Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2016/0571/И |
Дугаар | 182/ШШ2016/00970 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00970
2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2016/00970 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Т-н холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчТ.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016.06.10-ны өдөр М.Тд УБУ 05** улсын дугаартай Тоёота карина маркийн автомашинаа 1.200.000 төгрөгөөр худалдаж, тус өдөртөө машинаа түүнд хүлээлгэн өгсөн. М.Т нь төлбөрийг 2 хувааж төлөхөөр болж, урьдчилгаанд 700.000 төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2016.07.10-ны өдөр төлөхөөр болсон юм. Гэтэл үүнээс хойш 500.000 төгрөгөө огт төлөөгүй, утас нь холбогдохгүй байдаг болсон. Шүүх дээр ирсний дараа эхнэр нь өнгөрсөн, ах нь өнгөрсөн гэсэн учир бид ярилцаад 300.000 төгрөг дээр эвлэрэхээр болсон боловч М.Т дахин надтай холбогдоогүй, алга болсон. Одоо надад эвлэрэх хүсэл байхгүй тул 500.000 төгрөгийг хариуцагч М.Тгөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Тоёота карина маркийн автомашиныг хувь хүнээс 1 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 700.000 төгрөг өгч, үлдсэн 300.000 төгрөгийг нь 7 сард өгөх байсан боловч эхнэр маань өвчний улмаас нас барсан учир өгч чадаагүй юм. Ингээд ажил олж хийгээд байж байтал төрсөн ах Түмэннаст маань мөн адил нас барж надад хүнд гарз тохиосон юм. Энэ байдлыг минь харгалзан үзэж үлдэгдэл 300.000 төгрөг төлөх хугацааг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.
|
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчТ.О нь хариуцагч М.Тд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
НэхэмжлэгчТ.О, хариуцагч М.Т нар нь 2016.06.10-ны өдөр амаар гэрээ байгуулж, хариуцагч М.Т нь нэхэмжлэгчТ.Оын өмчлөлийн УБУ 05** улсын дугаартай, Тоёота карина маркийн автомашиныг 1.200.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 700.000 төгрөг төлж, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2016.07.10-ны дотор төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.
Дээрх байдлаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд зохигчдын хооронд уг гэрээ амаар байгуулагдсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”,
42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ”,
43 дугаар зүйлийн 43.1-д “амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус тус заасантай нийцнэ.
Хариуцагч М.Т нь дээрх автомашины үлдэгдэл төлбөрт 500.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчТ.Од Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч М.Тгөөс үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсчээ.
Хариуцагч М.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа автомашиныг 1 сая төгрөгөөр худалдаж авсан, урьдчилгаанд 700.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх боловч үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байх бөгөөд үүнийг нотолсон баримтгүй.
Иймд шүүх хариуцагчийн дээрх тайлбараас илүүтэйгээр нэхэмжлэгчийн гаргасан “автомашиныг 1.200.000 төгрөгөөр худалдсан, 700.000 төгрөгийг урьдчилгаанд авсан нь үнэн, үлдэгдэл нь 500.000 төгрөг, харин 300.000 төгрөг гэдэг нь бид шүүх дээр ирээд 300.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх асуудал ярьсан боловч М.Т нь ирээгүй учир эвлэрэхээ больсон” гэсэн тайлбарыг бодит үнэн гэж үзлээ.
Тодруулбал хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ буюу шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй болно.
Иймд хариуцагч М.Тгөөс 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчТ.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Т нь 2016.11.02-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэж, 2016.11.03-ны өдөр биечлэн ирж, хурлын товд гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч М.Тгөөс 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчТ.Од олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчТ.Оаас тэмдэгтийн хураамжид төлсөн 15.700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Тгөөс 15.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчТ.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА