтсон цаг хугацаанд цалин хөлсөө авч, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүд нь хуульд заасны дагуу хийгдэж байх байсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Э.Мгийн ажилгүй байсан хугацааны олговрыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.06.03-ны өдрийн 335 дугаар шийдвэрт заасан нэг сарын цалин хөлсийг 504.965 төгрөгөөр тооцож, уг шийдвэрээс хойш буюу 2015.06.03-ны өдрөөс хойш ажилд орох хүртэл буюу 2016.03.28-ны өдрийг хүртэл 9 сар /504.965 төг * 9 сар = 4.544.685 төг/, 17 хоног /504.965 төг / 22 хон = 22.952 төг * 17 хон = 390.184 төг/-ийн олговорт нийт 4.934.869 /4.544.685 төг + 390.184 төг/ төгрөгийг хариуцагч Улсын бүртгэл, оюуны өмчийн газраас гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 105.131 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээрх олговроос Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шимтгэл тооцон нэхэмжлэгч Э.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч УБОӨЕГ үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

           

         УБЕГр нь УБСЕГр, УБСЕГр нь ОӨУБЕГ, ОӨУБЕГ нь УБОӨЕГ болж байгууллагын нэр өөрчлөгдсөн болох нь Монгол улсын их хурлын 2015.11.13-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2016.07.21-ний өдрийн тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн 501 дүгээр тогтоол, 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, түүний хавсралт, http://legalinfo.mn/ сайтын мэдээллээр тогтоогдсоныг дурдав. 

 

            Нэхэмжлэгч Э.Мгийн уг гомдол нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 95.590 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас 4.934.869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 105.131 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос Э.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБОӨЕГ үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 95.590 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, хариуцагч Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас 93.908 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА