Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2016/01049

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 11 сарын 15 өдөр

        Дугаар 182/ШШ2016/01049

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б нарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч:С ХХК холбогдох

Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, учирсан хохиролд 133.452.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Жавзанханд, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь СХХК-тай 2012.12.30-ны өдөр “Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан худалдааны лангууны зориулалттай 10 м.кв талбайг худалдаж авсан. Тухайн үед уг талбай бэлэн болсон байсан, анхнаасаа захиалсан зүйл байхгүй. Гэтэл тухайн талбайд “ТГ” ХХК-иар хэмжилт хийлгэхэд нийт талбай 7.422 м.кв байсан бөгөөд 2.578 м.кв-аар дутсан. Гэхдээ бид тухайн үедээ энэ талаар маргаан үүсгээгүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2015.11.23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчийн гал түймрийн аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлыг шалгахад дараах зөрчил дутагдал илэрсэн бөгөөд 12 зөрчлийг нэр зааж албан шаардлага дээр бичсэн байна. Энэ албан шаардлагын 11-т “Барилга байгууламжын галын аюулгүй байдал БНбД 21-01-02 дүрмийн 6.32 дугаар зүйл "шатны хонгилд шатамхай шингэнтэй хийн шугам хоолой болон галын крант, түүний шугам сүлжээний зориулалтаас бусад шүүгээ, мөн шатны талбайн гэрэлтүүлгийн цахилгааны шугамнаас бусад цахилгааны дамжуулах утас, кабель, шүүгээ, төрөл бүрийн зориулалтын өрөө тасалгаа байрлуулах, ачааны цахилгаан шат ба тээшний өргөгчөөс гарц гаргах, мөн шатны тавцан ба гишгүүрийн дээд түвшинөөс 2.2 метр хүртэл өндөрт хананаас цухуйсан тоног төхөөрөмж байрлуулахыг тус тус зөвшөөрөхгүй" гэсэн заалтыг зөрчин "106" тоот талбай эзэмшигч нь 1 давхрын урсдаг шатны доод хонгилд лангуу байрлуулсан гэдгийг тодорхой дурдсан. Энэ албан шаардлагыг бид Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбооноос хүлээн авсан юм. Ингээд энэ талаар СХХК-нд амаар болон бичгээр хандсан боловч хариуцах эзэнгүй болж, бие биерүүгээ чихэж, дорвитой хариу өгөөгүй. Бид цаашид уг талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа бөгөөд СХХК нь уг догодлын талаар тухайн үед бидэнд мэдэгдээгүй, хууль тогтоомжийн дагуу, чанар стандартын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй үйлчилгээний талбайг бидэнд борлуулах ёстой байтал талбайн хэмжээ зөрүүтэй байгаагаас гадна, галын аюулгүй ажиллагааны норм, дүрэм стандартыг зөрчсөн барилгыг барьж ашиглалтандт оруулж, худалдсан нь бидний үйл ажиллагааны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүсээд байна.

Талуудын байгуулсан гэрээний 4.23-т гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд захиалагч гэрээг цуцлахыг хүсвэл үндэслэл бүхий саналаа бичгээр гаргаж 30 хоногийн дотор шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Бид гэрээ цуцлах үндэслэл бүхий хүсэлтээ хүргүүлсэн боловч огт хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй болоод эрхийн зөрчилгүй эд зүйлийг шилжүүлэн өгөх үүргээ ноцтойгоор зөрчсөн гэж үзэж манай тал иргэний хуулийн 254.1 -т зааснаар гэрээг цуцлаж, учирсан хохирол гэрээний үнийн дүн болох 83.760.000 төгрөг, тухайн хугацааны турш бидний хадгаламжаасаа гарган авч төлсөн 83.760.000 төгрөгийн хүү болох 37.692.000 төгрөг, мөн өмгөөллийн хөлс 12.000.000 төгрөг нийт 133.452.000 төгрөгийг хариуцагч СХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2012.12.30-ны өдрийн Худалдаа үйлчилгээний Барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын № 12/12/30 тоот гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэж, 2015.01.22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж өмчлөгчид хүлээлгэн өгсөн болно. Харин талбайн хэмжээ дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт байгаа хэмжилт нь маргаан бүхий талбайг хүлээж авахаас өмнө хийгдсэн байна. Хэрэв гомдолтой байсан бол тухайн үед манайд шаардлагаа гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байна.  Монгол Улсын стандарт МNS 6058:2009 аргачилал нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачилал бөгөөд үйлчилгээний талбай тооцох аргачлал биш юм.

Мөн бид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын гаргасан албан шаардлагыг зөвшөөрөхгүй. Маргаан бүхий барилгыг 2013.07.24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд улсын комиссын актаар уг барилгад ямар нэгэн доголдол, зөрчил илрээгүй. Тэгээд ч албан шаардлага нь СХХК-нд бус Энхтайван өргөө талбай өмчлөгчдын холбоо ТББ-д ирсэн учир манай байгууллага хариуцахгүй. Уг барилгын ашиглалтыг бид Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо ТББ-нд 2015.04.15-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ нь баримтаар харагдана. Тэгээд ч гэрээ цуцлах талаар манайд мэдэгдсэн гээд байгаа албан бичгийг бид хүлээж аваагүй. Манай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б  нар нь хариуцагч СХХК-нд холбогдуулж хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, учирсан хохиролд 133.452.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид маргаан бүхий талбайг бэлэн болсны дараа худалдаж авсан, уг талбай нь м.кв-ын зөрүүтэй, мөн цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь Чингэлтэй дүүргийн онцгой байдлын улсын байцаагчийн албан шаардлагаас тодорхой байгаа бөгөөд, энэ талаар хариуцагч СХХК-нд мэдэгдсэн учир гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд худалдаж авсан талбай м.кв-ын зөрүүтэй байсан бол манай байгууллагад мэдэгдэх ёстой, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын улсын байцаагчийн албан шаардлага манай байгууллагад хамаагүй, улсын комиссын актаар маргаан бүхий барилга ямар нэгэн доголдолгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Д.Б нар нар нь 2012.12.30-ны өдөр СХХК-тай худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах PT оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхрын 108 тоот 10 м.кв /дундын өмчлөлийн талбайн хамт/ талбайг 83.760.000 төгрөгөөр худалдан авахаар хөрөнгө оруулж, хариуцагч СХХК нь барилгыг иж бүрэн, чанар сайтай барьж 2013 оны 02 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, уг гэрээ, төлбөр төлсөн баримтаар тогтоогдов.

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй байх боловч шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээний дагуу хариуцагч СХХК-нд 83.760.000 төгрөгийг төлж, PT оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхрын 108 тоот 10 м.кв талбайг 2015.01.22-ны өдөр хариуцагч СХХК-иас хүлээн авсан, тэрээр 2015.02.05-ны өдөр өмчлөгч болсон үйл баримт зохигчдын гаргасан тайлбар, Ким Кюхваны Хас банкны дансны хуулгууд, гэрээ дүгнэсэн акт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдсон.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан PT ХХК-ийн 2015.04.13-ны өдрийн хүлээлгэн өгөх комисс томилох тухай 15/053 дугаартай тушаал, Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013.07.24-ний өдрийн 01/51/2013 дугаартай акт, түүний хавсралт, Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоонд PT цамхагийн 1-6 давхрын үйлчилгээний төвийг хүлээлгэн өгсөн тухай протокол, сүлжээний тоног төхөөрөмж хүлээлцсэн протокол, гэрэлтүүлэг, бусад цахилгааны тоноглол хүлээлцсэн протокол зэрэг баримтуудаар PT оффис, үйлчилгээний барилгын 1-6 давхрын ашиглалттай холбоотой үйл ажиллагаа нь Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоонд шилжжээ.

 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2015.11.23-ны өдөр PT оффис, үйлчилгээний зориулалттай барилгад Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбооны зохион байгуулагч А.Сг байлцуулан гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийсэн байх бөгөөд тус 281 дугаартай албан шаардлагын 11-т “Барилга байгууламжын галын аюулгүй байдал БНбД 21-01-02 дүрмийн 6.32 дугаар зүйл "шатны хонгилд шатамхай шингэнтэй хийн шугам хоолой болон галын крант, түүний шугам сүлжээний зориулалтаас бусад шүүгээ, мөн шатны талбайн гэрэлтүүлгийн цахилгааны шугамнаас бусад цахилгааны дамжуулах утас, кабель, шүүгээ, төрөл бүрийн зориулалтын өрөө тасалгаа байрлуулах, ачааны цахилгаан шат ба тээшний өргөгчөөс гарц гаргах, мөн шатны тавцан ба гишгүүрийн дээд түвшинөөс 2.2 метр хүртэл өндөрт хананаас цухуйсан тоног төхөөрөмж байрлуулахыг тус тус зөвшөөрөхгүй" гэсэн заалтыг зөрчин 106 тоот талбай эзэмшигч нь 1 давхрын урсдаг шатны доод хонгилд лангуу байрлуулсан талаар дурдаж, уг албан шаардлагыг Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоонд хүргүүлсэн байна.

 

Тиймээс Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2015.11.23-ны өдрийн 281 дугаартай албан шаардлагыг нийт талбай түрээслэгч болон өмчлөгч нарт тарааж, албан шаардлагын дагуу арга хэмжээ авахыг мэдэгдсэн, мөн PT оффис, үйлчилгээний зориулалттай барилгад нэхэмжлэгч нарын талбайгаас өөр цахилгаан шатны доод хонгилд байрласан талбай байхгүй талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, албан шаардлагад дурдсан 106 тоот талбай нь нэхэмжлэгч нарын 108 тоот лангуу болох нь тогтоогдов.

 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2015.11.23-ны өдрийн 281 дугаартай албан бичиг, маргаан бүхий 10 м.кв талбайн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургууд, 1 давхрын байгуулалтын зураг зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын худалдаж авсан 108 тоот талбай анхнаасаа цахилгаан шатны доор байршилтай байсан байх бөгөөд, тухайн талбай нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан зохигчдын гэрээгээр тохирсон зориулалтаар ашиглах боломжгүй, доголдолтой, энэ талаар хариуцагч талаас нэхэмжлэгч нарт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, нэхэмжлэгч талын тавьсан шаардлагын дагуу хариуцагч тал Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар маргаан бүхий цахилгаан шатны доор байршилтай 108 тоот талбайг өөр талбайгаар сольж өгөх боломжгүй гэж татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал маргаан бүхий 10 м.кв талбайг цаашид ашиглах боломжгүй болсон талаар хариуцагч талд 2015.11.30-ны өдөр Кара бюьти ХХК-ийн буюу тус талбайд үйл ажиллагаа явуулж байгаа компанийхаа нэрээр албан бичиг хүргүүлсэн, үүнтэй холбоотойгоор гэрээгээ цуцлах талаар амаар мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, уг албан бичгээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн тул хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч талаас манайд гэрээ цуцлах талаар огт мэдэгдээгүй, улсын комиссын актаар тухайн барилга ямар нэгэн доголдолгүй, тухайн талбай болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан шаардлага манайд хамааралгүй, бид гэрээний дагуу үүргээ биелүүлж талбайг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул хариуцлага хүлээхгүй гэх тайлбар няцаагдав.

 

Тодруулбал PT оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч СХХК нь 2013.07.24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг улсын комиссын актаар маргаан бүхий талбайг доголдолгүй байсан гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий объектдоо цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчийн 2015.11.23-ны өдрийн албан шаардлагыг Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбооноос хүлээн авснаар мэдсэн байх бөгөөд энэ талаарх гомдлын шаардлагыг хариуцагч байгууллагад 2015 оны 11 сард мэдэгдэж байсан, мөн өмнө нь шүүхэд 2016.04.04-ний өдөр хандаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан зэргээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаанд эрхээ хэрэгжүүлжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардаж байх боловч энэ нь хууль зүйн агуулгаараа нэхэмжлэгч нар маргаан бүхий объектыг худалдаж авахад зориулж СХХК-нд төлсөн 83.760.000 төгрөгийг болон бусад зардлыг гэрээг цуцласнаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн, авснаа буцаах хүсэл зоригийн дагуу нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрх, мөн хариуцагч СХХК-нд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч нарт учирсан хохирол, зардлыг төлөх үүрэг тус тус үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн 133.452.000 төгрөгийг маргаан бүхий объектыг худалдаж авахад зориулсан 83.760.000 төгрөг, тухайн мөнгийг хадгаламжиндаа байлгаж байсан бол авах байсан хүү 37.692.000 төгрөг, өмгөөллийн хөлс 12.000.000 төгрөг гэж задлан тайлбарлаж, 2015.12.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэж байх боловч талбай худалдаж авсан 83.760.000 төгрөгөөс бусад хохирол нь Иргэний хуулийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нараас бодитой гарсан зардал болон олох байсан орлого гэж үзэх боломжгүй, энэ талаар баримтгүй, нэхэмжлэгч нар нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлосонгүй.

 

Иймд хариуцагч СХХК-иас баримтаар нотлогдсон 83.760.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б нар нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 49.692.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий 10 м.кв талбайг дутуу, 7.422 м.кв байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад энэ талаар хариуцагч талд мэдэгдээгүй, 7.422 м.кв талбайдаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, тухайн үедээ хариуцагч СХХК-нд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй талаар маргаагүй тул шүүх энэ талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн, харин нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн албан шаардлагын дагуу маргаан бүхий талбайг доголдолтой гэж үзсэн үндэслэлд дээр дурдсанаар дүгнэлт өгсөн болно.

 

Тиймээс талбайн м.кв дутуу гэсэн нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон ТГ ХХК-ийн 2014.12.23-ны өдрийн 112 дугаартай сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, түүний хавсралт, Стандартчилал, хэмжил зүйн газрын 2016.09.08-ны өдрийн 05/788 дугаартай орон сууцны талбайг хэмжих зориулалтаар ашиглах хэмжих хэрэгслийн тухай албан бичиг, шалгалт, тохируулгын гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны 2016.09.05-ны өдрийн 07/2328 дугаартай орон сууцны талбайн хэмжилтийн тухай албан бичиг зэрэг бусад баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч СХХК-иас 83.760.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бнарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 49.692.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Бнараас тэмдэгтийн хураамжид төлсөн 825.210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СХХК-иас 576.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бнарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА